Б.Өлзийсайхан: Энэхүү сэдэмж бичлэгийн уралдаанд XI-XII ангийн сурагчид оролцох боломжтой


Үжин | YOLO.MN
2017-11-13

ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд "Монгол Улсын хөгжилд бидний оролцоо" сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тус сэдэмж бичлэгийн уралдааны талаар "Билиг" дээд сургуулийн захирал Б.Өлзийсайханаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн XI-XII ангийн сурагчдын дунд нийт хоёр сая төгрөгийн шагналын сантай сэдэмж бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ зарласан байна. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил ямар сэдэв сонгосон бэ?
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын хуульчдын холбоо хамтран ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд "Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо" сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Одоогийн байдлаар бид 21 аймаг , нийслэлийн есөн дүүргийн ЕБС-иудад сэдэмж бичлэгийн уралдааны удирдамжийг хүргүүлээд байна.

-Хоёр дахь жилдээ зохион байгуулж байна гэлээ. Өнгөрсөн жилийн тэмцээний үр дүнгийн талаар ярихгүй юу. Хүүхдүүд хэр идэвхтэй оролцов?
-Анх 2016-2017 оны хичээлийн жилд "Билиг" дээд сургууль болон Монголын хуульчдын холбоо хамтран ЕБС-ын XII ангийн сурагчдын дунд "Хүхий эрх, эрх чөлөө" сэдвээр сэдэмж бичлэгийн уралдааныг зарлаж байсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 230 гаруй сурагчид бүтээлээ бидэнд хүргүүлсэн.

Үүнээс уралдааны шүүгчид долоон сурагчийн сэдэмж бичлэгийг шалгаруулж, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Ер нь өнгөрсөн жилийн уралдаанд илгээсэн сурагчдын сэдэмж бичлэгийг судлаачийн байр суурьнаас харахад, сурагчид хүүхдийн эрхийн асуудлыг эцэг эх, багш нарынхаа хэлсэн, ярьснаар хүлээн авч, ойлгосон нь ажиглагдаж байлаа.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хууль эрхзүйн талаархи системтэй мэдлэгийг олж авч чадахгүй байна гэж дүгнэсэн. Мөн хүүхдүүд нийгмийн анхаарлын төвд буй хэт туйлширсан мэдээллийг илүү сонсож, түүндээ дүгнэлт хийх гэж оролдож байсан. Нөгөөтэйгүүр хүүхдүүд бие даан эрх зүйн актуудыг судалсан нь ажиглагдсан. Хүүхдүүд энэ тэндэх цахим мэдээллээс илүү өөрөө дүгнэлт хийх гэж оролдсон бүтээл олон ирж байсан.

Энэ жилийн сэдэв ч гэсэн маш чухал. Яагаад гэвэл, хүүхэд өөрөө нийгмийн оролцогч. Тэгэхээр тухайн хүүхэд өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг чухал асуудал. Тиймээс энэ сэдвийг сонгосон. Энэ жилээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Энэхүү сэдэмж бичлэгийн уралдаан нийт хоёр сая төгрөгийн шагналын сантай. Бид  нийт 10 бүтээл шалгаруулна. Тодруулбал, I байр 600 мянга, II байр 450 мянга, III байрт хоёр хүүхдийн бүтээлийг шалгаруулах бөгөөд тус бүр 250 мянган төгрөгийн шагналтай.

-Сэдэмж бичлэгийн уралдаанд оролцохыг хүссэн ЕБС-ийн XI-XII ангийн сурагчид сэдэмж бичлэгээ яаж явуулах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Уралдаанд оролцогчдын материалыг энэ сарын 20-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Энэхүү сэдэмж бичлэгийн уралдаанд оролцохыг хүссэн XI-XII ангийн сурагчид материалаа info@bilig.edu.mn хаягаар явуулах ёстой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 11-321942, 99002615 болон "Сэдэмж бичлэгийн уралдаан-2018" фэйсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

-"Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо" сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааны шагналын сан маш өндөр байгаа шүү дээ. Шагналын талаар тайлбарлахгүй юу. Нийт хэчнээн байр шалгаруулах вэ?
-Манай сэдэмж бичлэгийн уралдаан нийт хоёр сая төгрөгийн шагналын сантай. Бид  нийт 10 бүтээл шалгаруулна. Тодруулбал, I байр 600 мянга, II байр 450 мянга, III байрт хоёр хүүхдийн бүтээлийг шалгаруулах бөгөөд тус бүр 250 мянган төгрөгийн шагналтай. Мөн тусгай байрт гурван хүүхэд шалгаруулж, тус бүр 150 мянган төгрөгийн шагналтай.  Түүнээс гадна гурван хүүхдийг хамтран зохион байгуулагч байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнаж байгаагаараа онцлогтой.

#School #Writing #Competition