Э.Мөрөн: Би кино фанат


Үжин | YOLO.MN
2016-03-16

Ямар нэгэн цуглуулгатай байна гэдэг сайхан зүйл. Цуглуулгынхаа тоог өсгөх гэж зорилго тавих нь хэтдээ хэвшил болж амьдралын зорилгоо ч тавьж түүндээ хүрч чаддаг эерэг чанарыг олгодог давуу талтай юм.

“Миний хобби” булангийнхаа энэ удаагийн зочноор үзсэн тоглолт, киноныхоо тасалбарыг цуглуулдаг Э.Мөрөнг урилаа. Тэрээр 60 гаруй тасалбарын цуглуулгатай бөгөөд үүнийгээ хавтаслан хадгалжээ. Түүний сонирхолтой цуглуулгын талаар хэсэг хөөрөлдсөнөө энд хүргэе.

“БҮГД ДУРСАМЖ ХАДГАЛЖ БАЙДАГ НЬ ИХ ГОЁ”

YOLO: Хэдийнээс эхлээд ийм цуглуулгатай болсон бэ?
- 2013 оноос хойш цуглуулж байна. Одоогоор 60 гаруй тасалбар байгаа. Анх бол үзсэн кино болон үзвэрийн тасалбарууд цүнхэнд, гэрийн энд тэнд гэхчлэн байж л байдаг байсан юм. Би яагаад ч юм хаях хүсэлгүй байдаг байсан. Тэдгээрийгээ нэг өдөр бөөгнүүлээд хавтсандаа хийсэн маань өнөөдрийн цуглуулгын эхлэл болсон байх. Энэ бүгдийн цаана тодорхой нэг дурсамж хамт байдаг болохоор би тасалбаруудаа цуглуулдаг юм.

YOLO: Хараад байхад ихэнх нь киноны тасалбар байх шиг байна тийм үү?
- Тийм ээ, киноных илүү их байгаа. Учир нь би кино фанат. Кинотеатруудаар гарч байгаа сонирхолтой кинонуудыг бараг алгасахгүй үздэг дээ. Мөн хошин шогийн “МАСК” продакшны тоглолтуудын тасалбар их байгаа.

YOLO: Киногоо найзуудтайгаа хамт үздэг үү?
- Заримдаа найзуудтайгаа үзнэ. Гэхдээ өмнө нь ихэвчлэн ганцаараа үздэг байсан хэхэ. Сүүлийн үед сонирхол нэгтэй хүүхдүүдтэй үзэх болсон. Кино фанатуудын фэйсбүүк групп байдаг юм. Тэндээ сонирхол нэгтэй охид групп чат үүсгэн ярилцаж байгаад л өдрөө товлоод үздэг. Заримдаа таалагдсан киногоо дахиж үзнэ гээч. Ер нь тэгээд найзуудаас өөрцгүй болсон доо.


YOLO: Тэгэхээр та нарт тоглосон киног нь үзэх дуртай эрэгтэй жүжигчид байдаг л байх. Чиний хувьд тийм жүжигчин бий юу?
- Би жүжигчин Энсел Эльгортийн кинонуудад дуртай. Бараг тоглосон бүх киног нь үзсэн байх. Хорт хавдартай, өсвөр насны охин хүү хоёрын хайрын тухай гардаг "The Fault in Our Stars" кино надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Тэр их гоё жүжигчин, инстаграм хуудсан дээр нь дагадаг. Харин манай нэг найз "Maze Runner" киноны улаан фен. Кинотой холбоотой ханын зураг, зүүлт, ном гээд бүх л зүйлсийг нь цуглуулдаг.

YOLO: Та хэд хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
- Бид хэд саяхан “The Boy” гээд аймшгийн кино үзсэн.

YOLO: Сэтгэлд хамгийн их хүрсэн кино?
- Миний хувьд хамгийн их сэтгэгдэл төрүүлж, жил бүр хүлээлт үүсгэж чаддаг кино бол “Өлсгөлөн тоглоом”. Даанч бүх цуврал нь дууссан нь харамсалтай. Монгол киноноос гэвэл “ТюТю” байна.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

YOLO: Тэгвэл хамгийн их тод үлдсэн дурсамжтай тоглолтын тасалбар аль нь вэ?
- Өнгөрөгч 11-р сард болсон BE брэндийн 7 жилийн ойн тоглолт маш гоё болсон. Би өөрөө Rockit Bay-ийг сонсдогийг ч хэлэх үү, сэтгэлд маш дурсамжтай үлдсэн. Бас тасалбар нь дуусчихсан олдохгүй нэлээн сандарсан шүү. Тоглолт эхлэхээс бараг цагийн өмнө тасалбар олж нэг үзсэн дээ. Мөн хэнтэй хамт үзсэнээсээ шалтгаалаад тухайн тасалбарыг харахаар их гоё санагддаг. “Mr.Peabody & Sherman” хүүхэлдэйн киног найз хөвгүүнтэйгээ анх үзэж байсан юм. Тэр тасалбар бас их дурсамж үлдээсэн.

YOLO: Одоо чамд байгаа нийт тасалбарын үнийн дүн хэд гарах бол. Чи тооцож үзсэн үү?
- Саяхан нэг тэгж тооцоолж үзсэн юм байна. Тэгсэн 500 гаруй мянга болж байна лээ хэхэ.

YOLO: Цуглуулгынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа.

Хэрэв чи өөрийн сонирхолтой хобби болон цуглуулгаа бусадтай хуваалцахыг хүсвэл манай редакцийн фэйсбүүк хуудас болон yolo@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан илгээж бидэнтэй холбогдоорой wink

#Hobby #Хобби #Цуглуулга #Collection #Кино #Movie #ӨлсгөлөнТоглоом #HungerGames #BE #RokitBay #TheFaultinOurStars