Хэрхэн утас ширтэхгүйгээр унтаж сурах вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-09

Гар утасгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болсон өнөө үед бидний ихэнх нь унтахынхаа өмнө их, бага утсаа ухах зуршилтай болжээ. Заримдаа урт өдрийн дараа орондоо тухлан хэвтээд сошиал медиагаар аялах тун тааламжтай санагддаг хэдий ч энэхүү хэт их дэлгэцийн хэрэглээ нь ялангуяа унтахын өмнө дэлгэц ширтэх нь эрүүл мэндэд маш олон сөрөг талтай аж. Тухайлбал:

  • Нойрны хэмнэлийг алдагдуулдаг

Гар утаснаас ялгарч буй цэнхэр гэрэл нь мелатонин хэмээх унтахад тусалдаг нойрны дааврыг хомсдуулдаг. Ингэснээр та унтах гэж хэвтсэн ч унтаж чадахгүй орондоо олон цагаар хэвтэх, улмаар нойргүйдэлтэй болох эрсдэлтэй.

  • Илүү мэдрэг болгодог

Унтахынхаа өмнө сошиал медиа гүйлгэж, эсвэл зурвас илгээх нь тархийг тань идэвхжүүлдэг учраас унтаж чадахгүй байх эсвэл унтаж байх үедээ амархан сэрэхэд хүргэнэ.

  • Нүдэнд ачаалал өгнө

Харанхуйд утсаа ухах нь нүдэнд ачаалал өгж, нүдний даралтыг ихэсгэх, хуурайшуулах болон хараа муутгах аюултай. 

  • Анхаарал төвлөрөлийг бууруулна

Өмнөх орой нь утсаа оролдож хоносон бол маргааш нь анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй байж ажлын бүтээмжийг ч бууруулна гэх мэтчилэн удаан хугацаандаа бие махбодь болон сэтгэл зүйлд маш муугаар нөлөөлдөг. 

Тэгвэл энэхүү зуршлаасаа салах 5 үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. 

Утас оролдох зуршлаа өөр зуршлаар солих: Унтахын өмнө дэлгэц ширтэхийн оронд таныг тайвшруулж, амрахад туслах оройн зуршилтай болоорой. Үүнд ном унших, тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх эсвэл хөнгөхөн сунгалтын дасгал хийхийг зөвлөж байна.

Цагийн хязгаар тогтоох: Гар утсаа унтраах тодорхой цагийг тогтоож, унтах цагаасаа 30-60 минутын өмнө утсаа ашиглахаа болих дүрэмтэй болоорой. Ингэхийн тулд утсан дээрээ сэрүүлэг тавих эсвэл Freedom, One Sec, or StayFocusd зэрэг утасны хэрэглээг хязгаарлах аппуудыг ашиглаж болно.

Утсан дээрээ цэнхэр гэрэл шүүх тохиргоог идэвхжүүлэх: Хэрэв оройн цагаар зайлшгүй утас хэрэглэх шаардлагатай бол утасны цэнхэр гэрлийг шүүдэг горимыг идэвхжүүлээрэй. Ингэснээр утасны гэрэл танд илүү бага нөлөөлнө.
Утасныхаа “Settings” хэсгээс Iphone дээр “Night Shift” Samsung дээр “Blue Light Filter” эсвэл “Eye comfort shield”-ийг дарахад л болно.

Гар утсаа өөр өрөөнд тавих: Унтахынхаа өмнө утсаа өөр өрөөнд тавьснаар утсаа ухах зуршлыг бууруулна. Мөн өрөөндөө утасгүйгээр унтах нь илүү чанартай нойр авахад тустай. Хэрэв та утсан дээрээ сэрүүлэг тавьдаг бол оронд нь электрон цаг ашиглаарай.


Унтах таатай орчинг бүрдүүлэх: Хэрэв унтлагын өрөө тань таатай байвал илүү хялбар нойр хүрч, утсаа ухах хүсэл бага төрөх болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага унтахад тохиромжтой температурыг 16-19°C-ийн хооронд хэмээжээ. Үүнээс гадна хөшгөө бүрэн хааж аль болох харанхуй орчинд унтах нь илүү бат бөх нойр авахад тусална.

#зөвлөгөө