Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: ЭЕШ-д муу оноо авч...
Сайн байна уу? Би 12-р ангид суралцдаг. Би өмнө нь зөвхөн хичээлээ л хийдэг, хичээл л байвал шөнө хэд хүртэл ч хамаагүй суугаад хийдэг хүүхэд байсан. Тийм идэвхтэй шаргуу байсан болоод ч тэр үү өөрийгөө их л мундаг сайн сурагч гэж боддог байлаа.
Харин 10-р ангиасаа өөр сургуульд шилжиж ирээд өөрийгөө өөр өнцгөөс нь харж, бусадтай харьцуулж, өөртөө гутрах нь их болсон. Өмнө нь хичээлээ л хийдэг байсан болохоор урлаг болон спортын алийг нь ч нээх хөгжүүлээгүй. Бие хаа, царай зүс, ааш зан ч сайхан биш гээд л ямар нэг тэмцээн уралдаан болохоор би л ямар ч авьяас чадваргүй, арчаагүй гээд л шарандаа уйлах шахна. Бусадтай харилцахдаа ч нээлттэй биш.
Иймэрхүү бодлууд маш их эргэлддэг болоод ч тэр үү хичээлдээ анхаарах нь багасч дүн маань улам л муу болоод байгаа. Өөртөө итгэх итгэл бараг байхгүй болж байна. ЭЕШ болоход гуравхан сар үлдээд байхад надад хийж байгаа юм юу ч алга. Үеийнхэн маань хичээлээ сайн хийгээд л байж байхад би юу ч хийхгүй байж байгаад ЭЕШ-д муу оноо авч аав ээж, надад итгэж найддаг хүмүүсийнхээ урмыг нь хугалах вий гэхээс айж байна. Хичээл хийнэ гээд л утас оролдож кино үзсээр байгаад таарна.
1. Хэрхэн яаж өөртөө итгэлтэй болох вэ?
2. ЭЕШ-д яаж сайн бэлдэх вэ?
3. Өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: 24 цагийг тасралтгүй үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэг хэцүү
Сайн уу? Захиа илгээсэнд баярлалаа. Бидэнд хандсан асуултуудад нь чиглэл өгье.
1. Хэрхэн яаж өөртөө итгэлтэй болох вэ?
2. ЭЕШ-д яаж сайн бэлдэх вэ?
3. Өдрийг яаж үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ?
Зорьсондоо хүрч чадна гэдэгт нь итгэлтэй байна. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
АСУУДАЛ: Тэр багш олон хүүхдүүдийн хажууд хүний мууг үзэх гээд...
Сайн байна уу? Хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч хийж чадаагүйдээ урам хугарах юм. Манай найз бид хоёр саяхан нэг шалгалт өгөөд, тэрэн дээрээ тааруу оноо аваад солонгос явж чадаагүй юм. Тэгээд тухайн үед монгол багш маань намайг болон найз бид хоёрыг олон хүүхдүүдийн хажууд хамгийн доод оноог нь авсан, ийм гэж бодсонгүй гэлээ. Бид хоёр өөрсдөдөө гутарч байлаа.
Ингээд явж байтал хичээл амарлаа. Өчигдөр сургууль дээрээ очиж солонгос багштайгаа уулзаад хоол идэхээр явлаа. Манай тэнхимийн 3-р курсийн 4, 5 оюутан байхад манай монгол багш найз бид хоёрыг дахиад л мууллаа. Багш ёонжтой нь аргагүй инээгээд ийм байж болохгүй гэлээ. Дараа нь бид хоёр хоорондоо ярилцаж байлаа. Энэ багш яагаад хоёуланг нь л байхад хэлдэггүй юм болоо? Заавал олон хүүхдүүдийн хажууд хүний мууг үзэх гээд байдаг юм байх даа? гэж хоорондоо ярилцлаа. Ингээд сэтгэлээр уналаа. Бид хоёр ийм асуудалд яах ёстой вэ? Багшийн хувьд зөвхөн өөрийнхөө талаас хардаг. Ингээд хэлбэл тэр хүүхэд яах бол гэсэн бодол боддоггүй. Ийм нөхцөлд яах вэ? Яаж сэтгэл санаагаа дээш татах вэ? Тэр багшийн үгийг бас яаж сонсоогүй юм шиг царайлах вэ? Яаж? Яаж? Яаж? Мэдээж бид хоёр хоёулаа хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа.
