Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Мэргэжлээ сонгох тал дээр зөвлөгөө өгөөч
Сайн байна уу? Намайг Ч... гэдэг.
Би одоо 11-р ангид орно. Би энэ жил мэргэжлээ сонгоод эртнээс бэлдэж эхэлье гэж бодсон ч мэргэжлээ сонгож чаддаггүй ээ. Мэргэжлээ сонгохын тулд эхлээд дуртай зүйлээ олж мэд гэсэн ч би яг одоохондоо юунд дуртай үгүйгээ сайн мэдэхгүй байна. Үнэндээ ямар ч санаа оноо алга. Эцэг эхдээ хандсан ч олигтой хариулт авч чадсангүй. Мэргэжлээ сонгох тал надад үнэхээр бэрхшээлтэй байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Одооноос эхлээд маш их уншиж судлах хэрэгтэй болох нь дээ
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө чи дараах 4 асуултанд хариулт олох хэрэгтэй болно
1. Би юу хийхдээ хамгийн их баяртай, хөгжилтэй байдаг вэ?
2. Миний өвөө, эмээ, аав, ээж, найз нөхөд миний ямар чадварыг /сайн харилцагч, дуулдаг, гарийн эв дүйтэй г.м/ илүү магтаж урамшуулдаг вэ?
3. Ямар чадвараа хөгжүүлж, одоо байгаагаас нь илүү сайжруулах хэрэгтэй байна вэ?
4. Би дуртай зүйлээ үндсэн мэргэжлээрээ сонгох уу, эсвэл үндсэн мэргэжил маань сонирхлоос минь өөр байх уу?
Дээрх асуултуудад хариулахад хэцүү асуулт нь хамгийн сүүлийн асуулт байгаа болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэвэл дуртай зүйлээ юу болохыг мэднэ гэдэг чамгүй их асуудал дагуулдаг. Гэхдээ юунд дуртай байдгаа сайн мэдэхгүй байгаа бол нэг талаараа чи маш бага эрэл хайгуул хийжээ гэсэн үг юм шүү. Тиймээс одооноос эхлээд маш их уншиж судлах хэрэгтэй болох нь дээ. TED talks үз, “Мэргэжлээ сонгох нь” нэртэй 600 гаруй мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолт бүхий ном бий, түүнийг олж унш, хүмүүсийн намтар түүх бүхий ном зохиол уншиж, аль болох олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаанд оролцож эхлээрэй. Ингэснээр чи өөрийгөө юунд дуртайгаа, ямар чиглэлд илүү татагдаж байгаагаа мэдэх эх үндэс болох болно. Ийм алхмыг хийлгүйгээр зүгээр л мэргэжлээ сонгох тухай тест бөглөөд, гэртээ өдөржин бодож өнжих нь ямар нэг үр дүнд огт хүргэхгүй л болов уу.
Харин дуртай зүйлээ олоод, түүнийхээ дагуу мэргэжил сонгох боломжтой болж эхэлбэл харин цааш гүнзгийрч, энэ мэргэжил нийгэмд хэр эрэлттэй байна, энэ мэргэжлээр хэр зэрэг цалин олох боломжтой байна, ядаж л энэ мэргэжлээр би сурахын тулд ямар сургуульд суралцах вэ гэх зэрэг асуудлуудад нухацтай, гэрийнхэнтэйгээ хамтдаа бодож гаргаарай.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх