ЗАХИДАЛ: Манай найз краш бид хоёрын голоор орчихлоо


YOLO.mn | YOLO.MN
УРЖИГДАР

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

ЗАХИДАЛ: 

Сайн байна уу? Би 7р ангийн сурагч. Саяхнаас 7гийн өөр бүлгийн нэг хөвгүүнтэй харьцаж эхэлсэн. Түүнийг Мөнхөө гэдэг. Түүний товч мэдээлэл бол: Царайлаг, өндөр, хичээл сурлага дажгүй, өөрийнхөөрөө өөртөө итгэлтэй, спортдоо сайн гээд ер нь л миний яг сонирхдог төрлийн хүүхэд.

Бас Дөлгөөн, Даваажаргал гээд манай ангийн 2 охинтой үерхэж байгаад салсан. Дөлгөөн нь миний сайн найз юмаа. 2жил найзалж байгаа. Хичээлдээ дажгүй сайн, өндөр, даруухан харагддаг мөртлөө дотроо аймар шалиг. Зөндөө хөвгүүнийг гуйж үеэрхээд хаясан.

Ер нь олон охидуудтай холбоотой гэсэн цуу яриа байдаг л даа. Гэхдээ үнэндээ шалиг биш ээ. Сургуульдаа од болохоор янз бүрийн худал цуурхалд өртчихсөн явж байдаг юм.

Хамгийн гол нь Дөлгөөний араас бага ангидаа бараг 3жил гүйсэн. Харин Дөлгөөн зөвшөөрөөгүй ганц удаа үерхсэн болчихоод л хаячихсан. Тэр үедээ Мөнхөөд сайн байгаагүй гэсэн. Одоо харин Мөнхөө бид 2ыг харицдаг болоод бие биедээ дасчихсан, аягүү хөөрхөн харилцаатай болчихсон явж байхад Дөлгөөн би сайн юм шиг байнаа гээд Мөнхөө бид 2ын голуур ороод ирсэн. Бид 2 бие биедээ хэтэрхий дассан байсан юм л даа. Би үнэндээ л яах учраа олоогүй ээ.

Дараа нь бас бодсон. Миний сайн найз миний харицдаг хөвгүүнд сайн болохоор бид 2 үерхвэл Дөлгөөнтэй сайн найз байхаа болино доо гэж. Тэгээд хэсэг яах учраа олдоггүй найзуудаасаа ч асууж үзсээн. Тэд нар бол Дөлгөөнийг хаяачдээ угаасаа тийм охиншт ийм охиншт гээд л өнгөрсөн. Мөнхөө бол одоо Дөлгөөнд огт сэтгэлгүй ээ. Дөлгөөн л ардаас нь гүйгээд байгаа.

Та 2 яг ямар чат бичдэг юм? Хичээл дээр надад харуулаарай гэж Дөлгөөн надад хэлж байсан. Тэрийг Мөнхөөд хэлэхэд их уурласан. Наадхаа хаяачдээ ядаргаатай юм бэ гэж. Үзүүлэхгүй гэснээс болоод бас бид 2ын харилцаанаас болоод Дөлгөөн надтай харицахаа больсон. Хааяа Дөлгөөн хичээл дээр уйлаад байдаг. Бодвол Мөнхөө бид 2ыг л бодож уйлж байгаа байх. Бас хааяа Мөнхөөтэй Дөлгөөн чат бичхээрээ худлаа баахан юм ярьчихдаг. Дөлгөөнөөс болоод бид 2 их муудалцаж хагарсан. Дөлгөөнийг мартаад л гоё харилцаагаа үргэлжлүүлье гэж бид 2 ярьж тохирсон. Одоо бол ойлголцоод харилцаа хөөрхөн хэвээрээ байгаа боловч Дөлгөөнтэй харицахаа больсон.

Ядаж яг миний ард суудаг болохоор найзуудтайгаа Мөнхөөгийн талаар ярьж чаддаггүй аягүү хэцүү байдаг Дөлгөөн сонсохоороо л уйлчих гээд. Найзууд бол мөнхөө бид 2т гоё хандаж байгаа та 2 хөөрхөн харагднаа л гэдэг. Дөлгөөн л голуур орчихлоо. Би одоо сэтгэл зүйгээ яг яах ёстой вэ?

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Сайн уу? Өдрийн мэнд. Бидэнд хандах захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргахад хүндхэн нөхцөлд байсныг ойлголоо. Өсвөр нас бол хүн бүрийн хувьд хичээл сурлага, хүсэл сонирхол, үерхэл, найз нөхдийн харилцаа гээд сонголт хийх, шийдвэр гаргах их олон сорилтуудтай тулгардаг. Харин бид цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бусдын болоод өөрийн сонголт шийдвэрийн алдаа оноо бүрээс суралцаж мөн туршлагажиж ирээдүйд бие даан шийдвэр гаргахад бэлтгэгддэг. Харин энэ насанд бидний мэдэх хэрэгтэй зүйл бол бид хэнд хайртай болж сэтгэл татагдахаа хүчээр шийдэх боломжгүй ч бид харилцаандаа сонголт хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл найз нөхдийн харилцаа болоод үерхлийн харилцаандаа сонголт хийх боломж хүн бүрд байдаг юм шүү. Тиймээс хэдий найз чинь чиний харилцдаг хөвгүүнд сайн боллоо гээд тэр хөвгүүний та хоёрын хэн хэн нь одоо байгаа үерхлийн харилцаагаа үргэлжлүүлэх сонголтыг нь хийсэн байна шүү дээ. Найз нөхөд, үерхлийн харилцаа бол хоёр хүний итгэл хүндлэл дээр суурилдаг бөгөөд бид бусдын сонголтыг хүндэтгэх нь чухал байдаг ч өөрийн сонголтыг хүндэтгэх нь ч бас чухал юм шүү. Мөн өөрийн сэтгэл зүйдээ анхаарч тайван тогтвортой байлгахын тулд эерэг бодол мэдрэмждээ төвлөрөх, тэмдэглэл хөтлөх, бусдад өөрийн бодол мэдрэмжийг хуваалцаж ярилцах, өөрийн хобби, хийх дуртай, сонирхолтой жижиг үйлдлүүдээс хийж эхэлж болох юм. Чамд амжилт хүсье.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач А.Энхжавхлан

ЗАХИДАЛ 2:

Сайн байна уу. Би одоо 9р анги юм аа. Би сэтгэл зүйчээр сурах гээд. Гэтэл би ямар ч мэдлэггүй болчхоод надад туслаач.

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Энэ мэргэжлийг сонгоход мэдээлэл хэрэгтэй байна гэж ойлголоо. Мэргэжлээ сонгоход тухайн мэргэжлийн талаар судалгаа хийх буюу мэдээлэл цуглуулах нь шийдвэр гаргахад тус болдог. Чамд одоо мэдээлэл өгч чадах хүн хэн байгаа вэ? гэдгийг бодоорой. Ангийн багш, нийгмийн ухааны багш, сургуулийн сэтгэл судлаач эсвэл сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төвүүд, их сургуулиуд, сэтгэл судлаачаар ажилладаг хүмүүс гэх мэт. Хүмүүсээс асуухаас гадна бие дааж интернетээр судлах, мэдээлэл цуглуулах боломжтой. Асуулт асуухдаа би сэтгэл судлаач болвол ямар вэ? гэж биш энэ мэргэжлээр хаана сурч болох вэ? ЕЭШ өгөхөд ямар хичээлээр өгөх вэ? энэ мэргэжилд ямар ур чадвар хэрэгтэй вэ? Их сургуульд ямар хичээл үздэг вэ? Ажлын байр хэр олдоцтой вэ? Цалин хэр вэ? Ажиллах орчин хэр вэ? Ирээдүйд өсөх дэвжих боломж бий юу? Гэх мэт бодит байдалд тулгуурлан асуугаарай. Мөн мэргэжил сонгоход мэргэжлээ судлахаас гадна чи энэ мэргэжилд хэр дур сонирхолтой байна вэ? нийгэмд юу хийж бүтээхийг хүсэж байна вэ? Мөн чиний амьдралын зорилго юу вэ? Хүссэн амьдралаараа амьдрахад чинь мэргэжил чинь гүүр болох боломжтой юу? Эдгээр асуултад хариулах эсвэл хариултыг нь олохыг эрмэлзээрэй. Мөн нэмэлтээр би хүнд туслах дуртай юу? Хүнтэй ярилцах дуртай юу? Хүн хэр сайн сонсдог вэ? Хэр сайн анхаарлаа төвлөрүүлж сууж чаддаг вэ? Аливаад суралцах дуртай юу ? гэх мэт асуултад хариулаарай. Мэргэжил сонгоход бодоод л сонгодог зүйл биш учраас мэргэжлийнхээ талаар сайн судалж, мэдээлэл цуглуулж, сонгох гэж буй мэргэжилтэйгээ холбоотой одоо хийж болох үйлдлүүдийг хийж турших хэрэгтэй юм шүү. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг

ЗАХИДАЛ 3:

Сайн байна уу? Би нэг давтлаганд нэг хөвгүүнд сайн юмаа. Тэгсэн чинь би тэр давтлаганд явахаа одоо больцоон тэгээд би яг яах ёстой вэ? Мартах уу? Эсвэл улам хичээгээд дотносох уу?

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сайн болсон хөвгүүнтэйгээ дотносох эсэхдээ эргэлзэж байна гэж ойлголоо. Та хоёрын харилцаа ямар байсан талаар, чамайг түүнд сайн гэдгийг тэр хөвгүүн мэдэж байгаа юу? зэрэг олон зүйлс тодорхойгүй байна. Бидэнд хэн нэгэнд татагдах, шохоорхох, чин сэтгэлээсээ хайртай болох гээд олон учралууд тохиолддог. Тэр дундаас энэ түр зуурын шохоорхол уу? түр зуур татагдсан уу? эсвэл үнэхээр хайр уу? гэдгийг таних нь чухал. Тиймээс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хөвгүүн мартагдаж байна уу? эсвэл түүнийг бүр их санаж байна уу? гэдгийг анзаараад үзээрэй. Үүний дараагаар шийдвэр гаргаж, үйлдэл хийх нь илүү

оновчтой байх болов уу гэж таамаглаж байна. Дараагийн удаа захидал бичихдээ нас, хүйс болон асуудлаа илүү дэлгэрэнгүй бичиж илгээгээрэй. Тэгвэл илүү оновчтой хариулт өгөх юм шүү. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал

ЗАХИДАЛ 4:

Сайн байна уу. Би оюутан. Гэхдээ миний хэл яриа жоохон муу. Өөрийн бодлыг зөв илэрхийлж чаддаггүй. Яавал дээр вэ?

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хэл яриа муу гэдэг нь ямар утгаар хэлж байна вэ?

Юутай ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурмаар байгаа юм байна гэж ойлголоо. Үүний тулд мэдээж туршлага хэрэгтэй. Эхний ээлжид хамгийн ойр дотнын таныг хүлээцтэй сонсдог, сайн ойлгодог хэн нэгэнтэй тодорхой нэг сэдвийн хүрээнд тогтмол ярилцахыг хичээгээрэй. Энэ нь таны туршлагыг нэмэгдүүлэхэд тусална. Мэдээж практик дасгал, дадлыг хэр их гүйцэтгэж байна тэр хэмжээгээрээ сайжирна. Магадгүй дараа нь сургуулийнхаа илтгэлийн клубт хамрагдаж болох юм. Тэнд байгаа оюутнууд цэгцтэй ярьж, үзэл бодлоо зөв илэрхийлэхэд суралцахыг зорьдог учраас зорилго нэгтэй хүмүүстэй нэг хүрээлэлд байх нь энэ чадвараа сайжруулахад тусалж болох юм. Өөрийгөө хэт их хүчлэхгүйгээр бага багаар бусадтай ярилцах, харилцахаа нэмэгдүүлэх нь чухал юм шүү. Дараагийн удаа захидал бичихдээ нас, хүйс болон асуудлаа илүү тодорхой, дэлгэрэнгүй бичиж илгээгээрэй. Тэгвэл илүү оновчтой хариулт өгөх юм шүү. Амжилт хүсье

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#zahidal #zuvluguu