ЗАХИДАЛ: Долдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-07-15

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хүн болгон надад уураа гаргана

Сайн байн уу? Надад нэг асуудал тулгарсан юм. Би 13 настай, энгийн нэгэн гэр бүлд төрж өссөн. Өмнө жил эгч маань хүүхэд төрүүлсэн, нөхөргүй. Тэр хүүхэд гарч ирснээс хойш хамаг асуудал эхэлсэн. Би бүхэл бүтэн 12 жилийн турш ганцаараа байж, бүхий л зүйл дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Одоо бол үгүй. Яг энэ л амьдрал там мэт санагдах болсон. Хүн болгон намайг тоохгүй, надад уураа гаргана. Ингээд сэтгэл гутралд орсон. Сүүлдээ бүр амиа хорлоё гэсэн бодол толгойд орж ирэх болсон. Найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй, хичээлээ ч хийж чадахаа больсон. Хүмүүсээс аль болох хол баймаар байна. Тайван байя гэсэн ч тайван байж чадахгүй. Хоолонд дургүй болсон.

Энэ бүгдийг ээждээ хэлье гэхээр ээжийнхээ сэтгэлийг зовоох болов уу гээд хэлдэггүй. Миний толгой маш их өвдөх юм. Намайг хамгийн их уурлуулдаг хүн бол эмээ, дүү хоёр. Эмээ маань миний хийсэн үйлдэл болгонд намайг загнадаг. Би одоо яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Дүүд чинь анхаарлаа хандууллаа гээд чамд хайргүй болсон гэсэн үг биш

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өмнө нь гэр бүлээсээ авдаг байсан хайр халамж, анхаарлаа одоо авч чадахгүй болохоор бухимдаж байгаа юм байна. Бас чам дээр ирэх ачаалал нэмэгдсэн бололтой. Юун түрүүнд дүүгээ битгий буруутгаарай. Дөнгөж төрсөн нярай хүүхдэд анхаарал халамж, арчилгаа ихээр шаардагддаг. Дүүд чинь анхаарлаа илүү хандууллаа гээд өөрийг чинь тоохгүй, хайргүй болсон гэсэн үг биш. Энэ байдал үүрд үргэлжлэхгүй, хэсэг хугацаа л шаардлагатай гэдгийг ойлгоорой. Магадгүй гэр бүл чинь чамайг хангалттай бие даах чадвартай гэж бодож байгаа болохоор хариуцлага хүлээлгэж байгаа болов уу? Мөн дүү чинь чамайг найзуудтай чинь уулзуулахгүй байгаа юм биш. Гэр бүлийнхэн чинь чамд хариуцлага хүлээлгээд байна гэдгийг ойлгоорой.

Өөрийн мэдрэмжийг нуух хэрэггүй. Харин өөрт мэдрэгдэж байгаа зүйлсээ зөвөөр илэрхийлсэн байхад хангалттай. Хэт их сэтгэлийн хөөрлөөр бухимдангуй өнгө аястайгаар харилцвал эсрэг талын хүн зөвөөр ойлгож авахаас илүүтэй адилхан бухимдсан өнгө аястай зүйл хэлэх гээд байдаг. Тиймээс эвтэйхнээр ээжтэйгээ болон эмээтэйгээ ярилцаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хайртай гэдгээ илчилвэл оройтсон байх болов уу? 

Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Одоо 3-р курсэд орно. 1-р курсэд ороод крашийгаа харж байсан юм. Тухайн үед краш маань сургуулиа төгсчихсөн байсан болохоор “төгсчихсөн байж сургууль дээр яагаад яваад байдаг юм бол” гэж бодож байсан ч 2-р курсэд ороход төгсөх курсийн Б ахыг таньдаг болсон юм. Тэгсэн манай краш Б ахын ангийн найз нь байж таарсан. Б ах намайг найзад нь сайн гэдгийг мэднэ. Б ах надад бага зэрэг талтай байсан ч надад найзынхаа дугаарыг өгөөд, хоёр талд хоёуланд нь “тэр чамайг асуугаад байсан” гэх мэтээр худлаа ярьж холбож өгдөг байсан. Одоо краш минь төгсчихсөн. Яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Хайртай гэдгээ илчилбэл оройтсон байх болов уу? Намайг тоохгүй байх болов уу гэсэн бодол байнга төрдөг боллоо. Яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Үйлдэл хийхгүй харамсах уу, хийгээд харамсах уу?

