Зул сарын баярын уур амьсгалыг илтгэдэг хамгийн алдартай кинонуудын нэг болох “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги бүтээгдэж эхэлжээ. Тодруулбал, “Disney”-ийн харьяа “20th Century Studios” тус төслийг хөгжүүлж байгаа бөгөөд анхны хоёр киноны гол дүр Кевин Маккалистерын дүрээр алдаршсан жүжигчин Маколей Калкин уг бүтээлд эргэн оролцохоор болсон байна.
АНУ-ын энтертайнмент салбарын “Variety” хэвлэлийн мэдээлснээр, шинэ киноны зохиолыг “Superbad”, “Pineapple Express” зэрэг бүтээлээрээ танигдсан Сет Роген, Эван Голдберг нар Маколей Калкинтай хамтран боловсруулах аж. Мөн тэд өөрсдийн “Point Grey Pictures” продакшнаар дамжуулан киноны продюсерээр ажиллах юм.
Сонирхолтой нь, Маколей Калкин 2025 онд “Home Alone” киноны үргэлжлэлийн талаар өөрийн төсөөллийг хуваалцаж байжээ. Түүний санаагаар Кевин Маккалистер насанд хүрч, хүүхэдтэй болсон байх бөгөөд энэ удаа хүү нь аавыгаа гэртээ оруулахгүй хэмээн зөрүүдэлж, Кевиний багадаа хулгайчдаас гэрээ хамгаалахын тулд ашигладаг байсан урхи, зангуудыг өөрийнх нь эсрэг ашиглах аж.
Ингэснээр өмнөх кинонуудад Кевин хулгайчдыг урхиар угтдаг байсан бол шинэ ангид өөрөө урхинд орж, гэртээ буцаж орохын тулд тэмцэх сонирхолтой үйл явдал өрнөх боломжтой юм. Гэхдээ энэ нь Калкины өмнө нь ярьсан хувийн санаа бөгөөд шинэ киноны албан ёсны зохиолын агуулга хараахан батлагдаагүй байна.

Анхны “Home Alone” кино 1990 онд нээлтээ хийж, дэлхий даяар 477.4 сая ам.долларын орлого олсон бол 1992 онд гарсан “Home Alone 2: Lost in New York” кино 359 сая ам.долларын орлогоор амжилтаа үргэлжлүүлсэн юм.
Харин үүнээс хойш цувралын дөрвөн анги Маколей Калкины оролцоогүйгээр бүтээгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 онд “Home Sweet Home Alone” нэртэй зургаа дахь кино “Disney+” платформоор үзэгчдэд хүрчээ.
Ийнхүү анхны кино нээлтээ хийснээс хойш 36 жилийн дараа Кевин Маккалистерын дүрийг дахин дэлгэцнээ харах боломж бүрдэж байна. Одоогоор шинэ киноны нээлтийн тов, найруулагч болон бусад жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байна.

Эх сурвалж: Variety, TheWrap, The Numbers.



329