ЗӨВЛӨГӨӨ: "Доош нь хийх" гэсэндээ биш сэдэлжүүлэх гэсэн байх
Сайн уу? Бидэнд хандсан баярлалаа. Багш нь та хоёрыг “доош нь хийх” гэсэндээ биш та хоёрын “шарыг хөдөлгөх” сэдэлжүүлэх гэсэндээ хэлж байгаа байх. Гол нь хүмүүсийн хажууд “хамгийн муу оноо авсан” гэж хэлэх нь та хоёрт эвгүй сэтгэгдэл төрүүлж түүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа бололтой. Ийм зүйл багш - шавь, эцэг эх - хүүхэд, менежер - ажилтан хоёрын хооронд түгээмэл тохиолддог. Бид өөрөөсөө албан тушаал, эрх мэдэл өндөр хүнд шууд хүсэлт тавихад хэцүү байдаг. Миний дүнд нөлөөлвөл яах вэ? гэх мэтээр санаа зовж ихэнхдээ дуугүй өнгөрдөг. Гэвч дуугүй өнгөрөх тусам уг байдал давтагдах шинжтэй. Тиймээс уг байдал олон удаа давтагдвал өөрт чинь таагүй байна, дахиж олны өмнө эвгүй байдалд оруулахгүй байхыг хүсье гэдгээ албан байдлаар, аятайхан хэлчихвэл тэр хүн ч алдаагаа олж харахад тусална. Эсвэл биеийн хэлэмжээрээ илэрхийлж болно. Мэдээж та хоёр багшдаа илэрхийлэх эсэхээ өөрсдөө шийднэ шүү дээ.
Мөн бидний хийж чадах гол зүйл нь бид өөрсдөө ирээдүйд ийм алдаа гаргахгүй байх юм. Олны дунд магтаж, хоёулханаа байхдаа шүүмжилнэ гэж бичигдээгүй дүрэм байдгийг санаад аваарай. Сэтгэл санаагаа дээш татахын хувьд эхэнд хэлсэн шиг “багш бид хоёрыг сэдэлжүүлэх гэсэн эерэг сэдлээр л хэлж байгаа байх” гэж өөрсдөдөө итгүүлэх гээд үзээрэй. Одоо та хоёр хэлээ давтах нь чухал болохоос багшийнхаа үгийг бодож шаналах нь чухал биш. Та хоёр солонгос хэл сурах зорилготой болохоос багшаараа магтуулах зорилготой биш биз дээ? Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Биднийг хооронд нь их харьцуулдаг
Сайн уу? Би 15 настай. Энгийн нэгэн гэр бүлийн хоёр дахь охин. Аав ээж маань ах дүү, найз нөхөд олонтой. Тэдгээрийн хүүхдүүд нь надтай яг нас чацуу. Энд л учир байгаа юм. Манай нэг үеэл надтай нэг ангид хамт сурдаг. Бас нэг үеэл нөгөө ангид, харин ээжийн найзынх нь хүүхдүүд нөгөө сургуульд суралцана. Бид хэд хоорондоо их дотно байдаг.
Тэгээд л биднийг харьцуулж эхэлнэ. Аль нь сайн авч аль нь муу авч гээд л... Намайг ээж аав маань загнадаггүй л дээ. Гэхдээ бусдын маань аав ээж, эмээ, эгч нь маш их загнадаг. Энэ байдал бидэнд их хүндээр тусдаг. Хааяадаа нийлж дүнгээ нуудаг. Энэ нь ч амар байдаг юм."Нэг удаа эмээгийндээ очтол надаас шууд чи шалгалт дээрээ хэд авсан юм гэж асуусан. Би сайн авсан харин үеэл маань тааруу авсан юм л даа. Үүнийг хэлэх ч хэцүү байх ч хэцүү. Ангиасаа, бүр сургуулиасаа шилжмээр санагддаг. Одоо яах ёстой вэ? Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ингэж өссөнөөс болоод "хүнээс дутахгүй" гэдэг бодол суудаг
Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Хүүхдүүдэд түгээмэл тохиолддог, өөртөө итгэх итгэлийг нь унагадаг нэг асуудал нь хоорондоо харьцуулагдах. Ээж аав, эмээ өвөө нар энэ үед алдаа гаргаж байгаагаа мэддэггүйд л учир байгаа юм. Бид өөрсдөө ээж аав болох үедээ ийм алдаа гаргахгүй байх нь чухал.
Монголчууд ихэвчлэн бусадтай өөрийгөө харьцуулж өөрөө сэдэлжих эсвэл бусдын хүүхэдтэй өөрийнхөө хүүхдийг харьцуулж хүүхдийгээ сэдэлжүүлэхийг оролддог. Нэг үгээр харьцуулах нь сайн зүйл гэж боддог. Гэтэл хүнийг хүнтэй биш өнгөрсөн дэх өөртэй нь харьцуулах хэрэгтэй гэдэг шүү дээ. Ингэж харьцуулагдаж өссөнөөс болоод “хүнээс дутахгүй” гэдэг бодол суучихдаг. Энэ бодол маш буруу юм. Хүнээс дутахгүй гэсэн бодолтой хүн алхам тутамдаа өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж явдаг. Түүнээсээ болоод ихэвчлэн сэтгэл ханамжгүй, түгшүүртэй, эсвэл атаач болчихдог. Бид нар насанд хүрэгчдэд “хүмүүсийг хооронд нь харьцуулах чинь буруу шүү”, “хүнээс дутахгүй гэдэг бодол чинь буруу шүү” гэдгийг ойлгуулж чадах болов уу? Мэдээж маш хэцүү.
Харин бид ядаж өөрсдийгөө бие биетэйгээ харьцуулахгүй байж чадна. Мөн насанд хүрэгчдэд хэд хэдэн удаа хэлээд үзэж болно. Та нар бөөнөөрөө нийлж байгаад хэлбэл үг чинь илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл бүгд өөр өөрсдийнхөө аав ээж, эмээ өвөөд хэлэх юм.
Хэрвээ чамайг хэн нэгэн үргэлж өөр нэгэнтэй харьцуулж “гоочилдог” бол “энэ хүн алдаатай бодолтой байна, хүн бүр ялгаатай шүү дээ, надад ийм ийм давуу тал байгаа, бүх зүйл дээр хамгийн сайн нь байх албагүй шүү дээ” гэж өөртөө сануулж байгаарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Хичээлээ хиймээр байгаа ч цаанаасаа л болохгүй юм
Сайн байна уу? Би одоо 18 настай, төгсөх ангийн сурагч. Хичээлээ хиймээр байгаа ч хаанаас, яаж эхлэхээ сайн мэдэхгүй юм. Хийхийг хүсэж байгаа ч цаанаасаа л болж өгөхгүй хэцүү санагдаад, шантраад байна. Дэндүү олон асуудал тулгараад, юу гэдгийг нь мэдэхгүй ч сонин хэцүү мэдрэмжүүд байгаад байна. Ямар ч амьдралын идэвх сонирхол байхгүй. Өөрийгөө илэрхийлэх гэхээр нээх сайн болж өгөхгүй байна. Гэхдээ надад хэн нэгний тусламж үнэхээр их хэрэгтэй байна шүү. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Камераа асааж байгаад бүгдээрээ хамт хичээлээ хийгээд үзээрэй
Сайн уу? Тусламж авах хэрэгтэй байгаагаа анзаарч үйлдэл хийж байгаа чинь сайн байна. Чамд тохиолдож буй асуудал бараг л бүх төгсөх ангийнханд тулгараад байна. Энэ жил маш онцгой жил тохиож байна. Багш нар ч, шийдвэр гаргагч нар ч ийм зүйлтэй тулгарч үзээгүй учраас энэ нөхцөлд төгсөх ангийнхнаа яах ёстой вэ гэдгээ сайн мэдэхгүй, туршлагагүй байна. Өөрөөр хэлбэл чамд хэцүү мэдрэмж төрж учраа олохгүй байгаа нь зөвхөн чиний буруу биш юм шүү. Гэсэн ч нөхцөл байдалдаа дасаад шалгалтандаа өөрийнхөө чадлаар бэлдэхээс аргагүй. Яаж бэлдэх вэ?
Бидэнд төгсөх ангийнхнаас ЭЕШ-тай холбоотой асуудлаар маш олон захидал ирж байгаа учир бусад захидлуудыг мөн уншиж зөвлөмжийг нь аваарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Над шиг муу дүнтэй ч 9-р ангиа төгссөн хүүхэд байдаг болов уу?
Сайн байна уу? Би одоо 8-р ангийн сурагч. Би хичээлдээ маш тааруу. Өмнө нь ерөөсөө боддоггүй байж байгаад энэ хөл хорионы үеэр эргэцүүлж байна. Миний 6 болон 7-р ангиудын дундаж C,D. Ийм байхад 9-р ангиа төгсөх болов уу?
Улаан шугамаа давж чадахгүй байх аа гэх мэт бодол байнга толгойд байх боллоо. Хэрвээ 6, 7, 8-р ангийн дүнгүүд муу ч гэсэн 9-р ангидаа хичээвэл улаан шугамаа давж чадах болов уу гэж бодохоор сөрөг бодлуудад дарагдаад байна. Надад яаж улаан шугамаа давах, юуны дундаж нөлөөлдөг гэх мэт мэдлэг байхгүй. Ийм дүнтэй байж давж чадахгүй байх даа. Би ээжийнхээ итгэлийг алдмааргүй байна. 9-р ангиа амжилттай төгсөөд, бүр 12-р ангиа ч найзуудтайгаа хамт төгсмөөр байна. Байнга энийг бодоод, сэтгэлээ түгшээж айхаас өөр юу ч хийж чадахгүй байна. Над шиг муу дүнтэй ч 9-р ангиа төгссөн хүүхэд байгаа болов уу? Аргаа бараад л танайх руу бичиж байна. Одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Багш нартаа хичээж байгаагаа хэлж тусламж хүсэж болно.
Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Бид багш, сургуулийн захиргаа биш учир нарийн дүрмийг нь мэдэхгүй юм. Гэвч бидний өөрсдийн сурагч үеийн туршлагаас хуваалцвал:
1. Үнэхээр дүн нь муу
2. Дээр нь өөрөө огт хичээдэггүй бөгөөд дүнгээ сайжруулах хүсэлгүй
3. Зан үйлийн доголдолтой буюу сургууль дээр элдэв асуудал гаргадаг хүүхдүүд улаан шугаманд тэнцэхгүй байх магадлалтай.
Өөрөөр хэлбэл чамайг хичээж байгааг багш, сургуулийн захиргаа анзаарах юм бол чамайг дэмжих юм. Тиймээс чи тэнцэхгүй бол яана аа гэдэг бодолд автаж стрессдэж суухын оронд зүгээр л хамгийн сайнаараа хичээлээ ойлгох гээд хичээгээд үзээрэй. Хандлага чухал юм шүү. Бас багш нартаа хичээж байгаагаа хэлж тусламж хүсэж болно. Чи ийм эерэг бодол, хандлагатай байвал ээж нь ч баярлана. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх