С.Алтанцэцэг: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүүхдүүд хамгийн ихээр ХОХИРДОГ


YOLO.mn | YOLO.MN
2021-09-28

Өнгөрсөн 8-р сард “Өсвөрийн парламент” хөтөлбөр зарлагдсан бол өнөөдөр оролцогчдоо тодруулжээ. Монгол орны өнцөг булан бүрээс тус хөтөлбөрт оролцохоор 1000 орчим сурагчид бүртгүүлснээс УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл ин Нийд /People in Need ОУБ/ зэрэг байгууллагууд үнэлгээ өгч 76 сурагчийг сонгон шалгаруулсан байна. Мөн Хүүхдийн оролцооны томоохон байгууллагуудаас/ Скаут, Улаан Загалмай, Хүүхдийн Холбоо г.м/ 14 сурагчийг урилгаар оролцуулахаар бүртгэж, нийт 90 сурагчийн нэрс тодорчээ.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид хууль эрх зүй, иргэний боловсролын мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна байгаль орчноо хайрлах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхдүүд юу хийж чадах талаар нөлөөллийн ажлууд амьдарч буй газар, нутагтаа хийх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж буй Өсвөрийн парламент хөтөлбөр ийнхүү хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан бид НҮБ-ын Хүүхдийн Сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлагч С.Алтанцэцэгтэй ярилцлаа.

YOLOӨсвөр насныхан, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой Өсвөрийн парламент хөтөлбөрийг УИХ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж байгаа. Яагаад энэ хөтөлбөрийг онцлон дэмжиж ажиллах болов ?

- НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсад хүүхэд бүрийг эрх, сайн сайхан байдлыг хангах хамгаалахын төлөө ажилладаг. Тэр дундаа хүүхдийн оролцох эрхийг дэмжих, өөрсөдтэй нь хамаатай аливаа бодлого шийдвэрт дуу хоолойг нь хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.

Бид Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, бусад түнш байгууллагуудтай хамтран “Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудад мэдлэг олгох, мэдээлэл түгээх, тэдний агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Үүний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол Монголын скаутын холбоотой хамтран хэрэгжүүлдэг Youth for climate change and clean air network-YOUCCAN (Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын сүлжээ) санаачилга юм. Энэ санаачилгад орон нутгийн 14 байгууллага нэгдэж, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр дамжуулан 60 гаруй мянган хүүхдэд хүрч ажилласан.

Энэ ажлын явцад бидний олж харсан нэг зүйл бол бид мэдээлэл, мэдлэг түгээгээд, хүүхэд бүрд хүрч ажиллах гэж чармайн, тэдний нийгэмд хийж байгаа сайн үйлсийг дэмжиж байгаа маань зөв ажил, сайн эхлэл, гэхдээ илүү үр дүнд хүрье гэвэл бодлого, хууль боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад хүүхэд, залуучуудын үг, дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт юм.

Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн алхам хэрэгтэй, юуны өмнө тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдэнд хамааралтай мэдлэг мэдээллээр хангах, мөн хажуугаар тэдэнд оролцох орчин нөхцөл, боломжийг бүрдүүлж, хүүхдүүдэд илүү хүртээмжтэй, хялбар болгох хэрэгтэй юм. Харин байдал ямар байна вэ гэхээр хүүхдүүд байгаль орчин, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гээд тэдний хөгжил, эрүүл мэнд, эсэн мэнд амьдрахуйд хамгийн их нөлөөлж байгаа асуудлаар боловсрох, ган, зуд, үер усны аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, даван туулах чадвар эзэмших хэрэгтэй ч гэсэн энэ бүхнийг сургууль, хичээл дээр тэр бүр заагаад байдаггүй, цахим орчинд Монгол хэл дээр мэдээлэл хомс, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бага ярьдаг, дамжуулдаг, бас хүүхэд ойлгоход амаргүй хэл, үг хэрэглэн бичсэн байдаг гэх мэт асуудлууд байгаа юм.

Дэлхийн улс орнуудад хүүхэд, залуусын оролцоог хангах зорилго бүхий платформ, бүтэц янз бүрийн байдлаар хөгжиж байгаа. Үүний нэг хэлбэр нь Өсвөрийн парламент юм.

Тэгэхээр Өсвөрийн Парламент санаачилга нь бидний хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл, нэг хэсэг юм. Бид санаачилгыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Парламентын судалгааны хүрээлэн, People in Need Олон улсын ТББ, Монголын Скаутын Холбоотой хамтран хэрэгжүүлж байна, энэ утгаараа одоо хийж байгаа ажлаа илүү олон талын оролцоотой, далайцтай явуулж эхэлж байна, энэ ажлаас гарах үр дүн, туршлага, сургамж олон улсын хэмжээнд сайн туршлага болон түгэх байхаа гэж бодож байна.

Ер нь дэлхийн улс орнуудад хүүхэд, залуусын оролцоог хангах зорилго бүхий платформ, бүтэц янз бүрийн байдлаар хөгжиж байгаа, үүний нэг хэлбэр нь Өсвөрийн парламент байгаа юм. Саяхан Дэлхийг өөрчилж байгаа өсвөр үеийнхэн гэсэн нийтлэл peak.mn сайт дээр гарсан байсан. Энэ нийтлэлд жишээ нь Европын өсвөрийн парламент санаачилга 40 гаруй орнуудад хэрэгждэг тухай, охидын ариун цэврийн хэрэгслийг сургуульд үнэгүй тараадаг шийдвэрийг гаргуулж чадсан хүүхдийн тэмцэл, үйлдлийн тухай, 17 настай Амика Жорж охин шилдэг өөрчлөлт авчрагч 100 хүний жагсаалтад орсон тухай, The Earth Guardian гэдэг байгаль хамгаалах клубын дарга залуу лидер, түүний “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг үл тоомсорлож, нүүрс ашиглаж байгаа нь амьд явах, эрх чөлөө, эд хөрөнгө эзэмших эрхийг боогдуулж байна” гэсэн мэдэгдэл гээд сэтгэл хөдөлгөм олон жишээ, түүхүүдийн талаар бичсэн байсан.


YOLOХөтөлбөрийн хүрээнд явагдах цахим хичээлийн нэг агуулга нь “Уур амьсгалын өөрчлөлт “ гэсэн сэдэв байна. Оролцогч сурагчдад уур амьсгалын өөрчлөлт сэдвээр мэдлэг мэдээлэл олгох нь яагаад чухал гэж үзэж байгаа вэ?

- НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэд хэдэн чухал тоо баримт, нотолгоог гаргаж тавьсан юм. Тайланд 240 сая гаруй хүүхэд далайн эргийн үерт өртдөг, 330 сая хүүхэд голын усны үерт өртөх эрсдэлд амьдарч байгаа, 400 сая хүүхэд хар шуурга, салхинд өртөж байгаа бол 820 сая хүүхэд хэт халуунд, 920 сая хүүхэд усны хомстолд их өртөж байна, 815 сая хүүхэд хар тугалганы бохирдолд маш их өртдөг, харин 1 тэрбум хүүхэд агаарын бохирдолд маш их өртөж байгаа хэмээн тооцоолсон байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хөгжил, эсэн мэнд оршихуй, ирээдүйн чадавх, бүтээмж гээд олон зүйлд нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, эрүүл мэнд, боловсрол, хөгжлөөрөө хохирдог гэдгийг олон улсын судалгаа нотолсон.

Монголын жишээн дээр ярихад манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь мөнх цэвдэгтэй байсан бол энэ хувь хэмжээ 40 гаруй хувиар буурсан, үүний улмаас усны түвшин буурч, усны нөөц багасаж байна, энэ нь эргээд мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, хүн амын ундны ус гээд олон зүйлд нөлөөлнө. Бас та бүхэн Монголын шар шороон шуурга Япон, Хятад, Солонгос улс хүрдэг гэж сонссон байх,э нэ бас л уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Манай оронд сүүлийн жилүүдэд гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байна. Монголд жишээ нь зуд турхан, үер ус жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнээс болж хүүхдүүд сургуулиас завсардах, хоол тэжээлийн дутагдалд орох, вакциндаа хамрагдаж чадахгүй болох, эрүүл мэндээрээ хохирох, сэтгэл санааны гутралд орох зэргээр олон сөрөг нөлөөнд өртөж болно.

Үүнээс гадна хүрээлэн байгаа орчны агаарын бохирдол, доторх орчны агаарын бохирдол, барилга, барилгын материал, үйлдвэрлэлээс гарч байгаа ялгарал, хог хаягдал, агаарт ялгарч байгаа хортой бодисууд нь бид бүхний, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчлөл, цаг бусын үхэлд ч хүргэж болзошгүй эрсдэл байна.

Энэ төсөл маань хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдлэг, мэдээлэл түгээж, тэдэнд өөртэй нь холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож, олж авсан мэдлэг мэдээллээ үе тэнгийнхэндээ түгээн, орон нутагтаа нөлөөллийн ажил хийж, үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, нөлөөг даван гарах чадавхтай болоход дэмжлэг болно гэж бодож байна.

Үүний үр дүнд хүүхэд, өсвөр үеийнхнийг байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй иргэн болж төлөвшихөд нөлөөлж, нийгмийн хөгжилд тус нэмэр болох болов уу гэж харж байна. Нөгөө талаас, шийдвэр гаргагчид хүүхдийн үг, тэдний гаргаж байгаа саналыг сонсож, хүндэтгэн хүлээн авч, дэмжих тал дээр хүчин чармайлт гаргаж, бодлого, төсөв, хөрөнгө хуваарилахдаа тусгах байхаа гэж найдаж байна.


YOLOТаны хувьд энэхүү хөтөлбөрийн хүрэх үр дүнг хэрхэн харж байна вэ? Ер нь хүүхдүүдийн оролцоо, тэдний хэлэх үг томчууд, шийдвэр гаргагчдад хэрхэн нөлөөлж чадах бол ?

- Хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хамгийн ихээр, урт хугацаанд амсана, гэвч энэ хариуцлага, үүргийг хүүхдүүд биш, томчуул бид өнөө болон хойч үеийнхнийхээ өмнө хүлээх ёстой, тийм ч учраас бид тэдний юу бодож, хүсэж байгаа, юуг өөрчилмөөр байгааг сонсож, хариу арга хэмжээ авах үүрэгтэй юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хөдөө орон нутагт шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог хангах хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд хүүхдийн төлөө олон сайхан ажлыг орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлж ирсэн туршлага бий. Үүний нэгэн адил Өсвөрийн парламент ч мөн хүүхэд залуучуудын дуу хоолойг хүргэх индэр болж, төр засгийн шийдвэрийг хүүхдэд ээлтэй болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Юун түрүүн энэ төсөл хүүхдийн уур амьсгал, байгаль орчны боловсрол, ногоон амьдралын ур чадвар олгоход нөлөөлнө. Хүүхдийн үгийг үнэхээр сонсож хүлээж авбал хэд хэдэн сайн шийдвэр гарна гэж бодож байна. Нийтээрээ, хүүхэд бүр аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх, энэ эрхийг хангасан арга хэмжээг төлөвлөж, төсөв мөнгө, хөрөнгө хуваарилж, хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдол, хорт болон аюултай бодист хүүхэд өртөж байгаа явдлыг дуусгавар болгоход хэрэгтэй шийдвэрт нөлөөлөх болов уу гэж хүлээж байна.

Жишээ нь ус, ариун цэврийн болон эрүүл ахуйн байгууламжийг сайжруулж, сургуулийн гадаах жорлон, сургууль, цэцэрлэгийн дулааныг хангадаг нүүрсээр ажилладаг уурын зуухыг хот, хөдөөгүй халж, байгальд ээлтэй технологи, шийдлийг бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг хуваарилах, нэмэгдүүлэхэд нөлөөлөх байхаа.

Хүүхэд, залуучуудын төлөөлөл маань олон улсын хэмжээнд болдог уур амьсгалын хурал, зөвлөгөөнд оролцож, түүнээс гарах шийдвэрт нөлөөлж, COP26 талуудын бага хуралд оролцоно гэж итгэж байна.

Хүүхдүүд COVID-19 цар тахал тэдний ямар их хүсэл мөрөөдлийг байхгүй болгосон талаар эсээ, бичлэгтээ бичсэн байсан. Тэгэхээр хүүхдийн оролцоо COVID 19 цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг илүү ногоон, нүүрстөрөгч багатай байхад нөлөөлөх, цаашид цар тахал гарахаас сэргийлэх алхмуудыг хийхэд нөлөөлөх байхаа.

Нэмж хэлэхэд, уур амьсгалын хямрал бол хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал гэдгийг олон нийт илүү сайн ойлгож, хүлээн зөвшөөрч, үүний үр дүнд магадгүй Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 25 дугаар чуулганы /COP 25/ үеэр гаргасан “Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын үйлдэл” тунхаг бичигт нэгдэх шийдвэр гаргаж болох юм.

Эцсийн эцэст бидний хийж байгаа үйлдэл, амьдралын хэв маяг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, бохирдолд нөлөөлсөн, бидэнд үүнийгээ засч залруулах үүрэг, хариуцлага ногдож байна. Бас тэгээд аав ээжүүд бид хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, тэдний сайн сайхан ирээдүйн төлөө амьдарч явдаг шүү дээ. Тиймээс хичээх л хэрэгтэй.


YOLOӨсвөрийн парламентын гишүүн 21 аймаг, 9 дүүргийн сурагчдын төлөөлөл болсон өсвөр насны сурагчид өөрийн нутаг орон, оршин суугаа газартаа байгаль орчноо хамгаалах хайрлах талаар дуу хоолойгоо хүргэж, нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

- Бид саяхан Өсвөрийн парламентад оролцох хүүхдүүдээ шалгаруулсан юм. 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 1000 орчим хүүхдүүд материалаа ирүүлснийг дуулгахад таатай байна. Хүүхдүүд өөрсдийнхөө тухай, санаа зовдог асуудал, бас хийж байгаа сайн дурын ажлынхаа талаар бичжээ. Жишээ нь тэд сургууль, нийгэмд байгаа ялгаварлан гадуурхах байдал, бие биенээ дээрэлхэх хандлага, гэр бүл дэх хүчирхийлэл, архидалт, эсхүл амьдарч байгаа орчны хог хаягдал, сургуулийн хажууд байгаа уурын зуухнаас гарч байгаа үнс, нурам агаарт хийсэж, хажуугаар нь өнгөрөхийн аргагүй тоос, үнс, хог бужигнадагт санаа зовдгоо бичсэн байна. Бас аав ээжтэйгээ амралтаараа очдог байсан байгалийн үзэсгэлэнт газар, хөдөөгийн амар амгалан байдал алдагдах вий гэж эмзэглэдэг тухайгаа, сэтгэл хөдөлгөм сайхан ажлыг ангиараа, багш нартайгаа хамтран хийдгээ, энэ нь тэдэнд мартагдашгүй дурсамж болон үлддэг талаар бичжээ.

Хүүхдүүдийн бичсэн зүйлсийг уншиж, үзэж байхдаа бидний үйлдэл, гэр бүлийн амьдралын хэм маяг, тогтвортой байдал, амьдарч, өсөж байгаа орчин, сурч, хүмүүжиж байгаа сургуулийн нөхцөл, бидний гаргасан шийдвэр тэдэнд ямар их нөлөө үзүүлдэг, ямар их тэднийг хөгжөөж, урамшуулдаг, бас сэтгэлээр унах, урам хугарах шалтгаан болдог юм бэ гэж бодож байсан. Бас, хүүхдүүд хүний эрх, уур амьсгалын өөрчлөлтийн талаар юу мэддэгийг олж харсны зэрэгцээ тэдэнд маань мэдээлэл олж авахад хэцүү байсан болов уу, ямар ур чадвар дутаж байна вэ гэж эргэцүүлэн бодсон.

Төслийн хүрээнд мэдээж мэдлэг, мэдээлэл дамжуулна. Гэхдээ хамгийн гол зүйл бол хүүхдүүд сайн дурын 10 багш, оюутан залуусын дэмжлэгтэйгээр ментор хөтөлбөрт хамрагдаж, бүлэг болон хуваагдаж тодорхой нөлөөллийн ажлын санал гаргаж, түүнийгээ хамтдаа, орон нутагтаа хэрэгжүүлнэ. Бид яг ийм ажил та нар хийгээрэй гэж хэлж заахгүй, энэ бол хүүхдийн өөрийн санаа, санаачилга байж, бид хийж чадах юм байна, засаж залруулах арга зам байна, бид зөв олж харжээ, зөв шийдэл олсон байна шүү дээ гэж хийсэн ажлаасаа урам зориг аваасай, сурсан мэдсэнээ, хийснээ дэлгэрүүлээсэй гэж бодож байгаа юм. Мөн, хүүхдүүд юуг шийдүүлмээр байгаа талаараа УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид болон нийгэмд нөлөөтэй хүмүүстэй санал бодлоо чөлөөтэй, нээлттэй ярилцах боломжтой байх болно. Хүүхдүүдийн тавьж байгаа нэг асуудлыг ч гэсэн хамтдаа шийдээд өгчих юмсан гэж л бодож байна даа.

#Ярилцлага #Өсвөрийн парламент