Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №11


Салбар салбартаа манлайлагч эрхмүүдийг урин оролцуулж, шимтэн унших дуртай номынх нь тухай ярилцдаг “Залуу хүний заавал унших ном” цувралын маань энэ удаагийн дугаарт найруулагч Ж.Сэнгэдорж оролцлоо.

“Ларьдма”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг”, “Үргээлэг” зэрэг гайхалтай уран бүтээлүүдийн зохиолыг нь бичиж найруулан, үзэгч биднийхээ мэлмийг баясгаж, оюуныг тэлдэг тэрээр залууст ямар ном санал болгосныг сонирхоно уу. 

Санал болгож буй ном: Хараацай зогсолт

Зохиолч: Л. Өлзийтөгс

Төрөл: Экспериментал роман

Товч агуулга: “Хараацай зогсолт” номын тухай зохиолч Г.Аюурзана, "Хоёр эмэгтэй уран бүтээлчийн дотоод ертөнц, хачирхалтай тэмдэглэлүүд, оньсого мэт бичвэр сүлэлдээн, тэдний харилцан уншилцсан гар бичмэлүүд..." хэмээжээ. 

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Амьдралын өнцөг, өнгийг богино орон зайд энгийн мөртлөө хурцаар илэрхийлсэн зохиолчийн мэдрэмжээр амьдралын гоо зүйг мэдрэхийн тулд.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Эмэгтэй хүний, тэр дундаа эмэгтэй уран бүтээлчийн дотоод ертөнцийн талаар суралцаж байна.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- Эргээд хартал нүд...
Толин дотор миний нүд..

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Өөрийгөө таньж мэдэх, олоход тусалдаг.

YOLOНом ... хамт гайхалтай төгс зохицдог.

- Ном анир чимээгүйтэй хамт маш сайн зохицдог доо.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Цаасан номыг илүүд үздэг. Сонсдог ном бол ном биш мэдээлэл юм.

YOLOНомыг хэрхэн уншдаг вэ?

- Амттай номыг зохиолчтой нь уралдан уншдаг.

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Мөн.

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Тоолоогүй л байна. Гэхдээ овоо их юм бий. Сайхан ном харагдахаар авчихдаг болохоор уншсанаасаа уншаагүй нь илүү байгаа байх. Зав гаргаад уншина даа.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Номоо хүнд зээлүүлэх дургүй. Мартамхай болохоор хэнд өгсөн гэдгээ санадаггүй юм. Заримдаа алга болсон номоо олохын тулд ном уншдаг хэдэн найзууд руугаа шууд залгаж нэхдэг.

Зургийг gogo.mn-ээс

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Энэ нууц байг ээ.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Эхлээд өөрийгөө сонсож, олох хэрэгтэй. Тэр цагт ном та хоёр бие биенээ олчихно.

YOLOНомыг эх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Би эх хэлээрээ ч боловсорч гүйцээгүй байна. Гэхдээ эх хэлнээс нь унших сайхан байх.


Дэлхийн номын өдрийг тохиолдуулан зохиолч Л.Өлзийтөгс ном уншихын тухай нэгэн гайхалтай зөвлөгөөг хүргэж байсныг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Хэрэв чи хайраа олоогүй яваа бол ном унш! Дурлаж болох үй олон хүн “тэнд” буй.

Хэрэв чи мөрөөдөлгүй бол ном унш! Ирмүүн хүслээр зүрх чинь халгиж цалгиад л эхэлнэ.

Хэрэв өлсөж, зүдэрч яваа бол ном унш! Ингээд чи хэзээ ч дундрахгүй шидэт, дүүрэн ширээтэй боллоо.

Хэрэв гадуурхагддаг бол, зүгээр л, ном унш! Өгөөмөр ном чам руу өдөр бүр гар сунгана.

Хэрэв ядуу бол ном унш! Нэг л өдөр чи хамгийн баян хүн болсноо мэднэ. Харин баян бол бүр ч их унш. Мөнгөөр авч чаддаггүй зүйлсийг номоос олсноор мөнхөд баян амьдарна.

Хэрэв алдаа хийсэн бол ном унш! Өнгөрснийг мартан урагшлах мянган аргыг өвгөдийн алтан ном шивнээд л өгнө.

Хэрэв өнчин бол ном унш! Ном - хагацашгүй эцэг эх.

Хэн нэгэнд гомдсон бол ном л унш! Өршөөл, уучлалыг номоос олсон чи үзэсгэлэнт баян бүрд болж хувирна.

Элгэн саднаасаа хол, харь нутагт яваа бол ном унш! Эх хэл дээрээ унших ном эх орон чинь болно.

#Залуус #Ном