Тэртээ 1939 онд сарьсан багваахайнаас санаа аван бүтээгдэж байсан “Batman”-ы түүхийг мэднэ л биз дээ. Анх АНУ-ын жүжигчин Lewis Wilson дүрээ амилуулж түүнээс хойш Robert Lowery, Adam West, George Cloony, Ben Affleck зэрэг олон хүн тоглосон байдаг.
Бид “Batman”-ыг хар нөмрөг, хар багтай хүчирхэг хувцаслалтай дүр төрхөөр нь сайн мэднэ. Гэтэл бодит байдал дээр, тэрхүү сайхан өмсгөл нь жүжигчдийн хувьд хамгийн тухгүй, аймшигтай хувцас байсан гэнэ. Жүжигчин Ben Affleck GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай хуваалцжээ.
Ben Affleck, “Би Бэтсьют /Batman-ы өмсгөл/-д үнэхээр дургүй байсан. Тэр өмсгөл маш аймшигтай. Агаар, салхи орох боломжгүй. Дизайнерууд нь хувцсыг ямар харагдуулах вэ гэдгийг л бодож хийдэг. Хүн өмсөх тухайд огтхон ч боддоггүй. Хувцсыг өмсөх үед зүгээр л дотор нь ус асгасан мэт хөлөрнө. Би угаасаа л их хөлөрдөг хүн. Тэгэхээр тэр хувцсыг өмссөн үед зүгээр л урсаж байгаа ус шиг болчихдог.
Энэ нь кинондоо төвлөрөхөд хэцүү болгож байсан. Маш их халууцдаг бөгөөд энэ хувцсыг өмсөхөд огтхон ч баатарлаг юм шиг мэдрэмж төрдөггүй. Харин ч шууд туйлдаж, хөлөрсөн нэгэн болчихно. Магадгүй хөлөрдөггүй бусад залууст маань тийм ч аймшигтай санагдаагүй байх” гэжээ.
Тэрээр “Batman v Superman: Dawn of Justice”, “Justice League” болон “Zack Snyder’s Justice League” кинонд Бэтмений дүрийг бүтээж байсан билээ. Энэ хугацаанд нийт 30-60 удаа өмсгөлийг өмсөж байсан. Тэр хувцсыг өмссөн үед ариун цэврийн өрөө орох тэр ч бүү хэл хөдлөхөд ч хүндрэлтэй байсан талаар дурдсан байна.
Бэтсьют буюу Бэтмений өмсгөл кино бүртээ өөр өөр загвар, хийцтэй хийгддэг. Гэтэл 1995 онд хийгдсэн “Batnipples” хувцас нь тухайн үедээ хамгийн муу загвартай хувцсаар тодроод байв.
Учир нь өмсгөл нь биеийн хэлбэрийг хэт тодруулсан, хөхний товч нь харагдаж байгаа мэт дүрсэлсэн нь үзэгчдийн эгдүүцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулсан байна. Тухайн үеийн Бэтмений дүрд тоглосон George Cloony, “Би Бэтмен киноноосоо үргэлж уучлал гуйдаг. Хөхтэй костюм өмсөөд, өөрийгөө яг л хошин шогийн баатар шиг мэдэрдэг байсан” хэмээн наргиан маягаар хэлж байжээ.
Үүнээс гадна Бэтмений дүрд тоглож байсан бусад жүжигчдэд ч өмсгөлдөө тийм ч дуртай биш байсан гэдгийг тэдний сэтгэгдлээс харж болно.
Christian Bale, “Эхлээд өмсөхөд их л сүртэй санагдсан. Гэхдээ удалгүй би хүзүүгээ ч хөдөлгөж чадахгүй гэдгийг ойлгосон. Яг л шарилд орчихсон юм шиг мэдрэмж төрдөг байлаа”
Micheal Keaton, “Бэтмений өмсгөл яг л хөлстэй усны хувцас өмсөж байгаа юм шиг санагддаг байсан”
Val Kilmer, “Тэр өмсгөлийг өмссөн үед бараг л амьсгалж, хөдөлж чаддаггүй байсан. Зүгээр л бусдыг сонсоод л сууна. Хүмүүс намайг хөшөө шиг л хардаг байсан даа”
Ташрамд дурдахад “The Batman” киноны үргэлжлэл болох “The Batman: Part II” 2027 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх товтой байна.
Эх сурвалж: Variety, The Oklahoman, MSN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!