“Үүнийг ойлгох юу нь тийм хэцүү байгаа юм?
Хэрэв би өөрийгөө гэмтээвэл цус урсана
Яг л чам шиг, чи яг л над шиг
Бид бол төгс бус хүмүүс”
- “Show and Tell” Melanie Martinez
Долоо хоног бүрийн пүрэв гарагт бэлтгэн хүргэдэг “Artist Of The Week” буюу “Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт залуу дуучин Melanie Martinez-ийг онцолж байна. Тэрээр залуусын дунд өвөрмөц хэв маяг, уянгалаг хоолой, гүн гүнзгий утга бүхий дуунуудаараа алдартай. Түүний дуулалтын ерөнхий хэв маяг нь Lana Del Rey, Lorde зэрэг уран бүтээлчидтэй төстэй боловч хувцаслалт, гадаад төрх, уран бүтээлүүдээрээ өгүүлэх түүхүүд нь дахин давтагдашгүй билээ.
Тэрээр 1995 оны дөрөвдүгээр сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлсэн бөгөөд бүтэн нэрийг нь Melanie Adele Martinez гэдэг. Melanie-гийн урлагийн карьерын эхлэл түүнийг ахлах сургуулийн сурагч байх үед буюу 2012 оны “The Voice” нэвтрүүлгийн үеэр тавигдсан юм. Тус нэвтрүүлгийн эхний шатанд цагтаа "Попын гүнж" гэгддэг байсан Britney Spears-ийн “Toxic” хэмээх цоглог, хурдан хэмнэлтэй дууг өөрийн хэв маягт оруулан дуулснаар дөрвөн шүүгчээс гурвыг нь эргүүлэн харуулж байжээ.
Melanie "Maroon 5" хамтлагийн дуучин Adam Levine шүүгчийг өөрийн дасгалжуулагчаар сонгож, өөрийн авьяас чадвараа тод томруунаар харуулан амжилттай оролцсон. Хэдийгээр шоуны ялагч болоогүй ч энэ шоунд оролцсоноороо маш олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан билээ.
"The Voice" шоунд оролцсоныхоо дараа бүтэн 1 жилийг буюу 2013 оныг бүхэлд нь дуу бичихдээ зарцуулсан бөгөөд “Atlantic Records” дуу бичлэгийн студитэй ч гэрээ байгуулаад амжсан байдаг. Түүний анхны бие даасан уран бүтээл болох “Dollhouse” нь 2014 оны хоёрдугаар сард олны хүртээл болсон. Энэхүү уран бүтээл нь урт удаан хугацаанд үргэлжлэх түүхийн дөнгөж эхлэл нь байлаа.
“Бүгдээрээ байрандаа зогсоцгоо
Даашинзаа өмсөж, хүүхэлдэйн царайгаа зүү
Зураг авч байна, инээмсэглээрэй
Ахтайгаа зогс, сайн дүү байхгүй юм уу?
Хүн бүр л биднийг төгс гэж боддог
Гуйя, тэдэнд битгий хөшигний цаадахыг харуулаач”
- “Doll House” Melanie Martinez
Melanie 2015 оны наймдугаар сард өөрийн анхны бүрэн хэмжээний “Cry Baby” цомгоо гаргасан. Тэр нэгэн ярилцлагад бага байхдаа сэтгэл хөдлөл ихтэй, их эмзэг хүүхэд байсан учраас амархан уйлчихдаг байсан талаараа дурдаж байсан удаатай. Тиймээс хүүхдүүд түүнийг "Cry Baby" буюу уйланхай хүүхэд хэмээн хочилдог байсан нь зөвхөн энэ цомгийг төдийгүй түүний бүхий л дуунуудын гол дүр гэж хэлж болох уйланхай хүүхдийн дүрийг бүтээх сэдэл болсон байна.
Дээр дурдсанчлан түүний анхны уран бүтээл болох "Dollhouse" нь "Cry Baby"-гийн гэр бүлийн тухай өгүүлдэг. Хүн бүр бусдын өмнө аз жаргалтай төгс нэгэн шиг жүжиглэдэг ч хөшигний цаана бүх зовлон шаналал, гэм нүглээ нуудаг болсон өнөөгийн нийгмийг энэхүү дууны үг болон клип нэг сайн хатгаад авсан гэж хэлж болно. Бусад хүмүүст аз жаргалтай, мөрөөдлийн гэр бүл мэтээр харагдах ч нөхөр нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг эхнэрээ араар нь тавьж, хүү нь хар тамхинд донтдог. Бусдын адил салж сарних замыг сонгоогүй ч үүнээсээ ч дордсон нөхцөл байдалтай гэр бүлийг багахан "давстай" хэдий ч ойлгомжтойгоор харуулсан байдаг.
Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр энэ дууны түүхийг Холливүүдийн алдарт жүжигчин Johnny Depp-ийн гол дүрд нь тоглосон "Edward Scissorhands" (1990) кинотой зүйрлэн тайлбарлаж байсан билээ. Тэрээр:
- “Энэ бол төгс, пластик төрхөөр халхлагдсан, эвдэрсэн гэр бүлийн түүх. Үнэн хэрэгтээ их олон айлууд ийм түүхтэй байдаг. Яг л "Хачин гарт Эдвард" шиг... Бие биенээсээ огтхон ч өөрцгүй, төгс хөрсөнд хучигдсан төгс байшингууд. Гэвч тэдгээр байшинд эд хөрөнгө, төгс төгөлдрийн ард нуугдсан, яадгаа алдсан гэр бүлүүд амьдардаг. "Dollhouse" дуугаар илэрхийлэх гэсэн бас нэгэн санаа нь хүмүүс алдартнуудыг хэрхэн хардагтай холбоотой. Алдартнууд улаан хивсний ёслол дээр, зурагтаар гарахдаа буюу олны нүдэн дээр үнэхээр өөгүй харагддаг. Гэвч тэд үнэндээ хүмүүс бүхий л үйл хөдлөлийг нь ажиж, шүүмжлэхгүй байгаасай л гэсэндээ тэгдэг"
“Crybaby” цомогт багтсан бас нэгэн алдартай уран бүтээл бол “Mrs. Potato Head” юм. Дууны клип цацагдсан даруйдаа нийгмийн алдаа дутагдлуудыг хэтрүүлэгтэй хэдий ч тод томруунаар дүрсэлсэн гэднээрээ алдаршиж байсан.
“Хатагтай Төмсөн Толгойт оо, надад хэлээч
Үзэсгэлэн гоо гэдэг бол өвдөлт гэдэг үнэн гэж үү?
Шинэхэн царай баталгаат хугацаатай ирдэг үү?
Хөөрхөн царай бүхнийг дээрдүүлдэг гэж үү?
Ноён Төмсөн Толгойт оо, надад хэлээч
Та түүний хагалгааны төлбөрийг хэрхэн төлсөн юм?
Түүний царай үүрд энэ хэвээрээ үлдэхгүй байсан ч
Түүнтэй үүрд хамт байна гэдгээ амлаж байна уу?”
- “Mrs. Potato Head” Melanie Martinez
Та бүхний харсанчлан нүүр царай болон бие галбираа байгаа чигээр нь хайрлалгүйгээр эм тан, мэс заслын аргаар улам хөөрхөн болох гэсэн оролдлого, түүний харамсмаар хор уршгийн талаар өгүүлнэ. Бүсгүй өөрийгөө төгс залуутай учирсан гэж боддог ч үнэндээ түүний төгс хэмээн итгэх "Ноён төмсөн толгойт" нь мөнгөний хүчээр түүнийг улам үзэсгэлэнтэй болгохыг хүсэж буй нэгэн байдаг. Үзэсгэлэнт төрх бүсгүйг орхиход "Ноён төмсөн толгойт" ч түүнийг орхин одно.
Энэхүү дуунаас нийгмийг зүгээс эмэгтэйчүүдэд тавигддаг утга учиргүй гоо сайхны хэм хэмжээ, түүний хор нөлөө болон ХЭЗЭЭ Ч ХЭНД Ч ЗОРИУЛАН ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГГҮЙ гэх санааг авах боломжтой.
Melanie биднийг үргэлж дотроос минь чангааж байдаг нийгэмд нуугдсан асуудлуудыг төдийгүй хайрын дуу ч бичдэг. Тухайлбал "Carousel" буюу морин тойруулга хэмээх дуунд "Cry Baby" маань анх удаа дурлаж буй тухай өгүүлнэ. Харамсалтай нь байдал яг л морин тойруулга дээр суусан мэтээр үргэлжилнэ. Түүний араас хэчнээн удаан гүйсэн ч хэзээ ч гүйцэж очиж чадахгүй.
Ингээд харахад Melanie-гийн дуугаараа дамжуулан ямар нэгэн түүхийг өгүүлэх авьяас нь ихэнх уран бүтээлчдээс хавь илүү байгаа биз?
Melanie энэхүү цомгоо гаргаснаас 4 жилийн дараа буюу 2019 оны есдүгээр сард "K-12" хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргасан. Ингээд бүхнийг "next level" буюу цоо шинэ түвшинд аваачсан юм.
Энэ удаад "Cry Baby"-гийн маань адал явдал ахлах сургуулийн орчинд өрнөх бөгөөд цомгийн дуунуудын үйл явдлыг хооронд нь холбосон “К-12” нэртэй киногоо ч олны хүртээл болгосон. Бүх дуунуудаа өөрөө зохиогоод ч зогсохгүй киноны хувцас дизайн, нүүр будалт, найруулга гээд бүхий л ажиллагаанд өөрөө гар бие оролцсон ажээ. "VMagazine" сэтгүүлд өгсөн ярилцлагаас иш татвал:
VM: "K-12" кинонд маш олон сайн залуусын тухай гардаг ч гол дүрээс бусад дүрүүд нь ямар нэгэн байдлаар муу дүр болж таардаг. Яагаад тийм олон муу залуус байх хэрэгтэй гэж?
