YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би сургуульд сурдаггүйгээсээ ичдэг
Сайн байна уу? Би одоо 20 настай, ажил хийдэг. Энэ ажилдаа нээх дуртай биш. Дуртай ажлаа хиймээр байгаа ч их сургуульд сураагүй, багаасаа л ээжийнхээ дүүгийнд амьдарсан. Энэ байдлаа бодохоор ээж аавдаа үнэхээр их уур хүрдэг. Бусад хүүхдүүд гэр бүлтэйгээ амьдарч байхад би айлд байна гэх мэт.
Найзууд маань бусдын адил сурч одоо төгсөх гэж байгаа. Би сурдаггүйгээсээ ичдэг Найзуудтайгаа уулзахад тэд сургуулийнхаа талаар ярилцаж байдаг. Би зүгээр хажууд нь сонсдог. Танил найз маань тааралдахад хаана сурч байгаа вэ? гэж асууна. Би заримдаа худлаа хэлдэг. Манай гэр жоохон боломжгүй айл болохоор би сураагүй. Ээжийн минь дүү төлж өгнө гэсэн ч би зөвшөөрөөгүй дараа нь ямар нэг зүйл болбол нэхэж магадгүй гээд би тэр айлд хүлэгдчихсэн юм шиг байдаг. Ээж дээрээ очихдоо хүртэл зөвшөөрөл авах нь холгүй . Ажлаа тарсан бол шууд очиж хоол хийж, гэр цэвэрлэх ёстой. Утас оролдоод юм хийсэнгүй гэж үглэнэ. Дутуу юм хийвэл эгч үнэхээр их үглэдэг. Гэрт байх үедээ ер нь зүгээр сууж чаддаггүй. Аль болох юм цэвэрлэх ёстой гэж бодоод хэзээ уурлах бол гээд тайван байж чаддаггүй. Унтсаных нь дараа унтах ёстой ч юм шиг сэтгэл санаа ч тэр тогтож өгдөггүй. Тааралдахгүйн тулд амралтгүй ажиллахыг хичээдэг. Тэгэхээр, чи буудалд амьдарч байгаа юу гэж уурлана. Энэ байдал маш удаан үргэлжилж байна. Яаж ч чадахгүй болохоор ээж дээрээ очмоор байгаа ч чаддаггүй . Ээждээ ийм байгаагаа хэлбэл өөрийгөө буруутгаад бие нь өвдөнө. Энэ байдлаа тэсэж үлдэх ёстой гээд тайван байхыг хичээж дэвтэр хүртэл хөтөлдөг нэмэр болоогүй. Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй болохоор сүүлдээ би зүгээр ингэж амьдрах шаардлага байна уу гэж бодоод амиа хорлох гэж хүртэл үзсэн. Бүтээгүйлдээ. Энэ байдлаа зүгээр хүлээн зөвшөөрөөд робот шиг энэ хэмнэлээрээ амьдрах ёстой юу?
ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхийнхээ дэргэд өсөөгүй хүүхдүүдийн сэтгэл түгшилт өндөр байдаг гэсэн судалгаа бий.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Эцэг эхийнхээ дэргэд өсөөгүй хүүхдүүдийн сэтгэл түгшилт өндөр байдаг гэсэн судалгаа бий. Амьдралын шаардлагаар хүүхдүүдээ хамаатан садан дээрээ орхисон хүмүүс ч энэ нийгмийн золиос гэдгийг ойлгоорой. Тэд ч мөн ялгаагүй элэг бүтэн амьдралыг хүссэн болов уу? Магадгүй ээжтэйгээ хамт амьдарч чадаагүй гэсэн бага насандаа авсан гомдол одоог хүртэл өөрт чинь байдаг болохоор ээждээ гомдож байгаа болов уу. Гомдол тээсэн ч зүгээр суулгүй ажил хийж, бусдын эвийг олж амьдарч байгаа чинь ямар сайн сэтгэлийн хаттайг чинь илэрхийлж байна.
Захиан дээр одоогийн байдлаа ээждээ хэлж чадахгүй байна гэсэн байна. Ээжтэйгээ харилцах харилцаандаа зааг битгий тавиарай. Өөрийн зүгээс илэрхийлж чадах үйлдлээ хийж байгаарай. Бага насандаа эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж сураагүй хүн, насанд хүрсэн ч хэрхэн чөлөөтэй харилцахаа мэддэггүй. Хэрхэн мэдрэмжээ хэлж ярихаа ч ойлгохгүй байх магадлал өндөр. Ийм учраас хүмүүс өөрт төрсөн мэдрэмжээ гадагш илэрхийлэхээс айж дотроо хадгалж үлдэхийг илүүд үздэг. Мэдрэмжээ дотроо нуулаа гээд асуудал шийдэгдэхгүй бөгөөд энэ байдал нь өөрийг чинь улам илүү их зовооно. Асуудлаа ярилцаж илэрхийлэх нь хоёр хүний сэтгэл зүйн холбоосыг бэхжүүлж байдаг. Тиймээс өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ цаг тухайд нь илэрхийлж байгаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Би аалз харах төдийд л уйлчихдаг
Сайн байна уу? Би одоо 17 настай. Өөрийн айдсын талаар дурдах гэсэн юм. Би өөрийгөө Arachnophobia буюу аалзнаас айх айдастай гэж боддог. Би эхэндээ аалз харах төдийд л орилж бүр хааяа уйлчихдаг байсан юм. Бас унтахаасаа өмнө аалз харчихвал шөнө нь унтаж чадахгүй, унтсан ч хар дараад, бөөлжиж сэрэх тохиолдол хэд хэдэн удаа болж байсан. Ганц аалз ч гэлтгүй бие дээр, хажууханд шавжны төрлийн зүйл байж байвал бүлтгэнэж, уйлчих гээд байдаг. Тэгээд л өөрийнхөө биеийг юуг нь ч гаргахгүй битүүлж орхидог. Мөн биологийн ном, шавжны тухай баримтат кино, камерны аалзтай филтер зэргээс айдас мэдэрдэг. Хэрвээ би биологийн номоо эргүүлээд явж байхад аалзны зураг гараад ирэх вий, энэ кинонд угаас аалзны талаар гарч л таарна даа үзээд хэрэггүй байх гэх мэт. Хэрэв санаандгүй аалзны зураг харчихвал зүрх салгалаад л явчихдаг. Гэвч энэ зүйл ойр тойрны хүмүүсийг маань үг хаяхад хүргээд байна. Гэр бүлээрээ аялал зугаалгаар явж, салхинд гарах талаар ярьж эхлэхэд нь л "Би явахгүй байж болох уу?" гэж асуудаг. Салхинд гарах гэж очтол аалз их байвал яах вэ? Майханд маань ороод ирвэл балрах байхдаа гэж бодогдоод гэртээ байж байсан нь дээр санагддаг. Хааяа ганцаар гэртээ үлдэх ч, хааяа цуг зугаалгаар явна. Тэр бүртээ чихээ бөглөж, халууцаж байсан ч биеийнхээ нэг ч хэсгийг ил гаргадаггүй. Бүр нүүрээ хүртэл. Юм харж чадаж л байвал бүхэлд нь битүүлдэг. Майхан, монгол гэр, амралтын байшин аль нь ч байсан намайг дотор нь ороход аалзнууд хаа сайгүй байж байх юм шиг маш хэцүү байдаг. Тэгэж бодох бүртээ ийш тийш гөлгөнөж, тайван сууж чаддаггүй. Энэ байдлаас болж гэрийнхэн маань тухгүй байдаг бололтой. Нэг удаа ээж маань
"Чи хэтэрхий аймхай байна. Тэд нар зүгээр л амьдарч байгаа зүйлс. Чамайг яах ч үгүй. Тэгэхээр маяглахаа боль." гэж байсан. Үүнээс гадна хэд хэдэн харьцдаг хүүхдүүдээсээ
"Хөдөө гадаа явж үзээгүй. Хотдоо баймаар юм. Энийг л хазчихав гэж дээ. Маяглах юмаа олж ядсан юм. Хотод байсаар байгаад балай болчихсон байх." зэрэг үгсийг хэд хэдэн удаа сонссон. Үүнээс болоод өөрийнхөө айдсыг тэвчихийг зөндөө хичээсэн. Гэвч барааг нь харах төдийд л орилж, салгалаад байх юм. Надад хэцүү байна. Би бусад шиг зугаалмаар байна. Юу ч бодож санахгүй, нимгэн хувцастай салхинд гармаар байна. Аяллаар явсан ч шөнө нь тайван унтаж амардаг болмоор байна. Би яг яах ёстой вэ? Энэ айдас маань зүгээр болох боломж байгаа болов уу?
Сэтгэл зүйн зөвлөгөө яаж үр дүнгээ өгдөг вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн эмч эсвэл сэтгэлзүйчид биечлэн хандаарай.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Фобия нь хүний хөгжлийн аль ч насанд бий болох боломжтой. Дотоод болон гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болдог. Аливаа нэг фобия нь нэг өдрийн дотор, нэг удаагийн зөвлөгөөгөөр гэнэт алга болж эмчлэгддэггүй. Үүнд цаг хугацаа яах аргагүй шаардагдана. Хувь хүний онцлогоос хамаарч, эмчилгээний үйл явц ондоо байдаг. Өөрт тулгарч байгаа асуудлуудыг хүн үргэлж бие дааж шийдэх боломжгүй бөгөөд фобиягийн эмчилгээнд хөндлөнгийн хүний туслалцаа, дэмжлэг чухал байдаг. Ийм учраас мэргэжлийн эмч эсвэл сэтгэл зүйчид биечлэн хандаарай.
Ойр тойрны хүмүүс маань туршлага дээрээ дөрөөлж зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Хэрэв тэд өөртөө чинь адил айдсын туршлага, мэдрэмж аваагүй бол тэд өөрийг чинь бүрэн ойлгохгүй. Учир нь тэд өөр шиг чинь аалзнаас айх айдасгүй тул. Ингэлээ гээд тэднийг буруутгах хэрэггүй.
Сэтгэл зүйн зөвлөгөөнд, өөрөө үйлчлүүлэгчийн байр сууринд байх тул айдсынхаа талаар ямар нэгэн хаалт тавилгүйгээр нээлттэй ярих боломжтой. Намайг шүүмжлэх болов уу? Утгагүй зүйлээс айдаг юм бэ, гэж хэлэх болов уу? Гэж бодох хэрэггүй. Мэргэжлийн сэтгэл зүйчид өөрийг чинь шүүмжлэхгүй бөгөөд айдсынхаа талаар ярих нээлттэй аюулгүй орчныг бүрдүүлсэн байгаа. Мөн өөрийгөө айдсын эмгэгтэй гэж бие дааж оношлохгүй байхыг хүсье. Оношилгоонд хэт анхаарах нь өөрийгөө “эмгэг” гэж харах эрсдэлтэй. Онош чухал ч одоо байгаа байдлаасаа сайжрах “үйл явц” чухал. Сэтгэл зүйн зөвлөгөө нь онош дээр ач холбогдол өгөх биш үйл явц болоод үр дүнд анхаардаг юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Хүнд, хар зүйл цээжин дээр байх шиг байна.
Сайн байна уу? Би 15 настай охин. Ойрын үед надад сэтгэл санааны хувьд жаахан хүнд, хэцүү байна. Сонсогдож байгаа шигээ ихэвчлэн хүнд, хар зүйл цээжин дээр байх шиг байдаг, тийм мэдрэмж төрдөг гэсэн үг л дээ. Нэг хуудаснаас уншиж байсан юм. Overthinker гэж хэтэрхий их юм боддог, тэрэндээ өөрөө шаналдаг төрлийн хүнийг хэлдэг гэж байсан. Би яг л тийм төрлийн хүн. Хүний бодлын 10 хувь нь хэрэгтэй үлдсэн нь хэрэггүй зүйл байдаг гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Үүнийг мэдэж байвч яаж хэрэггүй их зүйл бодож шаналахаа болих вэ? Би бодохдоо үүнд хөл хорио, өсвөр насныхны сэтгэлийн хямрал, мэдрэлийн ядаргаа гэх мэт олон зүйл нөлөөлж байна гэж боддог ч (мэддэг ч) шийдэж, тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Өөр намайг шаналгаж буй том асуудал (2) бол өөртөө үнэхээр их дургүй хүрсэн. Утаснаас хөндийрч чадахгүй их хэцүү, шөнө 3 цагт унтаад өдөр 12 цагт босдог. Өдөр нь хоол хийхээс өөр онц хийсэн бүтээмжгүй (үлдсэн хугацаа нь утсанд). Хүссэн ч бүтээмжтэй байж чадахгүй байгаадаа маш бүр маш их гутардаг. Өөрийн минь л арчаагүйгийнх юм даа гэж өөртөө дургүй хүрдэг. Нүд чих ч өвдөж байна. Манай гэрийнхэн их сайн хүмүүс байдаг би ч тэдэндээ маш их хайртай. Намайг дэмжиж ойлгодог. Сүүлийн үед гэр бүл маань бага зэрэг санхүүгийн асуудалтай байгаа.
... Тэгэхээр 1-т яаж их хэрэггүй зүйл бодохоо больж амар тайван байх вэ?
2-т гадаад төрх, өөрийн арчаагүй байдал, гэр бүлийнхээ итгэлийг алдахгүй байх, утасны зөв зохистой хэрэглээтэй болох, зөв нойрны дэглэмтэй болох гэсэн сэтгэл зовнисон асуудлууддаа зөвлөгөө авахыг хүсэж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө тайвшруулсны дараа хийх ажлуудаа төлөвлөж хэвшээрэй.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байгаа чинь сайн байна. Өөртөө зөөлөн хандаарай. Хүн өдөр бүр үр бүтээлтэй байх боломжгүй. Үр бүтээлийн хажуугаар амралт, тайван байдал бидэнд хэрэгтэй. Нийгмийн зүгээс цаг тутамд үр бүтээлтэй бай гэсэн мессэж бидэнд өгч байдаг энэ нь эргүүлээд хүмүүст дарамт бий болгодог. Ийм учраас бид зүгээр сууж байгаадаа гэмтэй юм шиг мэдрэмж авч эхэлдэг. Эхлээд өөрийгөө тайвшруулсны дараагаар хийх ажлуудаа төлөвлөж байгаарай.
Утаснаасаа салахгүй байх нь олон шалтгаантай байж болно. Сэтгэл хөдлөл болон нийгмийн (гэр бүл, найз нөхөд, сургуулийн харилцаа) асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар мэдэхгүй байх үедээ, зугтаах зорилгоор утсанд донтох магадлал өндөр байдаг. Сэтгэл бухимдуулсан мэдрэмжээ гадагш илэрхийлж чадахгүй байх нь гар утаснаасаа салахгүй байх гол хүчин зүйл болдог. Тиймээс өөрийн мэдрэмж болон бодлоо эцэг эхдээ илэрхийлж байгаарай. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж байх нь биднийг аливаа донтолтоос сэргийлдэг.
Орны ариун цэврийн байдлыг хангах. Орон дотроо ороод утсаа оролдох, олон зүйл бодох нь орны ариун цэвэр алдагдсаныг илэрхийлдэг. Орон дотор орох үедээ гар утсаа өөрөөсөө хол тавих, олон бодол толгойд чинь орж ирээд байвал хэвтээд бодох биш босоод бодох. Ингэснээр хүн өөрийгөө автоматаар ядраадаг. Энэ нь түр зуур ашиг тусаа өгөх боломжтой. Нойргүйдэлд орчны нөлөө буюу өрөөний чийгшил, температур, орны тухтай байдал, гаднын чимээ нөлөөтэй. Гэсэн ч эдгээр орчны нөлөөнөөс илүүтэй дотоод буюу сэтгэл зүйн асуудлууд нойргүйдэлд хамгийн их нөлөөлж байдаг. Шийдэгдэж чадахгүй асуудлууд байгаа болохоор тархины үйл ажиллагаа амарч чадахгүй байгаа юм. Иймээс нойр хүрэхгүй байх үедээ өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ ажиглаж эхлээрэй. Мэдрэмжээ ажиглах үедээ өөрөөс чинь хамаарах асуудал болоод хамаарах боломжгүй асуудлуудаа ангилж ялгаарай. Жишээ нь эцэг эхийнхээ эдийн засгийг сайжруулах нь өөрийн чинь хүчнээс давсан зүйл юм. Өөрөөс бүрэн хамаарах боломжтой зүйлд анхаарлаа илүү төвлөрүүлээрэй. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Том болоод гоо сайхны хагалгаа хийлгэхэд л болно гэдэг.
Сайн байна уу? Би 15 настай. Өсвөр нас маань эхэлснээс хойш өөрийгөө, өөрийнхөө бүх зүйлийг голж эхэлсэн. Голоод хэсэг хугацааны дараа тэрэнтэйгээ эвлэрч хайрлахыг хичээдэг. Гэхдээ төдийгөөс өдийг хүртэл хэзээ ч эвлэрч үзээгүй зүйл хамар маань. Хэсэг тоохоо болиод хэсэг хугацааны дараа хэзээ ч голж байгаагүйгээрээ голж уйлдаг. Энэ тухайгаа гэр бүлийнхэндээ, найз нартай хэлсэн боловч том болоод гоо сайхны хагалгаа хийлгэхэд л болно гэдэг. Энэ нь намайг дордуулна уу гэхээс дээрдүүлдэггүй. Ядаж байхад миний хамар нэг нь арай дээр нэг нь арай доор хоёр өөр хэлбэртэй. Заримдаа ядаж ижилхэн хэлбэртэй байхгүй дээ гэж боддог. Өөртэйгөө эвлэрээд амьдармаар байгаа боловч бас ийм хамартай амьдармааргүй байна. Би яг яах хэрэгтэй вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Жил бүр хувцасны чиг хандлага өөрчлөгддөг шиг гоо сайхны мэдрэмж ч бас өөрчлөгддөг.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна гэж ойлголоо. Мөн чиний хувьд энэ нь том асуудал байхад эргэн тойрны хүмүүс чинь түүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа нь чамд таагүй санагдаж байгаа юм шиг санагдлаа. Өсвөр насанд хүүхдүүд өөрийнхөө гоо сайхан, биеийн хэлбэр, хувцаслалт, харагдах байдалдаа анхаарч улмаар өөрийгөө бусадтай харьцуулах тохиолдол гардаг учраас энэ нь хэвийн шүү. Гэхдээ жил бүр хувцасны загварын чиг хандлага өөрчлөгддөг шиг, хүмүүсийн гоо сайхныг мэдрэх мэдрэмж ч мөн адил өөрчлөгддөг. Заримдаа чиний хөөрхөн, царайлаг гэж харсан хүнийг хэн нэгэн царайлаг гэж харахгүй байх боломжтой. Харин чиний царай муутай гэж харсан хүнийг хэн нэгэн царайлаг гэж харах боломжтой байдаг. Үүнтэй адил гоо сайхны талаарх ойлголт нь хийсвэр, бас тогтмол өөрчлөгддөг, хүн болгонд ялгаатай байдаг. Тийм болохоор чиний хамар зөвхөн чамд л үнэхээр таагүй санагдаж байх боломжтой шүү. Хэдийгээр чи хамрынхаа хэлбэртээ дургүй ч гэсэн хамартаа талархаж болох 5 шалтгаан бичээрэй.
Хэрэв чамд үнэхээр таагүй санагдаж байвал энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Мөн энэ асуудал чамд ямар чухал болохыг тэдэнд хэлж аль болох нухацтай хандахыг хүсээрэй. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Энэ ажлаас сурах зүйл ихтэй ч надад их дарамттай байна.
Би 19 настай. 18 насаа мэдэрч амжаагүй байхад л 19 нас хаяанд ирчихжээ. Би зуучлалын компаниар дамжуулан айлд хүүхэд асрагчаар ажилладаг. Сар болох гэж байгаа. Айл маань хувьчилж ажиллах санал тавьсан. Хүлээж авах эсэхдээ би үнэхээр их эргэлзэж байгаа. Учир нь би хоол сайн хийж чаддаггүй болохоор хоёр хүүхдийг нь харж, хандаж чадахгүй байх гэж бодож байна. Бас эмээгийнх нь ааш аягийг нэг л олохгүй байна. Энэ үнэхэээээррр хэцүү, жинхэнэ hard. Ажил хийж байж л амь зууж, амьдарна шүү дээ! Гэтэл би нэг л залхуураад байгаа ч юм шиг ямар ч идэвхгүй нурмайсан л юм болчихлоо. Юу ч хийж чаддаггүй өөрийгөө үнэхээр үзэн ядаж байна, өөртөө дургүй хүрч байна. Зүгээр л гараад зугтмаар, хаяад гүйчихмээр санагддаг. Одоо яг яах вэ, би ахиад энэ хүмүүстэй цуг хүүхдэд нь хараалгуулж хөөлгүүлэн баймааргүй байна. Надад хэцүү байна. Хүүхэд нь намайг зайл, яв, тэнэг мангар гээд зөндөө харааж, хөөдөг. Эмээ нь ч гэсэн нэг л дургүй дотроо, цаагуураа хөөчихмөөр зайлуулчихмаар санагддаг нь мэдрэгдээд байдаг. Хамаатан садан,ах дүү нар нь гэрээр нь ирэхэд би мэнд асуухад хариу мэндэлдэггүй хаха яг ийм л үед өөрийгөө шал дэмий юм хийгээд байгаа юм шиг санагддаг. Энэ ажил бол үнэхээр сурах юм ихтэй, өгөөжтэй ч гэсэн надад нэг л дарамттай хэцүү байна. Яг ингээд бичсэн чинь одоогийн байгаа байдал маань биш ирээдүйд болох зүйлд санаа зовоод байгаа ч юм шиг, айгаад. Юу болох бол гэдгээс. Хувьчлагдаж ажиллах уу,байгууллагаараа цаашид ажиллах уу гэдгээ би өөрөө шийдэх ч гэлээ яг ингэе гээд бодчихсон байхад л өөр нэг эргэлзээ төрөх шалтгаан гарч ирээд л үнэхээр төвлөрч тогтож чадахгүй байна аа. Би яах вэ, хувьчилж ажиллах уу, болих уу ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн эрх үүргийн талаар мэдээлэлтэй байх нь чухал.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Нийгмийн олон шаардлагуудтай нүүр тулж өөрийнхөө хувьд чухал, томоохон шийдвэр гаргах хэрэгтэй байгааг чинь ойлголоо. Мөн ажиллаж байгаа айлын чинь хүмүүс чамд таагүй сэтгэгдэл төрүүлсэнд нь харамсалтай байна. Чи өөрийгөө юу ч хийж чаддаггүй гэж бодоход юу нөлөөлсөн бэ? Ямар үйл явдал чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэсэн бэ? Эргэн тойрны хүмүүсийн бидэнд хэлж байгаа үгс, үзүүлж байгаа хариу үйлдэл мөн амьдралд тохиолдсон зарим үйл явдлууд бидний өөртөө итгэлтэй байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тэгвэл энэ ажлыг хийж эхлэхээс өмнө чиний өөртөө итгэх итгэл одоогийнхоос ямар байсан бэ? Дээрх асуултуудад хариулж тэмдэглэл бичээрэй. Бичих нь өөртөө тулгарч буй асуудлыг цэгцтэйгээр ойлгоход тусалдаг учраас чамд таагүй мэдрэмж төрөх эсвэл шийдэж чадахгүй асуудал тулгарах үед өөрийнхөө онцлогт тохируулан аль болох тэмдэглэл бичиж байхыг хичээгээрэй.
Мөн захидлаас, энэ ажил нь чамд таалагдахгүй байгаа боловч их зүйл сурах учраас, мөн мөнгө хэрэгтэй байгаа учраас ямар сонголт хийхээ мэдэхгүй байна гэж ойлголоо. Тэгвэл дараах асуултуудад хариулаарай.
Чи ямар зорилготой вэ? Хийж буй ажил чинь чиний зорилготой нийцэх үү?
Хувьчилж ажиллах нь чамд ямар давуу талуудыг бий болгох боломжтой вэ? Байгууллагаараа дамжуулж ажиллах нь чамд ямар давуу талыг бий болгодог вэ?
Хувьчилж ажиллах нь чамд ямар сул талуудыг бий болгох боломжтой вэ? Байгууллагаараа дамжуулж ажиллах нь чамд ямар сул талыг бий болгодог вэ?
Энд ажилласнаараа юу сурах боломжтой вэ? Сурсан зүйлс чинь цаашдын ажил хөдөлмөр эрхлэлт, мөн амьдралд чинь хэрхэн нөлөөлөх вэ?
Хэр удаан ажиллах боломжтой вэ? Чи хэр удаан ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
2017 онд хийгдсэн судалгаагаар, хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байх нь амьдралын сэтгэл ханамж болон ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг. Тэгвэл чи хийж буй ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ? Хэрэв сэтгэл ханамжгүй байдаг бол хэрхэн сэтгэл ханамжтай болох боломжтой вэ? Ажиллаж байх хугацаанд ямар асуудал тулгарах боломжтой вэ? Энэ асуудлыг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх вэ? Эдгээр асуултуудад хариулаарай. Чи ямар ч байдлаар ажилласан, мөн бусад хүмүүс чамд юу гэж ч хэлсэн, чи өөрийнхөө үнэ цэнийг чи өөрөө л тодорхойлно гэдгийг санаарай. Мөн ямар ч ажил хийсэн байсан хөдөлмөрийн хуулийн дагуух өөрийн эрх болон үүргийн талаарх мэдээлэлтэй байх нь чухал шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач: Д. Намуун
АСУУДАЛ: Би ээжтэйгээ үргэлж таагүй харилцаатай байдаг.
Сайн байна уу? Би 17 настай эмэгтэй. Ээжтэйгээ үргэлж таагүй харилцаатай байдаг. Анх 13 настайдаа гэрээ сайн цэвэрлээгүй байснаасаа болж "арчаагүй амьтан, ингэж амьдрахаар үхээч, үхээсэй" гэдэг үгийг сонсож байсан. Ухаан орсон цагаасаа эхлээд үргэлж ээждээ элдвээр хэлүүлж,загнуулдаг. Энэнээс болж хаалга тогших дуугарах бүрт сэтгэл түгшүүртэй байдаг. Би доороо 3 дүүтэй. Ээж гэртээ ер нь бол цагийг өнгөрүүлдэггүй. Утсаар ярих, гэрт байх хэсэгхэн хугацаандаа үргэлж харааж зүхэж загнадаг. Загнаж байгаа шалтгаанууд нь хэзээ ч том шалтгаан байдаггүй. Дүү нар маань ч гэсэн хаалга дуугарахад сандралдаж айдаг гэдгийг анзаарсан. Гэртээ ирэхээрээ хүүхдүүдрүүгээ орилж хашхичдаг хэрнээ бусад хүмүүстэй эелдэг хамгийн сайхнаараа харьцдаг. Ээжтэйгээ ойлголцож ярилцах гэж оролдож үзсэн ч удалгүй бүх юм буцаад л хэвэндээ үргэлжилдэгт нь дасчихсан. Ээжээс өөрийнхөө талаар сайхан зүйл сонсож, магтуулж байгаагүй өдөр бүр жижигхэн зүйлс дээрээс болж хараалгаж зүхүүлдэг болохоор ярилцаж өөрийгөө ойлгуулахыг ч хүсдэггүй. Миний өдөр тутмын амьдрал,юунд дуртай,ямар хүн болохыг хүсдэг, хэн нэгэн надад яаж хандсан гээд л миний талаар бараг юуг ч мэдэхгүй хэрнээ хорвоогийн хамгийн муу хүүхэд шиг аашилдаг. Дүү нараа ийм хүмүүжилд өсгөмөөргүй, хэнээс ч айлгүй зоригтой үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүүхдүүд болоосой гэж хүсэж байна. Яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сөрөг мэдрэмжээ илэрхийлэх нь сэтгэл санааг тогтвортой байлгахад тусална.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ээжтэйгээ удаан хугацааны турш таагүй харилцаатай байсан бололтой. Гэсэн хэдий ч гэр бүлийнхээ харилцаанд санаа тавьж байгаа нь сайн байна. Захидалд ээж нь хүүхдүүд рүүгээ орилж хашхирдаг мөртлөө бусад хүмүүстэй эелдэг харилцдаг гэж бичжээ. Энэ нь чамд таагүй санагдаж байгааг ээждээ хэлсэн болов уу? Мөн 13 насандаа ээжээсээ сонссон үгс чамайг шархлуулсныг ээж чинь мэдэж байгаа юу? Ямар учраас та нарыг загнадаг байсан бэ? Энэ нь дүү нарт нь ч бас таагүй санагдаж байгаа талаар ээждээ хэлсэн болов уу?
Захидлыг уншихад ээж чинь та нарт сайн хандаасай, өдөр тутмын амьдралын чинь талаар сонирхож ярилцаасай, санаа тавиасай, та нарыг ойлгодог байгаасай, сайн талуудыг чинь олж хараасай, бусад хүмүүстэй эелдэг харилцаж байгаа шиг та нартай ч гэсэн эелдэг, сайхан харилцаасай гэж хүсэж байгаа юм шиг санагдсан. Магадгүй өмнө нь энэ талаар чи илэрхийлсэн байж болох ч олон удаагийн давтамжтай өөрийн санаа бодлоо эерэг, тайван байдлаар илэрхийлбэл чамд ямар мэдрэмж төрж байгааг ээж чинь мэдэх боломжтой.
Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхдээ дараах аргыг туршиж болно. Заримдаа бид бусдад өөрийнхөө юу хүсэж байгаагаа илэрхийлэхдээ сөрөг утга бүхий үг өгүүлбэрийг ашиглах тохиолдлууд байдаг. Тухайлбал, та надад муухай үг хэлэхээ боль, таны энэ байдал надад таалагдахгүй байна гэх мэт. Эдгээр өгүүлбэрт сөрөг утга агуулагдсан байгаа учраас сонсож байгаа хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг талтай. Харин үүний оронд, таныг надад сайхан үгс хэлээсэй гэж хүсэж байна, та ингэвэл илүү сайхан харагдаж бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ гэх мэт адилхан утгатай боловч эерэг мэдрэмж төрүүлэх өгүүлбэрийг ашиглах нь ярилцлагыг үр дүнтэй болгоход тусалдаг.
Ийнхүү өөртөө төрж байгаа мэдрэмжээ хэлж, илэрхийлж байх нь чамайг сөрөг мэдрэмжээ гадагшлуулж, сэтгэл санаагаа тайван, тогтвортой байлгахад туслахаас гадна чамд ямар мэдрэмж төрж байгааг ээж чинь мэдэх боломжтой. Мөн ингэснээр дүү нар чинь ч бас мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх талаар чамаас суралцах боломжтой шүү дээ. Чамд амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Нэг орсон дэлгүүртээ дахиж орж чаддаггүй.
Сайн байна уу? намайг Э гэдэг. Би одоо 13 настай. Би өөрийнхөө нэг зан чанарт үнэхээр дургүй ч хэдий маш их хүсдэг ч өөрчилж чаддаггүй. Манай гэр бүл 2 жилийн өмнө хуучин байрнаасаа нүүж одоогийн байрандаа нүүж ирсэн юм. Өмнөх байрандаа олон найзуудтай байсан. Шинэ байрандаа нүүж ирээд хуучин найзуудаасаа хагацаж шинэ найзуудтай болох шаардлага гарсан. Өөрөө очиж найзлахын тулд би 1 жилийг зарцуулсан. Энэ нэг жилийн хугацаанд маш ихээр ганцаардаж хэдий хүүхдүүдтэй найзлахыг хүссэн ч чадаагүй. Надад үнэхээр найзлахыг хүсдэг 2 охин байсан. Тэдэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй очиж чаддаггүй байсан. Хэдий ойрхон ирсэн ч хэзээ ч асууж байгаагүй. Очих гэж оролдох тоолонд зүрх маш хүчтэй цохилж амьсгаа давчдаж бие маань таг зогсчихдог. Яг л зааг тавьчихсан юм шиг нэг газраасаа урагшилж чадаагүй. Тэрнээсээ болж сэтгэл гутардаг байсан. Харин манай дүү эсрэгээрээ 1 өдөрт л маш олон найзтай болчихсон. Би найзуудтай болохын тулд төлөвлөгөө гаргасан тэмдэглэл хүртэл бичдэг байлаа. Яг үнэнийг хэлэхэд би одоо ч очиж чадаагүй. Яг 1 жилийн дараа найзууд маань над дээр ирээд найзлахыг асуусан юм. Би одоо ч хүнээс очиж найзлахыг асууж чаддаггүй хэвээрээ. Үнэхээр арчаагүй гэдгээ мэддэг. Би дэлгүүрээс зээл авч чаддаггүй. Нэг орсон дэлгүүртээ хоёрдохоо орж чаддаггүй. Ямар нэгэн сонирхолтой үйл явдал тохиолдоход бусдад юу гэж хэлэхээ маш удаан бодож ярьж буйгаар төсөөлдөг. Харамсалтай нь жилийн өмнө найзалсан тэр найзуудтайгаа одоо харьцаагүй байдаг. Нэг нь намайг өөр хүмүүст олон удаагаар муулж. Нөгөөдөх нь намайг тоохоо больсноор бид найзлахаа больсон. Би маш олон найзтай. Найзуудынхаа дэргэд чөлөөтэй галзуу хүн шиг л байдаг. Гэхдээ нэг зүйлийг анзаарсан нь манай найзууд дунд ганц ч миний түрүүлж найзалъя гэж хэлсэн хүүхэд байдаггүй :(. Бүгд л албан шаардлагаар найзалсан хүүхдүүд. Жишээ нь ангийн хүүхдүүд дугуйлангийн хүүхдүүд гэх мэт. Мөн танихгүй олон хүнтэй газар луу ойртож чаддаггүй. Аниагийнхаа найзуудтай таарахдаа мэндэлж чаддаггүй танихгүй хүний дэргэд үргэлж биеэ барьдаг. Эдгээр бүх үед мөн л адил зүрх хурдтай цохилж амьсгал давчдаж бие салганаж алхаж чаддаггүй. Ойрын үеүдэд өөрийгөө аитизмтай юм болов уу гэж бодох боллоо. Эсвэл ямар нэгэн эмгэг. Ийм ямар нэгэн эмгэг байдаг уу? Энэ асуултад минь заавал хариулж өгөөрэй. Баярлалаа
ЗӨВЛӨГӨӨ: Түрүүлж яриа өдөх, танихгүй хүнтэй шууд харилцаж чадахгүй байх нь тухайн хүний зан чанарын онцлог
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд өөрийгөө оношлох гэж бүү яараарай. Би ямар нэгэн эмгэгтэй юм болов уу? гэж таах тусам эмгэггүй байсан ч төсөөллөөрөө тийм юм шиг санагдах эрсдэлтэй. Хүмүүстээ түрүүлж мэндлэхээр, нэг дэлгүүртээ дахин орохоор, бусдад хэлэх зүйлээ бодохгүй хэлбэл, танихгүй олон хүнтэй газар луу ороход ямар мэдрэмж төрдөг вэ? Ямар бодол орж ирдэг вэ? Яагаад санаа зовоод байдаг вэ? Тэдний юу гэж бодох вий, хэлэх вий гэдгээс айж байна уу? эсвэл өөр юу байна вэ? Хэн нэгэнтэй найзлахдаа яагаад чи түрүүлж хэлэх нь чухал вэ? Чи түрүүлж хэлэхгүй байсан ч бусадтай үнэн сэтгэлээсээ найзалж болохгүй гэж үү? Эдгээр асуултад хариулаарай.
Одоо байгаа найзуудыгаа надтай албан шаардлагаар найзалсан гэж бодолгүй тэднийг чам дээр түрүүлж ирсэнд нь талархаж хайрлаарай. Албан шаардлагаар найзалсан гэх хандлага нь үнэн сэтгэлээсээ байхад, тэдэнд итгэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс юун түрүүнд энэ бодлоо өөрчлөөрэй. Мөн дүү нь 1 өдөрт хүнтэй найзалж байхад чамд 1 жил шаардсан нь хэвийн зүйл. Хүн болгон өөр шүүдээ. Аливаа зүйлийг хийхэд өөр өөр цаг хугацааг зарцуулдаг. Тиймээс түрүүлж хэлж чадахгүй байлаа гээд чи арчаагүй гэсэн үг биш. Мөн хүмүүстэй яриа өдөж танихгүй хүнтэй шууд харилцаж чаддаг хүн байхад тэгж чаддаггүй хүн байдаг. Энэ нь тухайн хүний зан чанарын л онцлог. Тиймээс эхний ээлжид өөрийгөө таниарай. Чи ямар төрлийн хүн бэ? Тэрийг тодорхойлоод өөрийн байгалиас заяасан зан чанараа эерэгээр хүлээн авч байж дараа нь өөрчлөгдөх алхмыг хийх нь чамд илүү амар байх болов уу. Үүний дараагаар танихгүй хүмүүстэй ярихаар яг юунаас айгаад байна вэ? гэдгээ эргэцүүлж бодоорой. Мөн өөрийгөө хэт битгий шүүмжлээрэй. Өөртөө зөөлөн хандаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
АСУУДАЛ: Нэг зүйл таалагдахгүй байвал тэрийгээ хэлж чаддаггүй.
Сайн байн уу? Би одоо 16 хүрэх гэж байгаа. Би нэг жоохон дутагдалтай талтай тэр нь уураа барьж чаддаггүй тэгээд тэрийгээ шууд илэрхийлж чаддаггүй жнь: нь нэг зүйл таалагдахгүй байвал тэрийгээ хэлж чаддаггүй хэлбэл намайг юу гэж бодох бол намайг буруугаар ойлгочихвол яах бол гэх мэтээр хэлж чаддаггүй. Гэхдээ заримдаа уурлаж байгаагаа илэрхийлж чадахгүй олон найзуудаа ч алдаж байсан одоо намайг ойлгоод миний хажууд байдаг ганцхан найзтай бусад нь намайг сонин ааштай гэх мэтчилэн буруугаар ойлгодог. Заримдаа би өөрийнхөө аашийг ойлгодоггүй. Тэгээд би энэ сонин аашаа засахаар шийдсэн гэхдээ яг яаж гэдгээ сайн ойлгохгүй байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Юун түрүүнд сэтгэл хөдлөлөө ойлгодог байх хэрэгтэй.
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Энэ насан дээр сэтгэл хөдлөлөө ойлгохгүй байх, яаж илэрхийлэх учраа олохгүй байх нь хэвийн. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурахад хамгийн түрүүнд өөрийн сэтгэл хөдлөлөө таньдаг ойлгодог байх хэрэгтэй. Чи яг одоо юу мэдэрч байна вэ? Баяр хөөр, гуниг, уур, айдас, ганцаардал, гомдол, түгшүүр гэх мэт алийг мэдэрч байгаагаа нэрлэж оноосон үгийг нь өөртөө хэлэхийг хичээгээрэй. Мөн надад……… санагдаж байна гэдэг өгүүлбэрийг ашиглаад үзээрэй. Тус болно гэж найдаж байна. Үүний дараагаар өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах буюу зөв илэрхийлэх. Зөв илэрхийлэх гэдэг нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө үг өгүүлбэрээр илэрхийлж бусадтай хуваалцах юм. Чи хэлэхгүй л бол бусад хүмүүс чамд ямар байгааг, юу мэдэрч байгааг мэдэхгүй шүү дээ. Уурласан үедээ эхлээд тайвшрах аргуудыг хэрэглэж тайвшраарай. Үүний дараагаар юунаас болж уурласан бэ? гэдгээ олох хэрэгтэй. Олсон бол тухайн хүнд нь эсвэл найзууддаа, гэрийнхэндээ юу таалагдаагүй, юу чамайг таагүй болгосон бэ? гэдгийг хуваалцаарай. Таалагдахгүй байгаа зүйлээ хэлж чаддаггүй, айдаг гэсэн байна. Айж санаа зовж байгаа нь мөн л хэвийн. Гэхдээ туршиж үзэхгүй бол энэ айдсаа давахгүй шүү дээ. Бага багаар өөрт буй мэдрэмжээ гэрийнхэн, найзууд, ойр тойронд байгаа хүмүүстээ хэлэхийг хичээгээрэй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх