Ирэх жилүүдэд адал явдалт, ганцаарчилсан, эко аялал сонирхох жуулчид нэмэгдэнэ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-02-11

Монгол Улсад одоогоор нэг жуулчны зарцуулж буй 2000 ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд Төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, оновчтой стратеги төлөвлөгөө чухал байгааг салбарын сайд онцоллоо.

Ирэх жилүүдэд адал явдалт, ганцаарчилсан, эко, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал сонирхох жуулчид нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ чиглэлийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг “Аялал жуулчлалын долоо хоног-2025” арга хэмжээнд оролцогчид тодотгож байна.

Засгийн газраас аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, хил орчмын аялал жуулчлалыг бий болгох зорилт тавиад байгаа юм. Үүний тулд дэд бүтцийг хөгжүүлж, хувийн хэвшлүүд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэх нь чухал байгааг аж ахуйн нэгжийн төлөөллүүд онцолж байна.

Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас тэг зогсож, 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнөөдрийн байдлаар  орлогоо 65 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Тус салбар 2023 онд 1.2 тэрбум ам.долларын орлого олсон бол өнгөрсөн онд 1.6 тэрбум ам.долларын орлогыг улсын эдийн засагт төвлөрүүлжээ. Аялал жуулчлалын салбарын орлого 2022 оныхтой харьцуулахад 2.8 дахин нэмэгдээд байгааг салбарын сайд тодотголоо.

#medee #аялал