- Үүгээрээ эргэн тойрон маань бидэнд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг хүссэн. Захирлаас эхлээд ажилчид, бүр цаашлаад сувилагч гэх мэт. Келли шиг дүрүүдийг эцэст нь "тиймэрхүү" ааш гаргаж байгаагаар дүрсэлсэн нь эргэн тойрон л бидэнд нөлөөлж байгаа гэдгийг харуулахыг хүссэн юм. Тиймээс энэ бол муу залуусын тухай гэхээсээ илүү орчин тойрон, систем зэрэг нь тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа тухай юм.
... Энэ кинон дээр ажиллахад их сонирхолтой байсан. Хүн бүр ахлах сургуульдаа өөр өөр үйл явдлыг үзэж туулсан байдаг шүү дээ. Тиймээс аль болох олон хүн энэхүү киног, ядахад аль нэг дүрийг нь мэдрээсэй гэж хүссэн юм. Хамгийн том зорилго маань "Cry Baby"-гийнхээ ертөнцийг улам өргөтгөж, бусад хүмүүс ч тухайн ертөнцөөс өөртэйгөө ижил нөхцөл байдалтай дүрийг олж харах боломжтой байдлаар хөгжүүлэх явдал байсан"
Melanie өөрийн уран бүтээлүүдээрээ дамжуулан нийгэм дэх тэр бүр хөндөгдөөд байдаггүй асуудлуудыг илэрхийлэхээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, тухайн асуудалтайгаа тэмцэж буй хүмүүст мессэж өгөхийг хичээдгээрээ онцлог. Тухайлбал "K-12" цомогт багтсан "Orange Juice" дуу нь булимиа буюу нэгэн төрлийн хооллох зуршлын эмгэгийн талаар өгүүлнэ. Булимиа нь өсвөр насны охид болон залуу бүсгүйчүүдийн дунд түгээмэл байдаг хам шинж бөгөөд “Ямар нэг аргаар заавал туранхай байх ёстой” гэх эрүүл бус сэтгэхүйгээс эхэлдэг гэж хэлж болно.
“Чи жүржээр жүржийн шүүс хийнэ. Тэрүүгээр ороод, эргээд гардаг” гэх дууны үгс нь булимиа хам шинжтэй хүмүүс хоолоо идчихээд хүчээр бөөлжин гаргадаг талаар өгүүлэх аж. Харин Melanie энэхүү хам шинжийн эсрэг өөрийн дуугаар дараах эерэг мессэжийг өгсөн байна.
“Чиний бие төгс биш ч төгс төгөлдөр
Хүн бүр л бусдад байгаа зүйлийг хүсдэг
Би чамд өөрийн хоёр нүдээ өгчихөж болдог ч болоосой
Учир нь чиний нүдээр юмс сайн харагдахгүй байгаа бололтой
(Өөрийнхөө үзэсгэлэн гоог олж харж чадахгүй байна гэж утгаар)”
- “Orange juice” Melanie Martinez
“Orange Juice” дуу нь түүний сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сэдвийг хөндсөн анхны уран бүтээл биш. “Crybaby” цомогт багтсан “Mad Hatter” дуу ч мөн сэтгэцийн эрүүл мэндтэйгээ тэмцэж буй хүмүүст зориулсан дуу юм. Бидний сайн мэдэх "Alice in Wonderland" кинон дээрх маш олон деталиуд энэхүү дууны клипэнд гардаг. Хамгийн гол нь энэхүү дуунд "Cry Baby" маань эцэст нь зүгээр биш байх нь хэвийн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Орчин үед сэтгэцийн их бага хам шинжтэй тэмцэж буй хүмүүс нийгэмд олширсон атал хүмүүс тэднийг энгийн байгаасай гэж хүсдэг. Яг л "Joker" (2019) кинонд гардаг шиг "Сэтгэцийн өвчтэй байхын хамгийн хэцүү нь хүн бүр чамайг сэтгэцийн өвчингүй мэт байлгахыг хүсдэг явдал" гэдэгтэй адил. Тиймээс Melanie энэхүү уран бүтээлээрээ дамжуулж өөрийгөө өөрчилж чадахгүй, сэтгэл дотроо ямар нэгэн асуудалтай тэмцэж байлаа гээд өөрийгөө бүү үзэн ядаарай гэх мессэжийг хүргэхээр шийдсэн байна.
"K-12" кино нь кино театруудад гарсан ч Melanie өөрийн Youtube сувагтаа бүрэн эхээр нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР үзэх боломжтойгоор байршуулсан байдаг.
Melanie-гийн уран бүтээлүүдийг сонсоод хааяа дотор зарсхийдэг ч сонсож дууссаныхаа дараа нэгийг бодогдуулдаг учир та бүхэнд ч бас таалагдана гэж найдаж байна. Ингээд уламжлал ёсоороо түүний зарим дуунуудаас санал болгоод энэ удаагийн дугаараа өндөрлөе.
CRYBABY
SOAP / TRAINING WHEEL
TAG, YOU’RE IT / MILKS AND COOKIES
PACIFY HER
SIPPY CUP
NURSE’S OFFICE
DETENTION
STRAWBERRY SHORTCAKES
LUNCHBOX
WHEEL ON THE BUS
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх