Э.Нямдаваа: Эрэгтэй хүүхдийг "Амьд л байхад болно" гэдэг


Т.Онон | YOLO.MN
2025-03-18

Өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Монголд анх удаа  "BECAUSE I AM A BOY" буюу "Хүү байснаар" гэсэн 1000 хөвгүүний чуулган зохион байгуулагдаж байна.

Чуулганд оролцсон хүүхдүүдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 2-р сургуулийн 11г ангийн сурагч Э.Нямдаваа

Эцэг эхчүүд хөвгүүдийн сурлагад нэг их анхаардаггүй. Амьд л байхад болно гэдэг. Тийм ч учраас хөвгүүд их хайнга байдаг. Дээрэлхэлт үйлддэг бас өөрсдөө ч өртдөг. Хүүхдүүд бусдаас онцгой хүүхдүүдийг дээрэлхэх асуудлууд гардаг. Энэ бүхний тухай энэ чуулган дээр их ярьж байна. Манай сургуулийн хувьд охид, хөвгүүдийн зөвлөл нь дээрэлхэлтийг маш сайн хамгаалж өгдөг болохоор дээрэлхэлт их багассан.

Өсвөр насныхны хувьд ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ, ямар сургуульд орох вэ гэсэн асуулт их хүнд ачаа болж байна.

Өсвөр насныхан компьютер тоглоомын газар, бильярд гэх мэт газар цагаа их өнгөрөөдөг. Уг нь Монголд гоё цагаа өнгөрүүлэх газрууд байдаг. Жишээлбэл Сүхбаатар дүүрэгт "Үндэсний номын сан" гэж гоё газар нээгдсэн. Тэнд компьютер дэлгэцтэй багийн өрөө гэж байдаг. Тэнд хийж чадахгүй байгаа хичээлд нь бие биедээ туслах, төвөгтэй бодлогуудыг хамтдаа бодож, ярилцаж болдог. Мөн би найзуудтайгаа парк, цэцэрлэгт хүрээлэн, Богд уул руу алхах зэргээр цагийг өнгөрөөдөг.

Аав ээжүүдэд хандаж хэлэхэд хөвгүүдээ хайрлаарай гэмээр байна. Бас ярилцдаг байгаарай. Харьцах, загнахдаа арай дэндүүлээд байгаа юм шиг харагддаг шүү. Манай эрэгтэй найзууд аав ээжтэйгээ ярилцдаггүй, хоорондоо л ярьдаг. Хоорондоо ярихаар туршлагагүй учраас буруу зөвлөгөө өгөөд байх шиг санагддаг.

МУБИС-ийн лицей харьяа сургуулийн 10в ангийн сурагч Б.Хүслэн

Сагсны талбай олон байгаасай. Хөвгүүдийн эрүүл мэндийг дэмжсэн сургууль дээрх үйл ажиллагаанууд олон хийгдвэл сайн. Асуудал бэрхшээл тохиолдоход найзуудаасаа их зөвлөгөө авдаг. Ийм тохиолдолд орсон үед зөвлөгөө авдаг газар хүүхдүүдэд, ялангуяа хөвгүүдэд маш их хэрэгтэй.

Монгол 3-р сургуулийн 11а ангийн сурагч П.Буяннэмэх

Би чөлөөт цагаа зааланд өнгөрөөх дуртай. Гэхдээ зарим заал өвөл халаалт байдаггүй. Очингуут халаалтаа тавих зэрэг асуудал байдаг. Ил задгай сагс, волейболын талбай их байгаасай.

Сант сургуулийн 11г ангийн сурагч М.Булгантамир


Манай үеийн эрэгтэй хүүхдүүд дийлэнх нь и-спорт сонирхдог болсон. Тоглоомын газруудад том хүмүүс янз бүрийн зүйл хэрэглээд байдаг. Улсаас тоглоомын газруудад хяналт, шаардлага тавиад илүү цэвэр тохилог, аюулгүй найдвартай орчин үүсгэж өгөөд, хүүхдүүдийг сонирхлоо хөгжүүлэх боломжтой болгоод өгөөсэй гэж хүсэж байна. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд олон байгаасай.

Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа


Олон асуудлуудын дундаас хөвгүүдэд чиглэж тэдний хөгжил оролцоог дэмжих нь их чухал юм. Эрэгтэйчүүдийн хүчирхийлэл, дээрэлхэлт, гэмт хэрэгт холбогдсон байдал, боловсролын асуудал гэх мэт олон асуудал байна.

Хөдөөгийн хөвгүүд мал маллах сонголтыг хийдэг, мөн хөвгүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд тулгамдсан асуудлууд байгаагаас хамаараад сургуулиа хаях нь түгээмэл. Охид хөвгүүдийн сурах хөгжих боловсрох нөхцөл нь ялгаатай байна. Жишээ нь морь унаач хүүхдүүдийн 96 орчим хувь нь хөвгүүд байна. Амьжиргааны ялгаатай түвшинд байгаа хөвгүүд ажлын байранд эрт гарах, өрх гэрээ тэжээж аав ээждээ туслах үүргийг авч байна" гэв.

Чуулганыг "Монголын Сайн дурынхны төв" санаачлан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран зохион байгуулжээ. Тус чуулганаар:

  • Хөвгүүдэд тохиолдож буй жендэрийн хэвшмэл ойлголт тэгш бус байдал
  • Хөвгүүдийн эрүүл мэнд, teenage life style
  • Хөвгүүдийн сэтгэл зүй
  • Хөвгүүдийн хамгаалал, харилцаа гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөндөх юм байна.

Үйл ажиллагааны зургуудаас:





































#BECAUSE I AM A BOY