Гадаадын их дээд сургуулийн танилцуулга: University of California, Berkeley


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-05-23

University of California, Berkeley буюу UC Berkeley нь Америкийн төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг мөн. Анх 1868 онд Калифорни мужийн Беркли хотод байгуулагдсан бөгөөд АНУ-ын баруун эргийн хамгийн анхны улсын сургууль юм. 

Тус сургууль нь тухайн үеийн Калифорнийн мужийн иргэдийн дунд "Боловсрол зөвхөн баячуудад бус нийт ард түмэнд нээлттэй байх ёстой" гэх эрмэлзлээс төрсөн санаачилга аж. Мөн үүгээр ч төгсөхгүй иргэний эрхийн хөдөлгөөн, жендерийн эрх тэгш байдал, байгаль орчны хамгаалал зэрэг олон нийгмийн чухал хөдөлгөөнүүд тус кампусаас эхэлж байжээ.

Times Higher Education-ны World University Rankings болох дэлхийн шилдэг их сургуулийн 2025 оны жагсаалтад 8-д бичигджээ. Өргөдөл илгээгчдийн зөвхөн 12% нь тэнцдэг маш өрсөлдөөнтэй сургууль юм. Жил бүрийн 11 сарын 30 хүртэл өргөдлийн материал хүлээж авдаг.

UC Berkeley чансаа:

  • #2 Хамгийн сайн улсын сургууль
  • #3 Хамгийн сайн архитектурын програм
  • #12 Америк дахь хамгийн том сургууль
  • #14 Хамгийн сайн байгаль орчны шинжлэх ухааны програм
  • #14 Хамгийн сайн эдийн засгийн програм
  • #14 Хамгийн сайн физикийн програм
  • #15 Бизнесээр хамгийн сайн сургууль

UC Berkeley нь одоогийн байдлаар бакалаврын 33,405 түүнээс дээш зэрэгт суралцаж буй 12,723 оюутантай. Үүний 16.2% ийг 100 гаруй улсаас ирсэн гадаад оюутнууд бүрдүүлдэг аж. Том сургууль учир оюутан болон професорын харьцах харьцаа нь 20:1 байдаг. Ангиудынх нь 70% нь 30-аас доош сурагчийн дүүргэлттэй. 

400 гаруй мэргэжлээс сонгож суралцах боломжтой бөгөөд кампус дээрээ оюутнуудад зориулсан 1400 гаруй оролцооны байгууллага болон клубуудтэй. Үүнд сайн дурын байгууллагууд, код бичих клубууд, бизнес, энтрепренершип нийгэмлэгүүд, кино, театр, хөгжим зэрэг урлагийн клубууд болон кпоп, анимэ, хэл соёлын зэрэг сонирхолтой клубууд ч байдаг. Сурагчдынх нь 90 гаруй хувь нь ядаж нэг клубт байдаг.

Үүнээс гадна тус сургууль нь Оксфорд, Кембриж, Токиогийн их сургууль гэх мэт дэлхийн топ их сургуулиудтай оюутан солилцоо, судалгааг явуулахад хамтарч ажилладаг. Оюутнууддаа суралцах хугацаандаа гэрээтэй 100 гаруй орны их сургуулиудад суралцах боломжийг олгодог.

UC Berkeley нь технологи, шинжлэх ухаан, соёл урлагын төв болсон Сан-Франциско бүсэд байрладаг. Энэ бүсэд Google, Apple, Meta, Tesla, NVIDIA зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын төвүүд байрладаг тул оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байр олох боломж өндөр байдаг. Мөн сургууль нь оюутнуудаа дадлагажих, туршлага хуримтлуулах чиглэлээр ч сайн дэмждэг.

UC Berkeley-ийн 470,000 гаруй төгсөгч нь дэлхийн бүх өнцөг булан бүрт тархан ажиллаж, амьдарч байгаа. Жил бүр ноблийн шагналтнууд болон Америкийн төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн олон алдартнуудыг төрүүлдэг. Тухайлбал Apple компанийг хамтран үүсгэн байгуулагч Steve Wozniak, Adobe компанийн гүйцэтгэх захирал Shantanu Narayen мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Robert McNamara зэрэг дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагчид энэ сургуулийг төгссөн байдаг.

Урлаг, спортын салбарт ч UC Berkeley-ийн төгсөгчид дэлхийд танигдсан байдгаас "Star Trek", "Wonder Woman" зэрэг алдартай кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Chris Pine, олимпын алтан медальт, дэлхийн аварга хөлбөмбөгчин Alex Morgan, мөн Academy Award буюу "Оскар"-ын шагнал хүртсэн жүжигчин Gregory Peck нар UC Berkeley-ийн төгсөгчид юм.

Сургалтын төлбөр нь жилийн 50,808 ам.доллар. Харин байр болон бусад хэрэгцээт нэмэлт зардал нь 18,000 ам.доллар болдог. Их сургууль нь хүртээмжтэй байхыг эрмэлзэж, санхүүгийн найдвартай тусламж, зохих оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгодог. Гадаад оюутнуудад өгөх тэтгэлгийн хэмжээ нь хувийн хэвшлийн сургуулиудтай харьцуулахад бага ч хэд хэдэн тэтгэлгийн боломжууд байдаг.

UC Berkeley нь оюутнуудыг зүгээр нэг хичээлд сууж мэдлэг авах биш, өөрсдөө шинэ зүйлийг нээж, бүтээж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чадвартай хүн болгон төлөвшүүлдгээрээ алдартай. Тус сургуулийн судалгааны төвүүд, лабораториуд, төрөл бүрийн тэтгэлэг, дадлагын хөтөлбөрүүдийн ачаар олон оюутан аль бакалаврын түвшнээсээ л эхлэн судалгаанд оролцох, шинэ санаагаа хэрэгжүүлэх, олон улсын хурал семинарт оролцож өсөж хөгжих боломжтой байдаг.

#University of California