Монгол залуус юу хүсэж байна вэ?


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-15

Ажиллаж, суралцаж, амьдрах ухаан сийлсээр буй 454.000 гаруй залуус Монгол улсад бий.

1981 онд НҮБ-с “15-24 насныхныг залуучууд гэнэ” хэмээн баталсан ба өнөөдөр дэлхий даяар ийм насны 1.2 тэрбум хүн амьдарч байгаа нь бөмбөрцөг дээрх нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

Тэд өөрийн мөрөөдөлд хөтлөгдөн, өөр өөр замаар алхаж буй ч асуудлыг харж, шийдэх гарцыг хайж түүнийгээ хүсэл, мөрөөдөл болгожээ. 

Монгол залуус юу хүсэж байна вэ?

Б.Оюумаа: “Sun Dance” клубын бүжигчин @oyuk.jkn

Намайг Оюумаа гэдэг. Би МУИС-ын англи хэлний танхимд элсэн суралцах гэж байна. 

Дунд ангидаа анх бүжиглэж эхэлсэн. Тухайн үед гэртээ зурагт үзээд л дагаад бүжиглэдэг байлаа. Ингээд 2020 онд “Sun Dance” клубын бүжгийн сургалтад сууж анх удаа тайзан дээр гарсан. Амьдралдаа гаргаж байсан хамгийн зоригтой зоригтой шийдвэр маань байх. 
Бүжиг бол миний амьдралыг өөрчилсөн зүйл. Би багадаа жоохон “хөвсгөр” байсан юм л даа. Бүжиглэж эхлээд 10 кг турсан. Үүгээр ч зогсохгүй гадаад төрх, хувцаслалт, зан чанар гээд олон зүйлийг өөрчилсөн гэж боддог. Бүжиг намайг бүтээсэн. Бүжиг бол хүний гоо сайхан, дотоод сэтгэлийг үйлдлээр илэрхийлсэн урлаг.

Оюутан байх үедээ олон найз нөхөдтэй болж их сургуулийн амьдралаа жаргалтай дурсамжтайгаар өнгөрөөх, бас өөрийгөө олох бол миний хамгийн ойрын төлөвлөгөө. 

Хүнээр хүсэл зорилгоо заалгасан хүн өөрийгөө алдахад амархан. Тиймээс залуустаа өөрийн хүсэл сонирхлоо олж, түүндээ үнэнч байгаарай гэж хэлмээр байна.

Б.Эрдэнэбаяр: “Uncage” нийгэмлэгийн гишүүн @rdn_bayar

Намайг Буянжаргал овогтой Эрдэнэбаяр гэдэг. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Спортын төв сургуулийг энэ жил төгссөн. 
Интернэтээс “Uncage” нийгэмлэгийн залуус ХӨСҮТ-ийн хашаан дээр зураг зурсан тухай нийтлэлийг хараад энэ хамт олонд нэгдэхийг хүссэн юм л даа. Ингээд өнгөрсөн долдугаар сард нийгэмлэгтээ элссэн. Уур амьсгал нь үнэхээр “cool”, эрч хүчтэй залуус намайг угтаж авсан. Мөн нийгэмлэг маань өөрийн хүсэл сонирхлыг олох, хувь хүний хөгжилд их тусалдаг. Бид одоо мэргэжлээ сонгохоор зорьж, эргэлзэж буй хүүхдүүдээ зориулон нэгдсэн платформ үүсгэхээр зорьж байна.

Үеийнхэндээ “Бид нэг л амьдарна шүү дээ. Тиймээс хэнээс ч хамааралгүйгээр хүссэн бүхнээ хийж, бүтээж амьдраарай” гэж хэлмээр байна. Хөгширсөн хойноо амьдралаа дурсахад харуусал биш уналт босолт, хайр энэрэлээр дүүрэн байвал сайхан биш гэж үү?

Т.Нарангоо: “Uncage” нийгэмлэгийн гишүүн @narangoott

Сайн байна уу, намайг Төмөрхуягийн Нарангоо гэдэг. Улаанбаатар Эмпати сургуулийн 9 дүгээр ангийн сурагч. Миний бага нас АНУ-д өнгөрсөн. Аав ээжээсээ хол өссөн болохоор ч тэр үү бусад хүүхдүүдтэй харьцуулахад эрт биеэ даасан. Энэ нь намайг их хатуу, хариуцлагатай хүн болгосон байх.  

Өсвөр үеийнхэн, залуучуудыг олон нийтийн сайн сайхны төлөө үйл хийх боломжийг олгож цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг болохоор би “Uncage” нийгэмлэгт элсэн орсон. Нэг сар гаран болж буй шинэхэн гишүүн байна. Мөн гишүүдийнхээ өсөж дэвжих, хөгжихөд хөрөнгө оруулдаг нь надад маш их таалагддаг. "Uncage" нийгэмлэгт  ороод би өөрийгөө илүү нээлттэй нэгэн болсон гэж боддог. Манай гишүүд бүгд өөр өөрийн онцгой ертөнцтэй, хүсэл мөрөөдөл дүүрэн залуус.  Ганцхан сар болж буй ч  нийгэмлэг маань миний хамгийн очих дуртай, нандин газруудын нэг болсон. 

Би хүн насан туршдаа суралцах ёстой гэж боддог. Бас аливаа зүйлийн сайн мууг ялгах их чухал чадвар байх. Тийм учраас би эрх зүйч болохоор зорилго тавьсан. Чадварлаг эрх зүйч болж улсынхаа боловсролын системд дэвшил авчрахыг хүсдэг. “Сургууль бол хоёр дахь гэр” гэж ярьдаг шүү дээ. Хүүхэд төлөвшиж, нийгэмшихэд гол үүрэг гүйцэтгэх орчин болохоор тэр байх. Тиймээс л би дүү нар, эх орныхоо боловсролд өөрийн хувь нэмрийг оруулах нь зүйтэй гэж боддог. 

Бас хүүхдийнхээ хүсэл зорилгыг ойлгож, биднийг дэмжиж байгаарай гэж эцэг эхчүүдээсээ хүсмээр байна. Хүүхдийнхээ санал бодлыг үл хайхран шийдвэр гаргаж буй ээж аав бишгүй л бий. Тийм үед хүүхэд бид эцэг эхээсээ өөрсдийн мэдрэмжийг нууж эхэлдэг юм шүү дээ.

Б.Цогжавхлан: ШУТИС-ийн оюутан @tsgobnana

Намайг Цогжавхлан гэдэг. Энэ жил 12 дугаар ангиа төгссөн. ШУТИС-д IT-гийн чиглэлээр суралцахаар зэхэж байна. 

Хичээлтэй орж байхад өдрийн ихэнх цагийг хичээлдээ зарцуулдаг байсан. Харин одоо би шинэ программын хэл сурахад ихэнх цагаа зарцуулж байна. 

12 дугаар анги хамгийн хариуцлагатай үе шүү дээ. 12 жилийн хугацаанд сурсан бүх л мэдлэгээ ганц шалгалтаар шалгуулна. Миний хувьд ЭЕШ-д сургуулийнхаа багш нараас давтлага авч бусад үед өөрөө бие даан бэлдсэн. Хэл бичгийн шалгалт өгөөд бага зэрэг цочирдсон. ЭЕШ-ийн эхний өдөр ангидаа шалгалтын цаг эхлэхийг хүлээж сууж байхад айдас, сандрал, догдол гээд олон мэдрэмж давхцаж мэдрэгдэж байсныг одоо ч санаж байна. Гэхдээ шалгалтын цаг эхлэхэд чадахаараа хийсэн. Шалгалт дуусаад оноогоо харах мөч хамгийн догдлолтой байдаг юм билээ. Өөрийнхөө хүлээлтийг давж хүссэн оноогоо авч чадаагүй хэдий ч тэтгэлэгт хамрагдаж чадсан. ЭЕШ-д бэлдэж байхад гэр бүл, найз нөхөд, багш нар маань ч “800” гэх үнэлгээг байнга хэлж сануулж байсан нь надад энэ үнэлгээг авахад амархан зүйл мэт санагдуулчихсан бололтой. Зарим нэг багш нар намайг “800” оноо авна гээд итгэчихсэн байсан нь надад багахан айдас, дарамт болсон.

Чөлөөт цагаараа би дасгал хийж, биеэ хөгжүүлэхийг хичээдэг. Миний хувьд гадаад дүр төрх, эрүүл мэнд их чухал санагддаг. Хүний сонголт шүү дээ. 

Сургуулиа төгсөөд ажилд орж тогтвортой амьдрахыг хүсэж байна. Тиймээс одоо санхүүгээ хэрхэн зөв удирдах тухай уншиж, сурч байгаа. Мөнгөний төлөө биш мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулдаг хүн болохыг хүсдэг. Залуустаа “Соёлтой, хариуцлагатай байцгаая” гэж уриалмаар байна.

Тэд хүсэл мөрөөдөлтэй, хүнийхээр биш өөрийнхөөрөө амьдрахыг хүсэж байна. Эрүүл мэнддээ, үе тэнгийхэндээ санаа тавьж байна. Тийм ээ, тэдний хүсэл ирээдүйд биелнэ гэдэгт итгэж байна.

#Ярилцлага