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Аливаа ойлгомжгүй байдлыг ойлгох шууд арга зам бол асууж ярилцах байдаг. Гэсэн ч үүнийг хийхэд биднээс маш их хүч, зориг шаардагддаг. Хэн нэгнээр дамжуулж харилцлаа гээд сайн хүнийхээ бодлыг бүрэн гүйцэд мэдэж чадахгүй болов уу? Сэтгэлээ илчлэх эсвэл илчлэхгүй байх нь өөрийн чинь сонголт. Үйлдэл хийхгүй харамсаж суух уу? Үйлдэл хийгээд харамсах уу? гэдэг ч мөн сонголт. Ямар ч үр дүн гарсан хүлээн зөвшөөрч чадна гэвэл өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн байхад л хангалттай. Эхний үйлдлийг хийснээрээ шинэ харилцааг бий болгож ч болно шүү дээ. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хүүхэд насаа дүүгээ харж, гэрээ цэвэрлэж өнгөрөөмөөргүй байна

Сайн байна уу? Би 14 настай, өсвөр насны охин. Үнэхээр дуртайдаа эсвэл явж үзээгүй болоод ч тэр үү зуслан явж үзэхийг маш их хүсдэг. Өнгөрсөн жилийн зун миний явдаг сүмийн хүүхдүүд болон томчууд сүмийн зугаалгад 3 хоног явахаар болсон. Тэнд бусад сүмийнхэн ч бас ирэх байсан юм. Сүмийн пастор буюу багш нь манай ангид хамт сурдаг миний хамгийн сайн найзын аав байсан юм. Сайн найз минь учраас гэрт нь хамт даалгавраа хийж гэр бүлтэй нь ч бас танилцаж байсан учраас маш сайн мэдэх хүмүүс байлаа. Сүмд явдаг хүүхдүүд ч бас ангийн найз, байрны найз гээд дандаа л миний найзалдаг хүүхдүүд байсан. Томчууд нь ч тэр сайхан сэтгэлтэй гоё ааштай хүмүүс байдаг.

Тэрхүү зугаалгад нэг хүний 30,000 төгрөгөөр явах байсан ба эртнээс бэлдсэн учир би ч өөрөө цайны мөнгөө цуглуулсаар мөнгөө бүрдүүлж чадсан. Хүүхдүүд эцэг эхээсээ зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулах ёстой байсан учир би аав ээжээс явуулахыг гуйсан ч тэд намайг явуулаагүй. Намайг дараа жил зуслан явуулна л гэж хэлсэн. Тэгээд л би сүмийн гишүүдээс ганцаараа тэр зугаалгад яваагүй. Дараа жил зуслан явуулна гэдэгт нь итгэсэн болохоор.

Тэгээд энэ жил англи хэлний вакуум сургалттай зусланд 7 хоног 300,000 төгрөгөөр явъя гэхэд тэд бас л зөвшөөрсөнгүй. Намайг хэлэхэд ээж үл тоосон байдалтай "Яахаараа 7 хоног нь 300,000 байдаг юм. Наадах чинь бөөн зардал чирэгдэл. Мөнгөтэй явах хэрэгтэй болно, хувцас хунар гээд өчнөөн юм болно" гэж хэлсэн. Би өнгөрсөн жил дараа жил зуслан явуулна гэхэд нь л 7 хоног нь 200,000, 300,000₮ байдаг гэж хэлж л байсан. Харин тэд явуулаагүй шүү дээ.

Миний үеийн хүүхдүүд бүгд л зуслан явж, найз нөхөдтэй болж, шинэ зүйл сурч мэдэж байхад би яагаад явж болохгүй гэж? Надаас 5 дүү хүүхэд хүртэл зун болгон зуслан руу 14 хоногоор явж болоод л байна шүү дээ. Хүүхэд насаа байнга гэртээ 3 дүүгээ харж, гэрээ цэвэрлэж, бүхий л ажлыг нь хийж, аав ээжийнхээ арыг нь дааж өнгөрүүлмээргүй байна шүү дээ. Би 7 жил явах гээгүй, 7 хоног л явна шүү дээ. Дэмий явах гээгүй англи хэлээ ч бас сайжруулж чадах байхад тэд эсэргүүцсээр нэг л мэдэхэд хаашаа ч явж чадахгүй завгүй ажилчин эсвэл хүний эхнэр ээж болчихсон байвал яах юм бэ? Амьдралынхаа 7 хоногийг л өөртөө зориулах гэж байхад тэд огт намайг хайхрахгүй байна. Яаж ээж аавыгаа зөвшөөрүүлэх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Дурсамж бүтээхэд хэзээ ч оройтохгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүсэж байсан хүлээлтийг чинь эцэг эх чинь зөвшөөрөхгүй байгаа болохоор урам чинь ихээр хугарч байгаа бололтой. Бас амласандаа хүрээгүй учир гомдолтой байгаа бололтой. Гомдсон үедээ бид дуугаа хураадаг, ярихаас татгалздаг. Гомдсон ч гэсэн өөрийн хүслийг эцэг эхдээ хэлэхээс битгий зугтаарай. Өөрийн хүслийг тогтмол илэрхийлж байж л эцэг эхийнхээ зөвшөөрлийг авна шүү дээ. Энэ удаа явж чадсангүй, гэхдээ дараагийн удаа гэж байгаа. Зуслан явах байх гэж бодсон үедээ эцэг эхдээ өмнө нь сайн сануулаарай. Магадгүй үгээр хэлэхэд хэцүү байвал энэ захиагаа ээж аавдаа уншуулж болох юм. Мөн өөртөө бодлын алдаа битгий үүсгээрэй. Цаг хугацаа өөрийн чинь хувьд хангалттай байна. Дурсамж бүтээхэд хэзээ ч оройтохгүй ээ. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найзууд маань намайг гадуурхаад байгаа юм шиг санагдах боллоо

Сайн байна уу? Сэтгэл судлаач Г. Отгонцэцэгээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 8-р ангийн сурагч охин. Яагаад ч юм ойрын үед найзууд минь намайг гадуурхаад байгаа юм шиг санагдах боллоо. Би өөрөө тийм зүйл бодохгүйн тулд түрүүлж алхам хийсэн ч бүтэхгүй байна. Нэг найз маань намайг уулзъя гэхээр дандаа л ажилтай болчихдог хэрнээ маргааш нь л гэхэд нөгөө найзтай минь уулзсан зургаа фэйсбүүк, инстаграмдаа он сар өдөртэй нь хийдэг. Бусад найзууд маань ч ялгаагүй намайг уулзъя гэхэд дүүгээ харна эсвэл завгүй гэдэг. Гэхдээ дээр бичсэнтэй яг л адилаар бусадтайгаа уулзсан зургаа сторидоо хийдэг.

Яг үнэндээ би 3 дүүтэй учраас их гарч чаддаггүй. Аав минь одоохондоо гэртээ байгаа ч би яагаад ч юм байнга гадуур яваад байхыг хүсээд байдаггүй. Заримдаа найзуудтайгаа ярилцах, инээж хөөрмөөр санагдах үедээ л уулзахыг асуудаг ч нэг байдал л давтагддаг. Одоо яг яах ёстой вэ? Хичээл эхэлтэл найзуудыгаа тоолгүйгээр гэртээ л байгаад байх нь зөв юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Найзуудаасаа асууж ярилцвал дээр болов уу

Сайн уу? Захидал бичсэнд баярлалаа. Найзууд чинь гадуурхаж байгаа юм шиг санагдсан болохоор тэдэнд нэлээн гомдсон бололтой. Хэдий тийм боловч зориг гарган түрүүлж алхам хийж уулзах гэж хичээсэн нь сайшаалтай байна. Найзууд чинь ингэж хандах болсон шалтгааныг юу гэж бодож байна? Та нарын дунд ямар нэгэн үл ойлголцол гарсан уу? Хамгийн сүүлд хэзээ хоорондоо ярилцсан бэ?

Чи найзуудтайгаа ярилцах, инээж хөөрмөөр санагдах үедээ л уулзахыг асуудаг гэж байна. Магадгүй тийм учраас найзууд чинь чамд гомдсон юм болов уу? Ямар ч үр ашиггүй санаа зовж тоохгүй байгаа мэт аашилж байхын оронд найзуудаасаа асууж ярилцвал дээр болов уу. Чамд ямар санагдаж байгааг ч найзууд нь мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Ингэж яриагаа эхлүүлэхдээ тайван, эелдэг байгаарай. Эс бөгөөс ойлголцолд хүрч чадахгүй шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Бүдүүн хөлтэй юм байж хоолоо багасга, гарч гүй гэсэн

Сайн байна уу? Би одоо 14 настай. 8-р ангийн сурагч. Намайг 6-р ангид байхад нэг найз маань намайг “бүдүүн хөлтэй юм байж өглөө гарч гүй, хоолоо багасга” гэж шоолж байсан. Би тэр үедээ тоогоогүй гэж бодсон ч нэг л мэдэхэд өөрийнхөө хөлийг голдог, над шиг бүдүүн хөлтэй хүн байхгүй юм шиг л санагддаг болчихсон. Энийгээ анзаараад би өдөрт 1 цагаас их хугацаанд дасгал хийдэг болсон. Гэвч дасгал хийсэн ч хөл минь бүдүүн хэвээрээ юм шиг санагдаад байна. Тэгээд л одоо шорт ч өмсөж чадахгүй, шорт худалдаж авъя гэсэн бодолгүй, бодсон ч надад зохих болов уу, миний хөл бүдүүн харагдах болов уу гэж бодоод шорт ч авч чаддаггүй. Бас би өөрөө бүжиглэдэг болохоор өөрийн бүжиглэж байгаа бичлэгээ хийж үзэхээр гар минь нарийхан ч бусад хүмүүсийнхээс өөр нэг л тийм эвгүй харагдаад байдаг. Би одоо яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөө өөртөө таалагдахгүй бол бусдад ч таалагдахгүй байгаа юм шиг санагддаг

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж өсвөр насанд гэр бүлээс гадна бусад хүмүүстэй түлхүү харилцах сонирхолтой байдаг. Тийм учраас үеийн хүүхдүүдтэйгээ харилцаж тэдний үзэл бодолд ихээхэн анхаарал хандуулдаг. Гэтэл найз чинь чамайг гомдооё гэж бодоогүй ч санаандгүй байдлаар чамайг өөрөө өөртөө эмзэглэхэд хүргэсэн бололтой. Харин тэр үеэс хойш өөрийгөө өөр хүний нүдээр харж хэн ч чамайг гоочлоогүй байхад өөрөө өөрийгөө шүүмжилж эхэлсэн байна гэж ойлголоо. Гэвч чи өөрөөрөө байхдаа л хангалттай шүү дээ. Заавал хэн нэгэн шиг байх албагүй.

Хүмүүс өөрийнхөө эвгүй харагдаж байгаа, асуудалтай хэсгүүддээ ач холбогдол өгдөг. Хүн болгон миний энэ хэсэг рүү харж байна даа гэж боддог боловч яг үнэндээ хэн ч тэр хэсгийг нь анзаараагүй байдаг. Магадгүй чи өөрийнхөө гар хөлөнд ач холбогдол өгч анхаардаг учраас бүжиглэж байгаа нь эвгүй харагддаг байж болох юм. Харин ч бүжиглэж байхдаа жаргалтай байдаг бол огтоосоо муухай харагдахгүй. Учир нь хүн өөрийнхөө дуртай зүйлээ хийж байхдаа үргэлж “cool” харагддаг.

Эрүүл мэндийн хувьд дасгал хөдөлгөөн хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дасгал хийхдээ гэнэт эрчимтэйгээр олон цагаар хийх биш, биеэ бага багаар дасгаж байгаад тогтмол хийвэл илүү үр дүнтэй. Хүн болгоны бие махбод ялгаатай учир зарим дасгал зарим хүнд үр дүнтэй байхад заримд нь тохирдоггүй. Өөрт тохирсон дасгалаа хийгээрэй. Чи өөрөө өөртөө таалагдахгүй бол бусдад ч бас таалагдахгүй байгаа юм шиг санагдах болно шүү. Өөрийгөө хайрлаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би хүний урдаас эгцэлж харж чаддаггүй. Гудамжаар явахдаа ихэнхдээ хүн багатай замыг сонгож явдаг. Хүний хажуугаар зөрөхдөө нөгөө хүн нь миний урдаас хараад байвал эгцлээд харж чадахгүй доошоо хараад утсаа оролдож эхэлдэг (энэ нь ямар ч зорилгогүй). Ийм байдлаа 2 сарын өмнөөс анзаарч эхлээд яагаад ийм байдалтай болчихов, яаж засах талаар их л бодсон мэдээж засах гэж хичээгээд чадахгүй байгаа. 

1. Би 3 настайдаа цэцэрлэгт орж байсан юм. Цэцэрлэгт орсон эхний өдрөөсөө хүүхдүүдэд шоолуулж, одоог хүртэл сургуульдаа гадуур явахдаа ч шоолуулдаг. Гудамжаар зөрсөн танихгүй хүн хүртэл миний онцлогийг шоолж хоорондоо гараараа амаа хааж ярилцдаг. 3 настай байхаасаа хүмүүсийн доромжлолыг тэвчиж ирсэн. Энэ дурсамжуудаас болоод мөн өөрийнхөө онцлогоос болоод өөрийгөө бусдаас хязгаарлаад байгаа юм шиг санагддаг.

2. Би 10 настайдаа хүчирхийлэлд өртсөн. Мэдээж энэ миний сэтгэлзүйд хүндээр нөлөөлж эрэгтэй хүнээс айдаг болгосон. Эрэгтэй хүнтэй ойртох нь байтугай юм ярилцах аймшигтай санагддаг. Би энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ зүгээр орхих тусам намайг хохироосон хүнийг алчихмаар санагдаж, улам л их өшөө хорсолтой хүн болоод байх юм. Өнгөрсөнтэйгөө нүүр тулж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй юу эсвэл зүгээр мартах ёстой юу.

3. Би 15 хүртлээ эцэг эхийнхээ урдаас ганц ч удаа зөрж байгаагүй. Гэр бүл эргэн тойрны минь хүмүүс ч надад их сайн ханддаг. Хүмүүжилтэй, хичээл номондоо сайн, ажилсаг гэх зэргээр магтдаг. Одоо бол би ажил хийдэг. Ажилдаа ядраад ч тэр үү эсвэл шилжилтийн насны онцлог ч юм уу эцэг эхтэйгээ хэрэлдчих гээд их л эвгүй харьцаатай болсон. Дан ганц эцэг эх ч биш надтай шударга бус харьцсан хүн болгонтой хэрэлдэж муудалцах гээд байдаг болчихлоо. Энэ бүх асуудлаас яаж гарах ёстой вэ. Мэдээж би өсвөр насны хүүхэд учраас буруу шийдвэр гаргах магадлалтай. Эцэг эхээсээ хөндийрч, хар бараан дурсамжиндаа үлдэж, нийгмийн хэрэгцээт бус хүн болох вий гэхээс айж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүйгээс болж байгаа юм

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн асуудлаа олж харж, шийдэх гэж хичээн зориг гарган захидал бичсэн нь чи аль хэдийн эхний алхмаа хийсэн байна гэсэн үг.

1. Чиний онцлог нь чинь юу вэ? Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Харин түүндээ итгэлтэй байж, өөрөөсөө ичих хэрэггүй. Чи өөрийн онцлогоо өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Хүний өөдөөс харахад хэцүү байгаа нь чи өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй байгаагаас болж байгаа юм. Өөрт ямар мэдрэмж, бодол төрж байгааг илэрхийлэх гээд үзээрэй. Тэгвэл чамайг ойлгох хүн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

2. Энэ асуудлаа зориг гаргаад илэрхийлсэнд баярлалаа. Өнгөрсөн дэх таагүй дурсамж ялангуяа хүчирхийлэл мартагддаггүй учир дахин нүүр тулж шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд сэтгэл зүйчтэй зайлшгүй уулзаж олон давтамжтай зөвлөгөө авах хэрэгтэй. Чиний асуудлыг бүр мөсөн мартуулж чадахгүй ч гэсэн чамд хүнд үедээ хэрхэн давж гарах арга замыг зааж өгч, илүү өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд тусална. Чамд ямар ч үед туслахад бэлэн хүмүүс байгаа шүү, итгээд үзээрэй.

  • Сэтгэл судлалын үндэсний төв - Утас 77324233.
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв – Утас 96490505.
  • Сонгинохайрхн дүүргийн сэтгэл зүйн алба- Утас 70170027, 99708544.
  • Чингэлтэй дүүрэг- 77771992, 11327575.
  • Баянгол дүүрэг- 70120320.
  • Хан уул дүүрэг- 341917.
  • Сүхбаатар дүүрэг- 70167345 8995-5556.

3. Өсвөр насан дээр дааврын өөрчлөлтөөс болоод сэтгэл зүйн тогтворгүй байдал хүүхэд бүрд их багаар илэрдэг. Тиймээс чи ганцаараа уур бухимдалтай байгаа юм биш шүү. Чи бие даасан том хүн болох шилжилтийн үе дээрээ явж байна. Тиймээс өөрийн гэсэн бодол санаа, үзэл баримтлал, итгэл үнэмшил бий болно. Чи өөрийгөө зөвөөр илэрхийлэх хэрэгцээтэй тулгарч байна. Аливааг сэтгэл хөдлөлөөр биш, тайвнаар, бодож тунгааснаар шийдэх гэж одооноос хичээгээрэй. Гэр бүлийнхэн чинь чамд хайртай учир чамайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Ажлаасаа болж ядарч байгаа бол цагаа зөв зохицуулалт хийж өөртөө амралт өгөөрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин


АСУУДАЛ: Намайг гадаадын томоохон сургуульд сургуульд сургахыг хүсдэг ч би чадахгүй

Сайн байна уу? Би одоо 11-р ангид орно. Ер нь бол мэргэжлээ судлаад сонгох ёстой үе. Би багаасаа урлагаар явахыг хүсдэг байсан. Томрох тусам улам их хүсдэг болсон ч сул талуудаас нь болоод аав ээж маань зөвшөөрдөггүй. Гэхдээ байнга мэргэжлээ сонго, судал гэдэг. Харин надад урлагаас өөр хүсэж, сонирхдог зүйл байхгүй.

Мэргэжил сонголтоос ч болсон юм уу, сүүлийн 2 3 жил их дотогшоогоо болсон. 2 жилийн өмнөөс эхлээд ээж маань байнгын тэндэхийн тийм тэтгэлэг, эндэхийн ийм сургууль гээд л их зүйл ярьдаг болсон. Тийм шалгалт өгөөд үз, ийм сургуульд сураад тэтгэлэг ав гэх зэрэг. Тэд нар нь бүгд миний хүсэж байгаа зүйлээс өөр. Тэгээд хүсэхгүй байна аа, явмааргүй байна гэхээр "чи яасан сонин юм, одоо л сайн сурч ав. Тэгэхгүй бол чи бүтэхгүй. Арчаагүй байна" зэргээр хэлдэг. Би өөрөө нэг шүүмжлэлээ дахин дахин сонсох дургүй хүн болохоор дуугүй л тэр юмнуудад нь явдаг болсон. Тэгээд хүсэж байгаа зүйлээ хэлбэл өөдөөс дахиад л болохгүй, бүтэхгүй, эсвэл эхлээд сураадах гэж хэлэхийг нь мэдээд дахиж хэлж чаддаггүй. Ээж маань намайг гадаадын том том сургуульд тэтгэлгээр сургахыг хүсдэг ч би чадахгүй, хүсдэггүй гэдгээ мэддэг. Гэвч ээжийгээ гомдоохыг хүсдэггүй. Бас эхлээд сурчихаад урлагаар явъя гэвэл бүр бүтэхгүй. Яагаад гэвэл миний хүсдэг зүйл 22 наснаас хойшилчихвол л боломжгүй юм аа. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Давуу талыг нь харуулаарай

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чиний туйлын хүсдэг зүйл урлагийн хүн болох юм байна. Энэ тухайгаа эцэг эхдээ яг тодорхой хэлсэн үү? Өөрийгөө сайн ойлгуулж илэрхийлбэл ээж чинь магадгүй ойлгох байх. Чиний хүсэж байгаа зүйл яагаад 22 хүрэхээр биелэхээ болих гээд байгааг сайн тайлбарлаад үзвэл арай өөрөөр хандаж магадгүй л юм.

Ирээдүйд сонгосон мэргэжлээрээ чи өөрөө л цаашид ажиллаж амьдрах учраас сонголт чиний гарт байгаа шүү. Гадны олон тэтгэлэг ээж чинь хайж байгаа бол чи урлагаар сурвал ямар тэтгэлэг боломж байна вэ гэдгийг өөрөө судлаад үзвэл ямар вэ? Мөн сургууль урлагтай холбоотой тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргасан бол эсвэл орох гэж байгаа бол тэр үедээ гэр бүлийнхнээ дуудаж үзүүлбэл ямар вэ? Чиний урлагт ямар их хайртай, хүсэл тэмүүлэлтэй гэдгийг магадгүй тухайн үед ойлгох байх гэж бодож байна. Мэдээж эцэг эх чинь чамд хайртай болохоор чиний төлөө бүхнийг хийхийг хүсэж байгаа. Тиймээс чи урлагийн сул талыг биш давуу талыг нь харуулж ойлгуулбал ямар вэ? Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Минжин


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter