ЭЕШ-ын сэдэв даалгаврын боловсруулалт ХЭРХЭН явагддаг вэ?


ЭЕШ-ын сэдэв даалгавар боловсруулах, хэвлэх, савлах, түгээх үйл ажиллагаа нь иргэд олон нийтийн анхаарлыг татсан асуудал байдаг билээ. Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотоос зайдуу, хөл хөдөлгөөн багатай, гадны хүнтэй уулзах боломжгүй, интернэт гар утасны сүлжээ ордоггүй, нууцлагдсан газрыг сонгон "пост" болгон, БҮТ-ийн төлөөлөл, МУБИС, МУИС болон бусад их дээд сургууль, ЕБС-ийн багш нар, Цагдаагийн тусгай хамгаалалтын I газар, ТЕГ-ын Тусгай шуудангийн албаны оролцоо, хяналт, хамгаалалтын дор зохион байгуулагддаг юм. Сэдэв даалгавар боловсруулах үйл ажиллагааг

• Блупринт буюу шалгалтын агуулга тогтоох
• Сэдэв боловсруулах багш нарыг сонгох, гэрээ байгуулах
• Сэдэв боловсруулах
• Шалгалтын материалыг хэвлэх, савлах
• Шалгалтын байранд хүргэх гэсэн үндсэн бүтэц, зохион байгуулалтын дагуу явуулдаг.

ХАМГААЛАЛТ БА НУУЦЛАЛТ

Сэдэв боловсруулах, хэвлэх, савлах, түгээх үйл ажиллагаанд зориулан уг постод Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаа нар, постын үйл ажиллагааг бүрэн хянах хяналтын камерууд, БҮТ-ийн төлөөлөл байнгын ажиллагаатай байдаг. Тухайлбал: Сэвэв боловсруулах объект, хэвлэх цех, хоолны газар гэхчилэн бүхий л газар хяналт тавьдаг болно.

БЛУПРИНТ БУЮУ ШАЛГАЛТЫН АГУУЛГЫГ ХЭРХЭН ТОГТООДОГ ВЭ?

Жил бүрийн ЭЕШ-ын бэлтгэл ажлын хүрээнд ЭЕШ-ын 10 хичээлийн сэдэв боловсруулах урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж www.eec.mn сайтаар дамжуулан нийтийн хүртээл болгодог билээ. Энэхүү блупринтэд тухайн хичээлийн ямар агуулга хэдэн хувиар, хэдэн оноотой байхыг заасан байдаг тул суралцагч та бүхэн шалгалтад бэлдэхдээ анхаарч болох юм.

СЭДЭВ БОЛОВСРУУЛАХ БАГШИЙГ ХЭРХЭН сонгодог вэ?

БҮТ 2004 оноос эхлэн улсын шалгалт, 2006 оноос эхлэн ЭЕШ-ыг жил бүр зохион байгуулж байгаагийн хувьд 15000 орчим багшийн мэдээллийг цуглуулж, хүний нөөцийн сан үүсгэсэн. Эдгээр багш нараасаа багшлах ур чадвар, арга барил, олимпиад уралдаанд өөрөө болон суралцагчдын үзүүлсэн амжилт, мэргэжлийн зэрэг, цол, арга туршлага, бүтээл туурвисан байдал, даалгавар боловсруулах туршлага зэргийг үндэслэн сонгоно. 
Ингэхдээ хичээл бүрээр их, дээд сургуулиас нэг, ЕБС-иас нэг багшийг сонгох бөгөөд их, дээд сургуулийн багш нь онол, шинжлэх ухааны үндэслэлтэй байдлыг, ЕБС-ийн багш нь суралцагчдын мэдлэг чадварын түвшин, сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцүүлж буй эсэхэд хяналт тавьж хамтран ажилладаг байна.

ШАЛГАЛТЫН СЭДВИЙГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛДАГ ВЭ?

Сонгогдсон багш нар интернэт, гар утасны сүлжээгүй, гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан байранд даалгавар боловсруулах бөгөөд шалгалтын материалын нууцлалыг сэдэв зохиогч багш нар бүрэн хариуцдаг байна.

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХЭВЛЭХ, САВЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шалгалтын материал хэвлэх цехийг хэвлэлтийн тоног төхөөрөмж, хэвлэлтийн цаас, бусад хэрэглэгдэхүүний хамт байршуулах бөгөөд хэвлэлтийн бүхий л ажиллагааг сэдэв зохиогч багш нар болон цагдаагийн хамгаалалт, хараа хяналтын дор явуулна. Шалгалтын материал хэвлэгдэж дуусмагц "Төрийн албаны нууцлалыг гэрээ" байгуулсан мэргэжилтнүүд шалгалтын байр бүрээр хуваарилан савлаж, лацдан битүүмжилнэ.

ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шалгалтын материалыг савлаж битүүмжилсний дараа ТЕГ-ын тусгай шуудангийн албанд шалгалтын материалын лац бүрийг тэмдэглүүлэн хүлээлгэн өгнө. Уг битүүмжилсэн хайрцаг бүхий шалгалтын материалыг ТЕГ аймаг, дүүргийн шалгалтын байранд ажиллаж буй БҮТ-өөс томилогдсон сэдэв хариуцагч нарт тухайн шалгалтын зохион байгуулах өдөрт нь хүргэж өгдөг байна. Шалгалтын цаг эхлэхэд шалгуулагч, хянагч багш нарын төлөөллийн өмнө уг хайрцгийн лацны бүрэн бүтэн байдлыг шалгуулснаар шалгалтын материал бүхий хайрцгийг задалж, анги бүрт түгээдэг байна.

Эх сурвалж: БҮТ-өөс эрхлэн гаргадаг “Элсэгчийн сонин"

#ЭЕШ #text #process