Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хүнтэй ч олигтой юм ярихгүй их ганцаардаж байна
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 12-р ангид орно. Тэгээд өмнөх зун болгон Хятадад байдаг эгчийндээ байнга ирж жоохон дүүгээ хардаг. Гэхдээ энэ зун явахгүй гэж их бодож байтал ээж эгч гээд бүгд гуйсаар байгаад энд одоо ирчихсэн байна. Энд ирээд хэд хонож байгаа ч гэрээ маш их санаж байна. Эгч маань тэгээд л өдөржингөө ажилтай гэрт зөвхөн дүү бид хоёр л үлдэнэ. Манай дүү сайн хэлд ороогүй болохоор хүнтэй ч олигтой юм ярихгүй их ганцаардаж байна. Бас зөв зүгээр байж байгаад л уйлдаг болчихсон. Би эндээс хурдан явмаар байгаа ч онгоцны тасалбараа хоёр сарын дараах өдөр захиалчихсан. Би гэрээ маш их санаж байна, одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Дараах аргуудыг туршаад үзээрэй
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Хоёр сарын дараа л гэртээ харих боломжтой бол энэ хугацааг яаж өөртөө илүү эвтэйхнээр бас үр дүнтэйгээр өнгөрөөж болох вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй.
Нэгдүгээрт, бусадтай харилцаатай хэвээрээ байж болох ямар арга замууд байна тэдгээрийг бүгдийг нь ашигла. Монгол руу утсаар ярих, интернетээр чатлах, эсвэл шинэ Хятад найзуудтай болж болно шүү дээ. Одоо цагтаа өнөөдөр байгаа газраа амьдар гэдэг үг байдаг. Энэ нь байгаа орчинтойгоо дасаж тэндээс суралц гэсэн утгатай. Хэрвээ Хятад хэл сайн мэдэхгүй бол эгчээсээ Хятадаар ойр зуур ярихыг заалгаж тэрийгээ шинэ найзтай болохдоо хэрэглээд үзээрэй. Чамд таалагдах ч юм билүү.
Хоёрдугаарт, чамд өөртэйгөө ажиллах, шинэ зүйл сурах цаг олдож байна шүү дээ. Хичээл ихтэй завгүй байх үедээ юу сурахыг хамгийн их хүсдэг байсан бэ? Эсвэл аль хичээлээ илүү давтах хэрэгтэй вэ? Удахгүй мэргэжлээ сонгож их сургуульд орох цаг ойртсон байна шүү дээ. Ерөнхийдөө хүн төлөвлөгөөтэй байвал уйдаж ганцаарддаггүй. Тиймээс маргааш юу хийж болохыг урд өдөр нь төлөвлөж байгаарай.
Гуравдугаарт, дүүгээ харж гэр бүлийнхэндээ тусалж байна гэдэг маш чухал хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ итгэж найдаад харуулж байна гэдэг чи бусдын өмнө хүлээсэн үүрэгтэй мөн чамайг хариуцлагатай гэдгийг харуулж байна гэсэн үг. Тиймээс үүнийг аль болох сайнаар хараарай.
Дөрөвдүгээрт, дүүтэйгээ цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх. Дүүдээ хэл яриа зүгшрүүлэх зүйл заах, дуу шүлэг гэх мэт. Магад энэ чиний ирээдүйн ажил хөдөлмөр эрхлэлтэд маш сайнаар нөлөөлөөд зогсохгүй бие хүн болоход маш хэрэгтэйг чи хэсэг хугацааны дараа мэдрэх байх.
Тавдугаарт, эгчдээ харих санаа сэдэл төрөөд байгаагаа хэлэх. Энэ нь чамайг мэдрэгдээд байгаа бодлоо чөлөөлөх илэрхийлэх боломжийг олгоно. Тэгээд эгчийнхээ бодлыг сонсоорой.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх