"Satan Shoes" загварын пүүз ГОМДОЛ дагууллаа


Миау | YOLO.MN
2021-03-30

Спорт хувцасны “Nike” брэнд "MSCHF" лэйблийг шүүхэд өгсөн тухай мэдээлэл шуугиан дэгдээж байна. 

Хэдхэн хоногийн өмнө дуучин, реппэр Lil Nas X “MSCHF” лэйблийн хамт олонтой хамтран “Satan Shoes” нэртэй цоо шинэхэн пүүзийг худалдаанд гаргасан талаар та бүхэн сонссон байх. Харин энэ талаар огт мэдээлэлгүй байгаа хүмүүст сонирхуулан хэлэхэд тэд “Nike” брэндийн алдарт Air Max 97 загварын пүүзний үндсэн загварт тулгуурлан энэхүү цоо шинэхэн загвараа гаргасан бөгөөд пүүзэнд хүний жинхэнэ цус агуулсан гэдгээрээ онцлогтой юм.

Тэгвэл өчигдөр “Nike” брэнд оюуны өмчийн зөрчил гаргасан, олон нийтийн дунд уг брэндийн талаар төөрөгдөл үүсгэсэн зэрэг үндэслэлээр “Satan Shoes”-ийн дизайнерыг шүүхэд өгчээ. Учир нь цөөнгүй тооны хүмүүс уг шүүмжлэл дагуулсан пүүзийг “Nike” брэндийн зүгээс санаачилж гаргасан хэмээн буруугаар ойлгож, тус брэндийг бойкотлох уриалга хүртэл гаргасан. Харин “MSCHF” лэйбл “Satan Shoes”-ийг худалдаанд гаргахдаа “Nike”-д мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй тул алдарт брэнд маань үүнтэй ямар ч хамаагүй талаар дахин дахин мэдэгдэж байв. 

Хэдийгээр Nike брэнд реппэр Lil Nas X-ийг шүүхэд өгөөгүй ч залуу реппэр маань дараах зургийг “Nike-гийн гомдол шийдэгдсэний дараа би” гэсэн тайлбартайгаар Твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

“Satan Shoes” загварын пүүз цөөн тоогоор буюу 666 хувь үйлдвэрлэгдсэн бөгөөд 1,018 ам.долларын үнээр худалдаалагдсан билээ.

Эх сурвалж: Business Insider

#Мэдээ #Үйл явдал #Загвар