ЗАХИДАЛ: Надад сэтгэлгүй юм уу гэхээр сэтгэлтэй юм шиг


YOLO.mn | YOLO.MN
2024-11-14

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

ЗАХИДАЛ:

Сайн байна уу. 
Би нэг хүнтэй 2 жилийн өмнөөс харьцаж байгаа юм л даа. Энэ харилцаа нэг тийм сонин ямар ч ахиц байдаггүй нэг л хэвийн бичээд л байна. 

Тэгээд нөгөө хүн маань гэнэт алга болчихно. Тэгснээ гэнэт гараад ирнэ. Ярилцах гэхээр нэг их юм ярихгүй. 
Бид хоёр нэг нэгнээ сайн танихгүй л дээ. ЭЕШ өгч байхдаа цуг суугаад танилцаж байсан. Түүнээс хойш бичдэг болоод 2 жил өнгөрсөн.  Үл ойлголцол гараад асуух болгонд “Чи бид хоёр нэгнээ сайн мэдэхгүй шүү дээ, дурсамжгүй хүмүүс” гээд сонин юм яриад байдаг.

Би ингэж удаан бичсэн болхоор үнэхээр дассан тэгээд хүнд алдмааргүй санагдаад гуйсан чинь өөрөө гуйнаа гэж хэлсэн. Надад сэтгэлгүй юм уу гэхээр сэтгэлтэй юм шиг. 

Одоо тэгээд энэ харилцааг дуусгая гэхээр чадахгүй надад бүр үнэхээр хэцүү байна.  Яг яавал дээр вэ?
Жич: холын харилцаатай хүмүүс юм аа.

ЗАХИДЛЫН ХАРИУ:

Сайн байна уу? Юун түрүүнд бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Харилцаагаа цаашид яах талаар эргэлзэж байгаа юм байна гэж ойлголоо.

Хоёр жил гэдэг багагүй хугацаа ч энэ хугацаанд хэр их хамт цагийг өнгөрүүлсэн бэ? Хэр их ярилцсан бэ? Гэдгээр нэгнээ хэр сайн таньсан бэ гэдгийг хэмжих боломжтой.

Анх бичиж эхлэхдээ л холын зайнаас харилцаж эхэлсэн гэж ойлголоо. Энэ тохиолдолд бие биеэ бүрэн таньж мэдэхэд хангалттай хугацааг өнгөрүүлсэн гэж хэлэхэд хүндрэлтэй. Аливаа нэг зүйлийг 6 сараас дээш давтан гүйцэтгэхэд тэр дадлыг үгүйлдэг. Иймээс энэ 2 жилд холбоотой байсан,  харилцдаг байсан тэр зүйлсдээ дассан байж магадгүй юм.

Шийдвэр гаргахаасаа өмнө би тэр хүнд үнэхээр хайртай болсон байна уу? эсвэл дасчихсан учраас харилцаагаа дуусгаж чадахгүй байна уу? гэдгийг эргэцүүлээрэй.

Энэ нь цаашид харилцаагаа яах талаарх гаргалгааг олоход тусалж магадгүй юм. Мөн одоогийн нөхцөл байдлыг сэтгэл хөдлөлөөрөө бус бодитоор үнэлж дүгнэх нь шийдвэр гаргахад тусална.

Ямар ч шийдвэр гаргасан эерэг болон сөрөг мэдрэмжүүд хэсэг хугацаанд төрөх юм шүү. Мэдрэмжээ байгаагаар нь хүлээж аваарай. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу