HBO-ийн “The White Lotus” хэмээх Тайланд цувралын гуравдугаар бүлэг хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Тус кинонд Blackpink хамтлагийн гишүүн Lisa тоглож байгаа нь үзэгчдийн хувьд өндөр хүлээлт үүсгээд байсан юм.
Lisa эл цувралд “Mook” гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд Тайландын жүжигчин Tayme Thapthimthong-той хамтран тоглосон. Tayme-ийн хувьд “Gaitok” гэх залуугийн дүрийг бүтээсэн чадварлаг залуу жүжигчин юм. Тэд саяхан “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бие биеэ анх харсан сэтгэгдэл, анхны цалингаараа юу худалдаж авсан, хамгийн анхны шүтээн нь хэн байсан зэрэг олон сонирхолтой зүйлсийг хуваалцжээ. Ингээд тэдний ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
teenVogue: Бие биеэ анх хараад төрсөн сэтгэгдэл?
Lisa: Үнэндээ би Tayme-г анх удаа хараад маш их айсан. Учир нь тэр Gaitok болно. Бид олон удаа хамтдаа жүжиглэх болно. Тэр үргэлж л инээмсэглэж явдаг. Анхны сэтгэгдэл үнэхээр их таалагдсан.
Tayme: Миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэр цагаан даашинзтай гаднаас орж ирэхэд маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Намайг илүү тухтай, тайван болгож өгсөн. Би түүнийг хараад яг л хөшүүн хүн шиг болчихсон. Гар барих уу өөр юм хийх үү гээд эргэлзээд зогсож байтал тэр тиймээ, хамтдаа явж уунгаа ярилцъя гэж хэлсэн. Энэ үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэр их эелдэг, санаачилгатай, харин би хөгжилтэй байсан гэж бодож байна.
teenVogue: “The White Lotus” цувралын жүжигчидтэй анх уулзахад ямар байсан бэ?
Tayme: Энэ үнэхээр гайхалтай байсан. Jason Isaacs, Walton Goggins зэрэг багаасаа өсөж үзсэн мундаг жүжигчидтэй танилцах сайхан байсан. Дараа нь Lisa-тай уулзсан. Тэр гайхалтай орж ирсэн шүү.
teenVogue: Жүжиглэсэн эхний өдрийнхөө тухай яривал?
Lisa: Миний анхны зураг авалт Walton болон Amy-тай хамтран жүжиглэх хэсэг байсан. Маш их сандарсан. Би юу хийх ёстойгоо мэдэхгүй, юуг хүлээх ёстойгоо ойлгохгүй байсан л даа. Гэхдээ бүх хүн надад тусалж байсан. Тиймээс би тэдэнд үнэхээр их талархаж байна.
Tayme: Харин миний анхных шөнийн зураг авалт байсан. Би шөнийн зураг авалтад их дуртай. Ихэвчлэн унтаж байгаад л орой сэрээд ажлаа хийнэ дээ. Гэхдээ анх удаа киноныхоо бүх хүмүүстэй ажиллаж үзэх боломж гарсан. Жүжигчдээс эхлээд кино багийнхан гээд бүгдтэй нь. Үүний дараа кино хийх ямар агуу зүйл болохыг ойлгосон.
teenVogue: Анх алдартай болсон мэт санагдсан мөч чинь хэзээ байсан бэ?
Lisa: 2016 онд анх дебют хийсэн үедээ л байх.
Tayme: Би одоохондоо өөрийгөө үнэхээр алдартай болсон юм шиг мэдэрдэггүй. Харин яг одоо л алдартай болж байх шиг байна. Үнэндээ киноны сурталчилгаа эхлэх үед л би энэ мэдрэмжийг мэдэрсэн. Надад үнэхээр их таалагдаж байгаа шүү.
teenVogue: Өөрийгөө дэлгэцэн дээр анх удаа харах мэдрэмж ямар байсан бэ?
Lisa: Би тэр үед яг л хүүхэд шиг харагдаж байсан. Жаахан хүүхэд шиг гүйж, бүжиглэж байсан дүр. Зүгээр л жижигхэн туслах дүр шиг л харагдсан. Тэгэхээр тэр л миний анх удаа өөрийгөө дэлгэцэн дээр харж байсан мөч болов уу.
Tayme: Би хамгийн анх 2014 онд “Skin Trade” гээд кинонд тоглосон. Тэгэхэд л анх удаа өөрийгөө дэлгэцээр харсан даа.
teenVogue: Анхны цалингаа аваад хамгийн эхэнд юу худалдаж авсан бэ?
Lisa: Миний санаж байгаагаар sneakers/пүүз/ авсан байх. Хос sneakers ч юм уу тиймэрхүү зүйл. Их мөнгө байгаагүй л дээ, зүгээр л халаасны мөнгө шиг л юм байсан.
Tayme: Би 16 настай байхдаа анхны цалингаа авсан. Гэрийнхэндээ зарцуулсан, би үргэлж тэднийг хоолонд урьдаг. Анхны цалингаа аваад тэдэнтэй Грек ресторанд хоолонд орсноо санаж байна.
teenVogue: Blackpink-ийг хамгийн анх хэзээ сонсож байсан бэ?
Lisa: Хөөх, үнэхээр сайхан асуулт байна шүү.
Tayme: Би анх дебют хийж байх үед дууг нь сонсож байсан ч, тийм ч анхааралтай харж байгаагүй юм. Харин нэг орой миний охин youtube-ээр “Pink Venom”-ийг үзэж байхыг нь харсан. Тэгэхэд л би анхааралтай сууж үзээд, энэ залуус ч үнэхээр сайн юм аа гэж бодсон доо.
teenVogue: Караоке ороод хамгийн эхэнд тавьсан дуу?
Lisa: Ed Sheeran-ий “Photograph” байсан.
Tayme: “The White Lotus”-ийн караоке үдэшлэг дээр анх энэ дууг дуулсан. Дараа нь бид олон дуу дуулсан л даа.
Lisa: Тийм шүү. Би Taylor Swift-ийн “You Belong With Me”-г дуулсан.
teenVogue: Tayme-г анх удаа дэлгэцэн дээр харах мөч ямар байсан бэ?
Lisa: Би түүнийг “The White Lotus”-д л анх харсан. Үнэнийг хэлэхэд өөрийгөө үзэхэд үнэхээр стресстэй байсан. Харин Tayme-г хараад би тайвширчихсан. Тэгээд л “Хөөх бурхан минь, тэр үнэхээр гайхалтай юм аа” гэж бодсон.
Tayme: Баярлалаа. Гэхдээ чи үнэхээр сайн жүжиглэж байсан.
teenVogue: К-попоос хамгийн анх хүндэлж, үлгэр дуурайлал авч байсан хүн чинь хэн бэ?
Lisa: Хариулах гэхээр ичээд байна шүү. Би Big Bang-д хайртай. Нэгийг нь ялгаж хэлж чадахгүй, бүгдийг нь хайрладаг.
teenVogue: “Academy Fantasia” шоуны үеэр анх удаа хасагдах аюултай нүүр тулж байсан үеэ санадаг уу?
/Academy Fantasia нь дуучин шалгаруулах нэвтрүүлэг юм. Залуучууд сонгон шалгаруулалтад оролцож, шалгарвал бэлтгэлийн байранд хамтдаа амьдарна. Тэд дуулалтаас гадна бүжиг, тайзны ур чадварт суралцдаг. Ерөнхийдөө бэлтгэгдэгч гэсэн үг юм. Tayme 2013 онд энэхүү шоунд оролцож дэд байрт шалгарч байсан/
Tayme: Үнэндээ шоуны туршид би нэг ч удаа хасагдах эрсдэлтэй бүсэд орж байгаагүйдээ баяртай байдаг. Тэр улиралд би нэлээн сайн оролцсон гэж боддог. Нэг ч удаа тайзан дээр дуудуулж, хоёр хүнтэй үлдэж байгаагүй. Тийм болохоор хасагдах нөхцөл байдалд ороогүй нь надад их азтай санагдсан.
teenVogue: Олон нийтийн газар анх танигдаж байсан мөчөө дурсвал?
Lisa: Blackpink дебют хийсний дараахан бид Тайланд руу аялал эсвэл төслийн ажлаар явсан. Тухайн үед нисэх онгоцны буудал дээр фенүүд маань биднийг хүлээгээд байж байсан. Би хараад үнэхээр их гайхсан, догдолсон. Тэд биднийг хайрлаж байгааг мэдэрсэн.
Tayme: Би Lisa шиг томоохон хэмжээгээр танигдаагүй л дээ. Гэхдээ би “Academy Fantasia”-ийн 10 дугаар улирал дууссаны дараа тэр даруй Тайландын сонины нүүр хуудсанд гараад ирсэн. Дараа нь худалдааны төвд оройн хоол идээд сууж байтал хажуугийн ширээнд сууж байсан хүн намайг таньж, зураг авхуулахыг хүссэн. Тэгэхэд л үнэхээр “Тэд үнэхээр намайг мэдэж байна” гэж бодсон доо. Нэг тийм гоё мэдрэмж байсан.
teenVogue: Хамгийн анх “The White Lotus” цувралыг үзэхэд ямар санагдсан бэ?
Tayme: Би үнэхээр их дуртай байсан. Эхэндээ юу болоод байгааг ойлгох гэж нэлээн хугацаа шаардсан. Учир нь би ихэвчлэн тулаант, адал явдалт кино л үздэг. Эхний хоёр бүлгийг үзсэний дараа, би юу болохыг мэдэхийг хүссэн. Бас Mike энэ бүхнийг хэрхэн сонирхолтой болгож үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээсэн. Тэгээд гуравдугаар бүлэгт Тайландын өв соёлыг илүүтэй харуулна гэдгийг мэдээд үнэхээр их таалагдсан.
“The White Lotus” цувралын гуравдугаар бүлэг цацагдсан даруйд олон улсад ихээхэн алдаршиж байна. Lisa анх удаа кинонд жүжиглэж байгаа хэдий ч түүний биеийн хэлэмж, харц, үг яриа зэрэг нь яг л туршлагатай жүжигчин шиг харагдаж байсан гэдгийг үзэгч, фенүүд нь онцлон хэлж сайшаасаар байгаа юм. Сонирхуулахад тэрээр Тайландын дахин нэг цувралд жүжиглэхээр болсон билээ.
Эх сурвалж: Teen Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!