Уурлаж бухимдахгүй, сэтгэлээр унахгүйгээр амьдрах НУУЦ


Цэцээ | YOLO.MN
2021-04-15

“Хүн болгонд л асуудал байдаг” гэдэг үгийг өмнө нь сонсож байсан уу? Яг үнэндээ ямар ч асуудалгүй амьдрал гэж байдаггүй. Ямар нэгэн асуудалтай тулгарч, түүнийгээ даван туулж амьдрах нь л амьдралын мөн чанар. Ер нь бид аливааг хүндрүүлэн бодож өөртөө дарамт шахалт өгөхөөс л бүх асуудал эхэлдэг юм шүү дээ.

Тэгвэл уурлаж бухимдахгүй, сэтгэлээр унахгүйгээр амьдрах боломжтой юу? Хариулт мэдээж ТИЙМ. Бид л жижигхэн асуудлыг хүндрүүлж, өөрсдийгөө зовоодог. Харин тэдгээр асуудлыг шийдэх ийм л амархан:

УУРЛАСАН Ч БИЕЭ БАРИХ АМАРХАН!

Бид байнга л уурлаж бухимдаад байвал өөрийгөө ядраагаад зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүст ч төвөг уддаг. Гэтэл огт уурлахгүй амьдрах нь боломжгүй. Мэдээж уурлах нь ямар ч сайн зүйлд хүргэхгүй шүү дээ. Харин уур хүрсэн үед өөрийгөө тайвшруулж, биеэ барьж сурах хэрэгтэй. Ингэхдээ амьсгалын дасгал хий, утсаа аваад дуртай дуугаа сонс, YouTube ороод дуртай влогоо үз. Бидний өдөр тутамд хийх дуртай зүйлс маань л биднийг тайвшруулж байдаг. Илүү их тайвширч, амар амгалан байдлыг мэдэрмээр байвал иогоор хичээллэх, бясалгал хийх талаар судлаад үзээрэй.

Мөн бусдад уурлахаасаа өмнө дараах асуултыг өөрөөсөө асуу.

  • Би тэднийг сайн ойлгосон уу?
  • Би зөв хүндээ уурлаж байна уу?
  • Би юуны төлөө уурлаж байгаа юм бэ?
  • Энэ хүмүүст ямар санагдаж байгаа бол?
  • Би уурлалаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү? Тийм бол яаж өөрчлөгдөх юм бэ?

Уур хүрсэн ч бусдыг гомдоохгүй, өөрийгөө зовоохгүй байх хамгийн зөв шийдэл бол биеэ барих юм шүү дээ. Амархан байгаа биз?

ЯДРААД БАЙВАЛ ЗӨВ ДАДАЛТАЙ БОЛОХ АМАРХАН!

Хичээл хийсэн ч, зүгээр суусан ч, унтсан ч, идсэн ч ядарсан мэдрэмж төрөөд байна уу? Тийм бол ус сайн уу, нойроо авах ёстой цагт нь ав, өглөөний цайгаа уу, амралтын өдрөөр амарч сур, дасгал хий, утсаа бага оролд.

Дээрх зүйлсийг уншихад хэтэрхий хялбархан төдийгүй мэддэг, мэдэх ч ёстой зүйлс байгаа биз? Гэвч бидний ихэнх нь дээрх дадлуудыг эсрэгээр нь хийчихдэг талтай. Тэгсэн мөртлөө байнга ядраад байгаа шалтгаанаа ойлгохгүй байдаг. Харин өнөөдрөөс эхлээд өөрийнхөө төлөө өөрчлөгдөөд үз. Зүгээр л эрт унт. Утасны хэрэглээгээ багасгаад өөртөө 30 минут зарцуулж дасгал хийхэд л ядаргааг мартах болно. Өөрийнхөө төлөө зөв дадалтай болох амархан шүү дээ.

ХАЙР ДУРЛАЛ БҮТЭЛГҮЙТСЭН Ч ШИНЭЭР ЭХЛЭХ АМАРХАН!

Хорвоо дээр хайр дурлалын асуудалгүй хүн байдаг гэж үү? Зарим нь ганцаараа хайрлаж, ганцаараа шаналж байхад харин зарим нь хосоороо явж байгаад нэг л мэдэхэд ганцаараа болчихдог. Ингээд л "Haru haru" сонсож эмороод байх хэрэггүй.

Харилцаагаа аварч үлдэхийн тулд өөрийн чадах бүх зүйлээ хийсэн бол тэгээд л орхичих. Бүтэхгүй харилцааг бүтээх гэж явсаар өөрийгөө хэн гэдгийг мартаж байгаа юм биш биз? Айн Рэндийн “Миний худалдаж авсан нөхөр” өгүүллэгт “Хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрла” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг хайрласан ч өөрийгөө бүү март гэдгийг Ирэнэ бүсгүйн амьдралаас харж болно. Тиймээс хайр дурлалын асуудлаас болж “бага шаналаарай”. Үнэхээр бүтэшгүй харилцааг эртхэн орхиж, сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй.

Хайртай хүнтэйгээ харилцаагаа дуусгалаа гээд амьдрал дуусчихгүй шүү дээ. Тиймээс уйтгарлаж суухын оронд өөртөө илүү их цаг зарцуул, түүний тухай бодохоо багасга, уучил, өөрийгөө бүү буруутга. Чамд таарсан хэн нэгэн хаа нэгтээ байгаа гэдэгт итгээрэй. Сэтгэл санаагаа удирдаад сурчхад л амархан байгаа биз?

БҮХ ЗҮЙЛ УЙТГАРТАЙ БАЙВАЛ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ ӨӨРЧЛӨХ АМАРХАН!

Заримдаа өдөр тутамдаа хийдэг зүйлс маань уйтгартай санагдаж, бүх зүйлээс залхах тохиолдол бий. Яг ийм үед бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, байнга хийдэг зүйлсээ хийхийг хүсэхгүй, дуртай хөгжмөө сонсох ч сонирхолгүй болчихдог. Гэхдээ энэ тийм том асуудал гэж үү?

Бодит байдлыг ойлгоход л болно. Үнэхээр бүх зүйл уйтгартай байвал амьдралын хэв маягаа өөрчлөх, сэтгэл санаагаа удирдах гээд оролдоод үз. Дасгал хийдэггүй байсан бол дасгал хий, намуухан дуу сонсдог байсан цоглог дуу сонс, зурагт үзмээргүй байвал YouTube дээрээс эрч хүч өгөх илтгэл сонс. Бүх зүйлээс эерэг талыг нь харж, сэтгэл санаагаа удирдах амархан.

ЗОРИЛГОТОЙ БАЙХАД ХЭЛ СУРАХ АМАРХАН!

Зарим хүмүүс гадаад хэл суръя гэж боддог ч түүнийгээ үйлдэл болгохгүй явсаар л байдаг. Энэ нь эцэс сүүлдээ өөрт нь дарамт, хүнд ачаа мэт санагддаг. Ийнхүү хэл сурах нь “хамгийн хэцүү зүйл” гэсэн ойлголттой болчихдог. Гэхдээ сурах аргаа олчихвол бүх зүйл хялбар байх болно.

Хэрхэн сурах вэ? Зорилгоо тодорхойлоод төлөвлөгөө гаргаарай. Ямар ч зорилгогүй хэл сурна гэвэл хэзээ ч бүтэхгүй л болов уу. Харин амьдралд ойрхон зорилго тавьж, түүндээ тохирсон төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Төлөвлөгөө ерөнхийгөөс нарийн руу чиглэсэн байвал сайн. Долоо хоногийн хэдэн өдөр, хэдэн цагаар хэл сурах зэргийг нэг бүрчлэн тусгавал зохино. Тухайн сурах гэж буй хэл дээрээ үг цээжлэх, харилцан яриа сонсох, цээж бичиг хийх, эсээ бичих явцдаа л чи сурах аргаа олчихно. Ингээд хэл сурах нь чамд “дарамт” биш амьдралын чинь нэг хобби болж хувирах болно.

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил #Сэтгэл зүй