Мини-драмууд БНХАУ-д анх 2018 оноос буюу “TikTok” танилцуулагдсаны дараахан гарч эхэлсэн байна.
БНХАУ-ын медиа салбарт ид хүчээ авч буй "мини савангийн дуурь" венчур хөрөнгө оруулагчид, стартапуудын анхааралд өртөх болоод байна. Мини-драм нь тодорхой өрнөл зохиолтой, хүлээлт үүсгэсэн төгсгөлтэй, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн гэдгээрээ уламжлалт “TikTok” бичлэгүүдээс ялгаатай.
Мөн нэг анги нь ердөө 60-90 секунд үргэлжилдэг, нэг цуврал голчлон 50-иас дээш ангитай байдаг аж. Тухайлбал: 2023 онд энэ төрөлдөө байлдан дагуулж байсан "The Double Life of My Billionaire Husband" цувралд ээжийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд аргагүйн эрхэнд чинээлэг эртэй гэрлэсэн нэгэн эмэгтэйн түүхийг 100 секундийн урттай ангиудад багтаан өгүүлдэг.
Зар сурталчилгааны борлуулалт, үзэгчдийн худалдан авалт эрс нэмэгдсэнээр мини-драм салбарын орлого өнгөрсөн онд 35 хувиар өсөж, 50.44 тэрбум юань буюу 6.91 тэрбум ам.доллар хүрч, БНХАУ-ын кино театруудын орлогыг давжээ.
БНХАУ-ын тэрбум давсан интернэт хэрэглэгчдийн тэн хагас нь өдгөө мини-драм үздэг бөгөөд тэдний гуравны нэг нь өдөрт нэгээс дээш цуврал бүтэн үзэж дуусгадаг аж.
Мини-драмууд БНХАУ-д анх 2018 оноос буюу “TikTok” танилцуулагдсаны дараахан гарч эхэлжээ. Удалгүй “Kuaishou Technology”, “Tencent Holdings” зэрэг компани сошиал орчинд богино бичлэг гүйлгэн үзэж, цагийг өнгөрөөх нь зуршил болсон олон арван сая залуу үзэгчдийг татдаг болсон байна.
Эдгээр платформуудын хурдацтай өсөлт нь БНХАУ-ын стриминг үйлчилгээний томоохон тоглогчид богино хэмжээний цувралуудыг хөтөлбөртөө багтаахад түлхэц болжээ. БНХАУ-ын “Netflix” гэж болох “iQiyi”, “Tencent” платформууд дотоодын төдийгүй далайн чанадын үзэгчдэд зориулсан мини-драмуудад албан ёсны эрх авч эхлээд буй.
Өдгөө БНХАУ-ын мини-драм бүтээгчид жилд 5000-8000 шинэ цуврал гаргаж байгаа нь бусад орнуудынхаас 10 дахин өндөр үзүүлэлт болохыг салбарын шинэхэн компани “Luckyshort”-ийн үүсгэн байгуулагч Ривс Дэнг мэдээлжээ. Түүнчлэн 2024 онд мини-драмын бизнест шинээр бүртгүүлсэн компаниудын тоо олон мянгаар хэмжигдэж буйг салбарын тайлан харуулж байна.
Өрсөлдөөн ширүүссэнээр мини-драм бүтээх зардал эрс өсөж буй ч нэг цуврал бүтээхэд хэдхэн мянган ам.доллар шаардагддаг хэвээр аж. Харин зар сурталчилгаа, хэрэглэгчийн төлбөрөөр дамжуулан олдог орлого нь олон саяар хэмжигддэг байна. Тодруулбал: эхний хэдэн ангиудыг үзсэн үзэгч дараагийн ангиудыг үзэхийн тулд мөнгө төлөх, эсвэл анги хооронд гарах зар сурталчилгааг үзэх зэргээр орлогыг нь бүрдүүлдэг.
БНХАУ-ын мини-драмын салбарын хамгийн том тоглогчдын дараагийн зорилго нь гадаад зах зээлд бизнесээ өргөжүүлэх явдал болжээ. Тухайлбал: “ShortMax” Азийн бусад орнуудад тухайн орны хэлээр бүтээгдсэн цувралуудаа гаргаж эхэлсэн бол АНУ-д бүртгэлтэй “Mega Matrix” Ойрх Дорнодын зах зээлийг онилж байна. Үүнээс гадна БНСУ-ын “Tving”, Энэтхэгийн “JioCinema”, Индонезийн хамгийн том стриминг үйлчилгээ “Vidio” мөн дотооддоо энэ төрлийн богино контент гаргахаар бэлтгэж буй аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!