Э.Түвшинтөр: Дэвтэрт уран зураг хэвлэх нь хүүхдийн урлагийн, гоо зүйн ойлголтод ч ашиг тустай


Б.Дариа | YOLO.MN
2022-08-17

Бусдыг танихаас илүү өөрийгөө таньж мэдэх хэцүү. Хийхийг хүссэн зүйлтэй, хийж чаддаг чадвартай байх сайхан. Түүнийгээ ажил мэргэжлээ болговол түүнээс илүү жаргал үгүй байх. Yolo.mn энэ удаа хосгүй авьяас, хийх хүсэл эрмэлзлээр уран бүтээл туурвиж яваа залуу артист Э.Түвшинтөртэй ярилцлаа. 


- Сайн байна уу? Намайг Э.Түвшинтөр  tuvshu_illustration гэдэг. 2011 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Монгол зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөн. 

YOLOӨнөөдөр өөрийн тань бүтээлээ туурвин зурдаг урланд ярилцаж байгаа учраас таны бүтээн туурвих дадал зуршил, нэг өдрийн тухай ярьж эхэлье?

- Өглөө хамгийн түрүүнд нохойгоо цэцэрлэгт хүрээлэнд салхилуулна. Буцаж ирээд цэцгүүдээ усална, кофегоо уугаад ажилдаа төвлөрч зурж эхлэдэг дээ. Өглөө 9-12 цаг хүртэл ямар ч дуудлага хүлээж авахгүй, бүх анхаарлаа зурахдаа төвлөрүүлж нам суудаг. Харин цайны цагийн дараа утсаа нээж хүмүүстэй холбоо тогтоож эхэлнэ. Өглөө бол миний хамгийн үр бүтээмжтэй цаг. Харин оройн цагийг гэрийнхэндээ, өөртөө зарцуулдаг даа.

 

YOLOIllustration art гэх чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна?

- 2016 онд анх энэ чиглэлээр үзэсгэлэн гаргасан. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна даа.

YOLOАжлын тань хамгийн сайхан мэдрэмж өгдөг хэсэг нь?

- Ер нь бүх зүйл нь гоё. Яг одоо хийж буй ажил минь миний хийх дуртай зүйл. Бас зурж дуусаад бүтээлээ хүмүүст хүргэх, үзүүлэхэд их сайхан санагддаг. Түүнээс гадна захиалгаар зурж өөртөө орлого бий болгох нь ч сайхан. Би нийгмийн үзэгдэл, үйл явцаас илүү өөрийнхөө дурсамж, мэдрэмжийг зурагт буулгах дуртай. 

 

YOLOТаны зургуудаас уламжлал, Монгол ахуй зэргийг харж болох юм билээ. Та тэдгээр дүрүүдийн санал, сэдлийг хаанаас олж авдаг вэ?

- Би бага насныхаа мэдрэмж, зураглалыг буулгахыг хичээдэг. Хөдөө өссөн болохоор ч тэр үү “Би Монгол хүн” гэх омогшил байдаг юм. Ингээд дүрүүд дээрээ судалгаа хийнэ, энэ чиглэлийн мастер зураач нарын бүтээлийг, үндэсний онцлогтой фото зургийг их сонирхоно.

YOLOМонгол зургийн ангийг төгссөн юм билээ. Яагаад illustration art чиглэлээр ажиллах болсон бэ? 

- Монгол зураг, illustration хоёр хоорондоо их төстэй. Ажиллагааны хувьд ч адилхан. Монгол зургийн ангийг жилдээ арав гаруй оюутан төгсдөг. Тэд монгол зургийг маш өндөр түвшинд зурж, хөгжүүлж байгаа. Миний хувийн ур чадвар бол нэг дүр дээр ажиллахдаа илүү сайн. Тэр минь надад ч таалагдаг.

- Ингээд нэг удаа character design гаргах ажил авсан юм л даа. Тухайн ажлаа хийж байх явцдаа “Өө, энэ яг би юм байна” гээд өөрийн зурахыг хүссэн зүйлээ олж мэдсэн. Түүнээс хойш судлаад, хөгжүүлээд улам ахихаар хичээн ажиллаж байна. 

 

YOLOСүүлийн үед Улаанбаатар принт ХХК-тай хамтран ажиллаж байгаа гэж сонссон. Ажиллахад ямар санагдаж байна вэ?

- Улаанбаатар принт ХХК бол дотоодын дэвтэрний нөөцийн 90 хувийг хангадаг томоохон үндэсний үйлдвэрлэл бүтээгч. Ямар ч уран бүтээлч хүн бүтээлээ олон хүнд хүрээсэй гэж л хүсдэг. Үзэсгэлэн гаргахад маш цөөхөн хүн үздэг. Харин 21 аймагт миний зурсан зурагтай дэвтэр дээр хүүхдүүд хичээл хийнэ гэж бодохоор надад сайхан санагдаж байна. Дэвтэрт уран бүтээл хэвлэнэ гэдэг нөгөө талаасаа хүүхдийн урлагийн, гоо зүйн ойлголтод ч ашиг тустай. 

YOLOАнх ажлын санал авахад ямар санагдаж байсан бэ?

- Би бага байхдаа зурагтай дэвтэр дээр хичээлээ хийх дуртай байсан болохоор ч тэр үү, миний зурсан зурагтай дэвтэр дээр хүүхдүүд хичээлээ хийнэ гэж бодохоор сайхан санагдаж, уриалгахан хүлээж авсан. 

YOLOТаны хувьд артист, оюуны өмч бүтээгч хүн. Орчин цагт хүмүүсийн оюуны өмчийн тухай ойлголт хэр байна?

- Сүүлийн үед харьцангүй сайжирсан юм шиг ээ. Эхэн үедээ миний зурсан зургууд утасны кэйсээс авахуулаад хаа сайгүй харагддаг байлаа. Тэр чинь нэг ёсондоо бүтээлийг минь хулгайлж байна гэсэн үг шүү дээ. Одоо харин ном журмаар нь, албан ёсны зөвшөөрөл авч баялаг бүтээдэг болсон байна. Энэ нь нөгөө талаараа залуу уран бүтээлчдэд дараагийнхаа бүтээлийг хийх урам зориг болж байгаа юм. Зураач нар ч бас өөрийн зурсан зураг, оюуны өмчөө хамгаалж, дээдлэх хэрэгтэй байх.

 

YOLOЗалуу уран бүтээлчдийг байгууллагууд хэр дэмжиж байна?

- Улаанбаатар принт ХХК-ийн дэвтэрний ажилд надаас гадна нэлээн олон залуу уран бүтээлчид хамтарсан. Үүнээс эхлээд л байгууллагууд залуу артистуудыг сайн дэмждэг болсон гэж бодож байна. 

YOLOХүсэл мөрөөдлөө хайж, эрэлхийлж буй хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ?

- Маш олон зүйл туршиж үзээрэй гэж хэлмээр байна. Өөрийгөө олох аялалд яаран гараарай. Зөвхөн зураг ч биш аль ч салбарт нэг л зүйлээ хийх биш яг чиний мэдрэмж, үйлдэлтэй таарч тохирох зүйлийг сонгож барьж аваад түүнийгээ гүнзгийрүүлэн хөгжүүлээрэй. Гэхдээ хүн бүр тийм ч эрт өөрийн хийхийг хүссэн зүйлийг олж чаддаггүй. Маш ховор байх л даа. Гэсэн ч үргэлжлүүлсээр байгаарай.

YOLOЯрилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

 

 

#Ярилцлага