Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаа Корнелийн их сургуульд 328 мянган долларын тэтгэлэгтэй тэнцсэн Э.Билгүүнтэй ярилцлаа. Та бүхэн хүсссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан Э.Билгүүний нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй.
Instagram: https://www.instagram.com/bilguun_2027/
YOLO: Сайн байна уу, юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Намайг Энхбаярын Билгүүн гэдэг. Би Томүжин Альтернатив сургуулийн ууган төгсөгчдийн нэг. Корнеллийн их сургуульд 328 мянган долларын тэтгэлэг хүртсэн 2027 оны төгсөгч байна.
YOLO: Хүссэн сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе. Яагаад заавал Корнеллийн их сургуулийг сонгон суралцах шийдвэр гаргасан бэ?
Миний хувьд 12-р ангидаа хөл хориогоор шалтаглан нэг ч сургууль руу өргөдлөө явуулаагүй. Харин цар тахлын дараа хоёр ч удаа “Gap year” аван 20 гаруй сургууль руу өргөдлөө явуулж өөрийн хүссэн хэмжээний тэтгэлгээ Корнелийн их сургуулиас авч чадсан. “Gap year”-ийн хугацаанд би “Elf Nutrition”-д хоол хүнс, шим судлалын чиглэлээр жилийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд шим судлал, нүтришн гэдэг зүйлд улам дурлах болсон. Корнеллийн их сургуулийг сонгосон шалтгаан гэвэл “Food science” буюу шим судлалаар дэлхийд хоёрт ордог. АНУ-ын топ 8 сургуулиас гадна хамгийн элит түвшний сургууль юм.
YOLO: Яагаад дотоодын биш гадны их сургууль руу сурахаар шийдсэн бэ?
Дунд ангидаа “Гадаадад сурах гоё” гэсэн үндсэн ойлголттой байлаа. Мэдээж энэ зорилгоо биелүүлэхийн тулд би сайн дурын ажил зэрэг өөрийн идэвх санаачилгаар хийх боломжтой зүйлд оролцож эхэлсэн. Энэ чигээр явсаар мэтгэлцээний клуб ч байгуулж бүр улсын тэмцээнд оролцон мөнгөн медаль авч байсан шүү. Мөн Монгол улсын 21 аймгаар явж хүүхдүүдэд үнэ цэнэ түгээх зоригтой шийдвэрийг гаргаж байсан. Эдгээр сонголтууд бүгд шинэ содон зүйлсийг туршиж бусдад туслах хүслээс минь л эхлэлтэй гэж боддог.
YOLO: Өргөдөл илгээхдээ эхний болон хоёрдох жилдээ юун дээр анхаарсан бэ?
Эхний жил 20 сургууль руу өргөдлөө явуулснаас нэмэлт эсээ шаарддаг ганцхан сургууль руу өргөдөл илгээсэн нь “Macalester College” байсан. “Яана аа, эсээг нь бичиж чадахгүй дээ” гэх айдсаас үүдэн өргөдлөө явуулаагүй хэрэг л дээ. Үндсэн эсээгээ ч өөрийнхөө сэтгэлд хүртэл бичиж чадаагүй. Харин хоёр дахь жилээ Корнеллийн их сургууль руу 3 нэмэлт эсээ явуулсан шүү. Эсээндээ “Gap year” аваад хийж үзсэн, сурч мэдсэн бүхий л зүйлээ багтаасан. Хоёрдох жилээсээ илүү туршлагажиж ерөнхий гурван санаа гаргасан. Бүх хэсэг дээр ижил нэг санаа байж үүнийгээ шинэ санаагаар хөгжүүлж ажилласан.
YOLO: Эсээ болгонд онцлог гэж байдаг шүү дээ. Бичсэн эсээний тань онцлог, давуу тал юу вэ?
Корнеллийн их сургууль тодорхой зүйлсийг асуусан. 650 үгэнд ямар мэргэжлээр суралцахыг хүсэж буй, 300 үгэнд нийгэмдээ ямар сайн зүйл хийж байснаа, 300 үгэнд газар тариалантай холбоотой ямар нэгэн туршлага байвал тэр талаараа бичих байсан. Надад гурвуулаа байсан. Нэгдүгээрт Global and Public Health Science мэргэжлээр сурах хүслээ Elf Nutrition-д ажилласан туршлагадаа үндэслэн бичсэн. Мөн энэ мэргэжлээ маркетингийн чиглэлтэй уялдуулан дэлхий даяар зөв мэдээллийг түгээж, хүмүүсийг өөрсдийн хүсдэг амьдралаар амьдрах тэр боломжийг олоход нь туслах зорилготойгоо илэрхийлсэн. Дараагийн хэсэгт МУ-ын зургаан мянган хүүхэд тэр дундаа хөдөө орон нутгийн хүүхдүүдэд АНУ-д суралцах боломжтой гэдгийг нээж өгсөн талаараа харин сүүлийн эсээндээ багадаа ногоо тарьдаг байснаа бичсэн.
Эсээ бичих логикийн хувьд гэвэл Томүжингийн “Essays to inspire” гэдэг ном байдаг. Үүнд Dartmouth College-д тэнцсэн Саруул эгч “Нэг санаа дээрээ төвлөр” гэж зөвлөсөн. Эхний жилд ч, хоёрдох жилд ч эсээний минь санаа өөрчлөгдөөгүй. Олон санаа гаргах биш нэг санааг 3-4-н жишээгээр батлах гэж хичээсэн.Эсээ бичихэд бас нэг чухал зүйл бол судалгаа. Бичиж байгаа зүйлээ илүү баримт нотолгоотой болгохын тулд мэргэжлийн хүнээс лавлаж мөн энэ чиглэлийн ном уншсан. Миний хувьд бичиж байгаа зүйлээ судлах, сургуулиа судлах нь эсээ бичих үйл явцын том хэсэг байсан. Хүүхдүүд өргөдөл илгээж байгаа сургуулиа сайн судлаагүйгээсээ болж сургуулийнхаа тухай бичих эсээ дээрээ гацдаг юм шиг санагдсан. Миний зүгээс эсээ бичих зөвлөгөө гэвэл ерөнхий нэг санаа гаргаад бусад зүйлс дээр 2 нэмэлт санаагаар хөгжүүлээд, том зургаараа холбоос зураас зурж байгаа мэт бичээрэй гэж зөвлөмөөр байна.
YOLO: Өргөдөл илгээхэд нь сургуулийнх нь зүгээс хэрхэн тусалсан бэ?
Эхний жилд би сургууль дээрээ сар гаран амьдарсан. Тэр хугацаанд өглөө болгон 6 цагт босож дасгал хийгээд эсээгээ бичдэг байлаа. Ингээд бичсэн эсээгээ багш нартаа үзүүлж зөвлөгөө авна. Оройн хоол, өглөөний хоол гээд бүгдийг сургуулиас өгнө. Бид нарын хийх зүйлс ч ойлгомжтой байсан. Гэрээсээ ирдэг цагаа хэмнэх гэж л сургууль дээрээ сар амьдарч байгаа шүү дээ. Одоо бодоход бөөн бөөн дурсамж л үлдэж. Бүтэн сар сургууль дээрээ амьдарч үзсэн хүн ховор байх, эсвэл сургууль нь чамайг дэмжээд бүтэн сар амьдрах газар, хоол хүнс, шаардлагатай зүйлсийг чинь бэлдэж өгдөг тохиол ч ховор байх. Тиймээс би өөрийгөө маш азтай хүн гэж боддог.
YOLO: Хоёр жилийн ”Gap year”-ийн хугацааг хэрхэн өнгөрөөсөн бэ? Gap year авах ямар байдаг талаар яриач.
Эхний жил найзтайгаа хамт эрүүл амьдралын хэв маяг, хоол зүйн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх инстаграм хаяг нээсэн. Удалгүй надад “Elf Nutrition"-д ажиллах боломж олдон жил гаран старт ап компанид ажилласан. Энэ хугацаанд их сургууль надад хэрэгтэй билүү? дуртай зүйлээ олсон юм чинь энэ чигээрээ ажиллавал яасан юм гэж их бодсон шүү. Яг үнэндээ gap year бол их сургуульд бэлдэх биш, өөрийгөө л амьдралд бэлдээд байгаа завсар хугацаа байх. Энэ хугацаанд би амьдарч, хийж бүтээж, өөрийгөө илүү таньж мэдэж чадсан. Төлөвлөсөн шигээ хангалттай байгаагүй ч gap year авсандаа би хэзээ ч харамсахгүй байх гэж бодож байна. Ялангуяа хоёрдахь жилдээ Hutli Education-ий АНУ-д суралцах боломжийн талаар 6000 хүүхдэд мэдээлэл өгснөө бодохоор үнэхээр гайхалтай санагддаг. Бусдад ус агаар мэт хэрэгтэй, амьдралд нь том нөлөө үзүүлэхүйц, үнэ цэнтэй мэдээллийг хуваалцах нь намайг хорвоогийн хамгийн аз жаргалтай нэгэн болгож чадсан. Энэ ажил маань миний өргөдөлд том нөлөө үзүүлсний дээр өөрийгөө танихад маш их хувь нэмэр оруулсан гэж боддог.
YOLO: Өргөдлөө илгээх явц мөн Gap year авсан хугацаанд тань шантрах үе байсан уу?
Gap year гэдэг зүйл нөгөө талаараа бол маш том дарамт. Gap year авч байна гээд шууд дарамтлах хүн байхгүй ч хүрээллээсээ, эргэн тойрноосоо, цагаан сараар уулзах хамаатнуудаасаа, “Ямар сургуульд орсон бэ” гэдэг асуултаас хүртэл дарамтууд ирж байдаг. Миний хувьд тэр дарамтыг хичээх ёстой хөшүүрэг болгон ашигласан. Зөвхөн IELTS, TOEFL-д бэлдэх гэж gap year авах нь хангалттай зөв сонголт гэж би боддоггүй. Хэрвээ чи Gap year авч л байгаа бол цаг хугацааг илүү их ашиглаж мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө авч, сайн төлөвлөгөө гаргаад том зүйл рүү тэмүүлж эхлээрэй гэж хэлье.
YOLO: Сурах арга барилалаасаа хуваалцвал?
Өөрийгөө супер сурах арга барилалтай гэж бодохгүй байна. Би нойр хүрсэн эсвэл өлссөн үедээ өөрийгөө хүчилж хичээл хийж чаддаггүй. Ийн нэг л учраа олохгүй явж байгаад хоёр дахь завсар жилээсээ өөрийн сурах арга барилыг олсон. Би өглөө бүр 7-12 цагийн үед огт утас оролдохгүй, юм идэхгүй, хоёр аяга кофе уугаад хичээлээ хийдэг байсан. Тархи руугаа ямар ч өөр мэдээлэл оруулалгүй анхаарах ёстой зүйл дээрээ төвлөрөх нь надад үр дүнтэй санагдсан шүү. Анхаарлаа төвлөрүүлж эхлэхээсээ өмнө хүрэх үр дүнгээ тодорхойлдог. Тэр үр дүнд яаж хүрэх нь чухал биш.
YOLO: АНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ? Англи хэлийг хэрхэн сурсан бэ?
Би Дархан Эмпати гэдэг сургуульд сурдаг байлаа. Намайг 10-р ангид байхад сургууль маань IELTS-д бэлдэх хөтөлбөртэй болж бүх сурагчдаас IELTS-ийн mock test аван таваг бүлэгт хуваасан. Нэгдүгээр бүлэг хамгийн сайн, тав нь хамгийн муу нь. IELTS-ийг 1-9 онооны хооронд үнэлдэг байтал би тухайн үед 1.3 оноо аван хамгийн доод бүлэгт орсон доо. Одоо би тэр бүлэгт багтсан даа их баярладаг. Учир нь сурах хүсэл эрмэлзэл нь төдий их биш тэр хүүхдүүдийн дунд би л ганцаар даалгавраа хийж, гадаад багшийнхаа хичээлд анхаардаг байлаа. Бусад маань надтай адил түвшинд учир багшаасаа ичих зүйлгүйгээр мэдэхгүй зүйлсээ асуудаг байсан нь хурдан дэвшихэд хүргэсэн байх. Хичээлийн жилийн төгсгөлд дахиад IELTS-ийн mock test өгөхөд 5.5 болж ахисан шүү. Үүнээс хойш бага багаар сайжраад л явсан. Томүжинд орох үедээ IELTS-ийн 6 оноо хавьцаа байсан. Сургуульдаа орж эсээ бичих явцад англи хэл маань эрс сайжирсан. Суга гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг санагдсан даа.
YOLO: Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ?
Ирэх нэгдүгээр сарыг хүртэл Томүжин Банкогт ажиллана. Энэ ажлаа дуусгачхаад өмнө нь эхлүүлж байсан инстаграмм хуудсаа хөгжүүлж мэдээлэл хүргэн хамгийн олон дагагчтай платформ болгоно гэх төлөвлөгөөтэй байна. Шаардлагатай гэвэл Корнеллд хоёр жил сурчхаад дахин нэг жил gap аваад энэ ажил дээрээ анхаарна.
Ярилцсанд баярлалаа. Сурах их үйлсэд нь амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх