Охин болгон багадаа ээжийнхээ будгаар тоглож өсдөг гэж хэлэхэд үнэнээс тийм ч их зөрөхгүй байх. Багадаа будгаар тоглодог байсан тэдгээр охидын нэг өдгөө сонирхлоо ажил мэргэжил болгон нүүр хувиргагчаар суралцаж байгаа билээ.
Манай энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор КУДС-ийн харъяат Урлаг урлан МСҮТ (Мэргэжил Сургалт Үйлдэрлэлийн Төв)-д кино дэлгэцийн нүүр хувиргалтаар сурдаг Ч. Бөртэ-Үжин уригдлаа.
YOLO: Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
- Нийт уншигч хүүхэд залуусдаа мөн танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Чулуунцэцэгийн Бөртэ-Үжин гэдэг. КУДС-ийн харъяат Урлаг урлан МСҮТ (Мэргэжил Сургалт Үйлдэрлэлийн Төв)-д кино дэлгэцийн нүүр хувиргалтаар суралцдаг.
YOLO: Нүүр хувиргагч мэргэжил make up artist гэх мэргэжлээс яг юугаараа ялгарах вэ?
- Make up гэдэг нь ямарваа нэгэн арга хэмжээ тухайлбал шинэ жилийн үдэшлэг, хурал цуглаан, өдөр тутамд хийгдэж нүүрэн дээр будагддаг.
Нүүр хувиргалт гэдэг нь кино дэлгэц, театрын уран бүтээлд будагддаг мөн баяр ёслол гэвэл бидний сайн мэдэх Халловийний баяраар нүүр хуиргалтыг хийдэг. Мөн орон зайн хувьд ялгаатай. Кинон дээр авч үзвэл үзэгчид түүнийг дэлгэцийн цаанаас харна.
Театрт ч гэсэн бүр тулж хараад байхгүй тайз үзэгчдийн суудал хоёр тодорхой хэмжээний зайгаар тусгаарлагдана. Харин make up-г хэн ч ойроос харах боломжтой.
YOLO: Яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон бэ?
- Би багаасаа л нүүр будах дуртай хүүхэд байсан. Нүүр хувиргагч гэх мэргэжлийг их сонирхож судалдаг байлаа. Тэгсэн нэг өдөр сургууль дээр маань КУДС-ийн харъяат Урлаг урлан МСҮТ-ийн танилцуулга болсон. Уг танилцуулгыг "Энэ бол миний боломж" гэж хүлээн авч сургуульдаа орон суралцаж явна даа. Нүүр хувиргалт гэдэг зүгээр крем, энгэсэгээр будахын нэр биш, Бодит бус хийсвэр зүйлийг төсөөлөн хувиргадаг. Иймээс энэ мэргэжлийг сонгосон.
YOLO: Тайз дэлгэцийн бүтээлийн нүүр хувиргалтын ялгаа юунд оршино вэ?
- Дээр хэлсэнчлэн мөн л орон зайн хувьд ялгаатай. Театрын нүүр будалтын зуралгуудыг үзэгчдэд харагдахаар тод хийдэг. Зарим театрын жүжигчид дэлгэцийн нүүр хувиргалт хийлгэхдээ театрын тод будалт хийлгэсээр байгаад дасчихсан байдаг учраас нүүр хувиргагчдаа "Илүү тод хий харагдахгүй байна" гэж хэлдэг. Дэлгэцийн нүүр хувиргалтын хувьд бол камеран дээр бүх өө сэв тод харагдана. Иймээс маш нягт нямбай нарийн зурлага хийх хэрэгтэй.
YOLO: Кино юм уу өөр ямар нэгэн уран бүтээлийн нүүр хувиргагчаар ажиллаж байсан уу?
- Манай сургуулийн 2,3-р дамжааныхан 1,2-р семистэрийнхээ дүнг дэлгэцийн ажлаар гаргуулдаг. Тухайн үед бусаддаа туслаад "Баба" гэх мэт богино хэмжээний кинонд дэлгэцийн нүүр хувиргалт тодорхой тоогоор хийсэн.
YOLO: Нүүр хувиргалтын үед болдог хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцаач?
- Дэлгэцийн ажил хийгээд талбай дээр зураг авалт хийж байсан юм. Тэгэхэд камераа асаагаагүй зүгээр л бариад явж байхад хүртэл хүмүүс биеэ бариал фозоо аваад камерны урдуур хойгуур өнгөрөөд нэг бодлын инээдтэй байдаг байлаа. Үе үе ирж "Юу хийж байгаа юм? Хошин шог хийгээд байгаа юм уу?" гэж асуугаад л хэхэ /инээв/
YOLO: Нүүр хувиргагчаар сурахын хажуугаар make up хийдэг юм байна. Өсвөр насны охидын нүүр будалтын гол алдаа нь юу байна вэ?
- Нас насанд тохирсон будалт гэж байдаг. Тэгэхэд 14-16 насны охидууд маань будаж эхлэхдээ хэтэрхий зузаан тод будчихдаг. Ингэхээр нэгдүгээрт насны ялгаа гэж байхгүй. 15 настай хүүхэд 20 настай хүн шиг харагддаг. Хоёрдугаарт арьсанд нь тохирдоггүй. Бас охидууд маань шингэсэн энгэсэг /крем/ түрхээд л шууд гарчихдаг. Хүний арьс асар олон сүвтэй байдаг.
Тэгээд шууд гарчихаар тослогтой арьсан дээр гадны тоос шороо ихээр наалдаж нүүрэн дээр батга гардаг. Иймээс шингэсэн энгэсэгнийхээ дээрээс өнгөгүй хуурай энгэсэг түрхэх хэрэгтэй.
YOLO: Хүмүүс make up artist л гээд байхаас биш төдийлөн нүүр хуиргагч хайгаад байдаггүй. Харин сүнсний баяраар нүүр хувиргагчийн эрэлд гардаг. Сүнсний баярт зориулсан будалт хийж байсан уу?
- Сүнсний баяраар богино хэмжээний киноны уралдаан болж 2 гишүүнтэй баг бүрдүүлж 3 модель дээр ажилласан. Тухайн үед би модель дээрээ шарх, сорви, түлэгдэлт хийсан. Сая өөрөө хэллээ. Make up artist л гэхээс биш нүүр хувиргагч гэдэггүй нь үнэн. Гэхдээ нүүр хувиргагч байхгүй бол тэр бүх дүрүүд ч гэж бас байхгүй. Хөгшин хүнийг залуу болгож, залуу хүнийг хөгшрүүлдгээрээ нүүр хувиргагч гэдэг мэргэжил нь ирээдүйг ойртуулж өнгөрсөнг авчирдаг юм болов уу.
YOLO: Олон цаг зарцуулж хийсэн бүтээл чинь хэдхэн цаг амьдардаг нь харамсалтай. Гэхдээ хөлс хүч шингэсэн нүүр будалтаа дараа нь харахад сайхан байдаг байх?
- 5 сард дэлгэцийн ажилд нүүр хуиргагчаар явахдаа дарааллаад олон хүний нүүр будах болсон. Өглөө босоод бүх хүмүүсийнхээ нүүрийг будна. Мэдээж бүгдэнд нь өөр өөр будалт хийнэ. Нэгэнд нь сахал нааж байхад нөгөөд нь шарх сорвитой хүнд будалт хийнэ гэх мэт. Тэгээд л өдөр өнгөрчихнө. Жүжигчид маань шөнөжин будагтайгаа байхгүй нь мэдээж.
Өглөө нүүрийг нь будахдаа өчигдөр хаана зогссон яг тэндээсээ үргэлжлүүлэх ёстой. Өмнөх дүрсээс нь зөрсөн алдаа гаргаж болохгүй.
YOLO: Хамгийн анх хийж байсан нүүр хувиргалтаа эргэн дурсвал?
- Бид нар Оросын "Гримм" гэдэг театрын будгаар нүүр хувиргалтаа хийдэг. Анх энэ будгаа аваад ид шидийг нь үзэх гээд янз бүрийн хөхрөлтийн зураг харж нүдэн дээрээ гаран дээрээ хаа сайгүй хөхрөлт хийж үзэж байсан. Битүү шархаар л нүүр хувиргалтаа эхлүүлж байсан даа.
YOLO: Багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
- Би багын урлагт хайртай хүүхэд байсан. Тиймдээ ч жүжигчин болно гэж боддог байлаа. Бас хөгжмийн дугуйланд явдаг.
Сургуулийнхаа тоглолт арга хэмжээнүүд дээр шанз тоглодог байсан. Үүнээсээ үндэслэж хөгжимчин болно ч гэж боддог байлаа. Эцэст нь нүүр хувиргагч дээрээ тогтсон. Энэ мэргэжлийг сонгоход урлагт хайртай зан чанар маань мөн Яг түүн шиг шоу их нөлөөлсөн.
YOLO: Багадаа ээжийнхээ будгаар их тоглодог байв уу?
- Тоглоно тоглоно тоглолгүй яахав. Уруулын будгаар нь нүүрэн дээрээ янз бүрийн юм зураад л. Тухайн үедээ нүүр дээрээ сараачиж байсан тэдгээр зураасууд нүүр хувиргагч болох эхлэлийг маань тавьж байгааг жаахан хүүхэд мэдээгүй байх л даа.
Өсвөр насандаа ирэхэд ээж маань сонирхлыг минь хүндэлж будаг авч өгдөг болсон. Ээж маань ч гэсэн багадаа нүүр будалт хийх их дуртай байсан ч тэр цаг үед одоогийнх шиг будаг шунх төдийлөн олдоод байхгүй. Тэр зовлонг ойлгодог болохоор ч тэр үү будаг авч өгдөг болсон.
YOLO: Ямар арга барилаар ур чадвараа хөгжүүлдэг вэ?
- Судалгаа их хийдэг. Сургуулиас гадна Youtube багшаасаа их юм сурдаг. Өөрөө аймшгийн кино үзэхээс айдаг хэрнээ аймшгийн кино үзэж нүүр хувиргалтыг нь харна. Ер нь золиос гаргаагүй амжилт гэж үгүй. Яг юунд зориулж юуг золиосолж байгаа нь чухал. Айдаг гэсэн айдсаа хаяж аймшгийн киноноос судалгаа хийдэг болсон. Сүүлдээ айдсаа мартаад "Энэ будалтыг яаж хийсэн юм бол?" гээд шинжээд суучихдаг.
YOLO: Нэг будалтаа хэдий хэрийн хугацаанд хийдэг вэ?
- Хөнгөхөн үрчлээс хийхэд бол 30-40 минут болдог. Гэхдээ нөгөө хүнийхээ нүүрнээс шалтгаална л даа. Хүн болгонд ижилхэн үрчлээс гардаггүй. Тиймээс нөгөө хүндээ ямар будалт яаж хийвэл хөгшин харагдах бол хэмээн будахаасаа их хугацаанд ажиглах үе ч байна.
YOLO: Нүүр хувиргалтандаа ямар хэрэглэгдэхүүн ашигладаг вэ? Жирийн будагнаас өөр олон зүйл хэрэг болдог байх.
- Гримм гээд театрын будаг ашигладаг. Энэ будаг нь гэрэл сайн уудаг, хурдан арилдаггүй тогтоц сайтай. Будагнуудаа хольж байгаад өнгөө гаргаж авдаг. Шарх сорив хийхээр болвол латекс, вакс гэх мэт зүйлс хэрэгтэй. Мөн хиймэл цус сахал ашиглана.
YOLO: Хэрэглэгдэхүүнээ өөрөө хийдэг үү? Худалдаж авдаг уу?
- Нүүр хувиргагч биш жирийн make up artist хүн киноны будалт хийлээ гэхэд өөрт нь сахал байхгүйгээс тэр кино тэр чигтээ эргэх тохиолдол байдаг. Мэдээж тэр дүр нь сахалтай дүр байж таарвал шүү дээ. Миний хувьд сахал, хиймэл үсээ өөрөө нэхдэг.
YOLO: Сахал нэхнэ гэхээр их сонин сонсогдож байна. Ороолт малгай нэхнэ гэж сонссоноос сахал нэхнэ гэж сонсож байсангүй. Яг яаж нэхдэг вэ?
- Хүний толгойны бүтцийн дагуу бэлдсэн модон эрүү толгой гэж байдаг. Түүнийгээ ашиглаж сахлаа нэхдэг. Сарлагийн саваг юм уу хүний үсийг нэг нэг ширхэгээр нь нарийхан дэгээ зүүгээр нэхдэг байгаа.
Манж сахлыг нэг өдрийн дотор нэхээд дуусчихдаг. Томоохон театруудад сахал үс нэхдэг машин гэж бий. Харин бид нар дөнгөж сурч байгаа болохоор модон эрүү толгой зүүгээрээ л нэхдэг. Гэхдээ надад модон эрүү толгой нь байдаггүй учраас гарын доорх материалаа ашиглаад ундааны саван дээр нэхдэг.
YOLO: 10 жилийн дараах Ч. Бөртэ-Үжинг төсөөлвөл?
- 10 жил гэдэг бодоход их цаг хугацаа хэрнээ юм хийгээд байвал бага цаг хугацаа. 10 жилийн дараа Монголдоо төдийгүй дэлхийд нэрд гарсан нүүр хувиргагч болсон байна. Хүн алсыг харж томоор мөрөөдөх хэрэгтэй. Магадгүй 10 жилийн дараа "Монголын нүүр хувиргагч Ч. Бөртэ-Үжин Оскарын наадам, KAN-ы наадмаас шилдэг нүүр хувиргагч шагналыг хүртлээ" гэж шуугих ч юм билүү хэн мэдлээ.
YOLO: Бидний ярилцлага энд хүрээд дуусаж байна. Ярилцлагын төгсгөлд өсвөр үеийнхэндээ хандаж үг хэлэхгүй юу?
- Мэргэжлийнхээ боол нь биш мэргэжлийнхээ эзэн нь байгаарай. Хэн ч юу ч гэж байсан дуртай ажлаа хий. Хэрвээ чи дуртай мэргэжлээ сонговол үлдсэн амьдралынхаа туршид ажил биш харин дуртай зүйлээ хийх болно. Тэгээд битгий шантраарай, битгий няцаарай амжилт хүсье. Мөн энэ дашрамд олон зүйлийг зааж сургадаг багш нартаа найзууддаа гэр бүлийнхэндээ, нүүр хувиргалтын салбарт 30 гаруй бараг 40 жил ажиллаж байгаа ачит багш Д.Дагирмаа багшдаа талархаж явдгаа илэрхийлье.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх