Үйл явдал
Хэйли Стайнфелдийн дуу оруулсан 16 настай Билли Доу бол бодлогогүй, бусдад буруугаар ойлгогддог, тогтсон хэв маягт баригддаггүй охин юм. Тэрээр ээж Алис нь яагаад өөрийг нь хэт хамгаалж, олон дүрэм журам мөрдүүлдгийг бүрэн ойлгож чаддаггүй байв.
Гэтэл нэгэн өдөр Билли өөрийгөө нууцлаг шидэт чадвартай гэдгээ олж мэднэ. Удалгүй тэрээр төрсөн хотоосоо "Хекс" хэмээх шидэт ертөнц рүү гэнэт шилждэг. Охиноо алга болсныг мэдсэн ээж Алис түүний араас явж, мөн л тэрхүү ертөнцөд очно.
Билли, Алис хоёрын Хекс ертөнцөөр хийх адал явдалт аялал өрнөхийн хэрээр тэд шуламсын ертөнцийг орвонгоор нь эргүүлж мэдэх нууцуудтай нүүр тулж, олон жилийн турш нуун дарагдсан байсан гэр бүлийн нууцыг олж илрүүлдэг. Ийнхүү хөндий хүйтэн харилцаанаас эхэлсэн тэдний аялал хэний ч төсөөлөөгүй зүгт хөтөлж, бие биенээ урьд өмнөхөөсөө илүү сайн ойлгох боломжийг олгоно.

Уг бүтээлийг Фоун Вирасунторн, Жэйсон Хэнд, Жози Тринидад нар хамтран найруулжээ. Оскарын шагналт Рой Конли, Иветт Мерино нар продюсерээр ажилласан бол Уолт Дисней студийн Оскарын шагналт ерөнхий захирал Жаред Буш, Дана Леду Миллер нар зохиолыг нь бичжээ.
Киноны гол санаа нь гэр бүлийн харилцаан дээр төвлөрсөн
Хүүхэлдэйн киног бүтээхэд олон жил зарцуулсан бөгөөд энэ хугацаанд уран бүтээлчид киноны гол анхаарлыг эх охин хоёрын харилцаанд төвлөрүүлэх ёстойгоо ойлгосон хэмээн зохиолч Жаред Буш өгүүлжээ. Түүний тайлбарласнаар, киноны гол зорилго нь "тэдний харилцааг киноны гол амин сүнс, од нь байлгахад" оршиж байв.
Буш энэхүү түүх эцэг эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр эцэг эхчүүд үүнийг үзээд “Бурхан минь, тэд яг л миний охин эсвэл хүү бид хоёр шиг харилцаатай юм аа” гэж хэлээсэй гэж бид хүсэж байна. Магадгүй тэд “Би өсвөр насандаа яг л Билли шиг санагддаг байсан ч одоо эцэг эх болсон хойноо аав, ээжийнхээ юу туулж байсныг ойлгож байна гэж бодох ч юм бил үү" хэмээжээ.

Энэ зорилгод хүрэхийн тулд Буш өөртөө олон асуулт тавьж, эрэл хайгуул хийх шаардлагатай болсон байна. Тэрээр "Энэ амьдралд ойрхон байна уу? Энэ нь байж болох хамгийн сэтгэл хөдөлгөм хувилбар мөн үү? Энэ амьдралд хэр ойр тусах бол?" гэх мэт асуултуудыг өөртөө тавьдаг байснаа хуваалцжээ.
Hexed нь хошин шог, уран зөгнөлийг хослуулсан хэдий ч бодит сэтгэл хөдлөлд тулгуурласан бүтээл юм. Зохиолч Дана Леду Миллерийн хэлснээр, энэ хоёр элементийн нарийн тэнцвэрийг олох нь зохиол бичих үйл явцын гол хэсэг байжээ. Тэрээр "Бид хүмүүсийг инээлгэхийн зэрэгцээ ямар нэгэн зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдрээсэй гэж хүссэн. Яг л Диснейн сонгодог бүтээлүүд үзэгчдэд төрүүлдэг тэр мэдрэмж шиг" гэжээ.
\
Биллигийн дүрийг анхнаасаа л тогтсон хэв маяг, хязгаарлалтад баригдахыг хүсдэггүй зан чанартайгаар бүтээсэн. Найруулагч Фоун Вирасунторн "Билли бол өөрт нь тавигдсан хоригуудын эсрэг үргэлж тэмцэж, урагш тэмүүлдэг дүр. Бид түүний энэ зан чанарыг бусдад үлгэр дуурайлал болж, урам зориг өгөхүйцээр харуулахыг хүссэн" хэмээн ярьсан байна.

Гэвч киног бүтээж эхлэх үед уран бүтээлчид өөрсдөө ч анзааралгүй Биллигийн өнцгийг ойлгож, дэмжихээс илүүтэй ээж Алисийнх нь талд орж байв. Вирасунторн "Бид өөрсдөө эцэг эх учраас Алисын талыг нэлээд баримталж байгаагаа анзаарсан. Бүр магадгүй энэ Биллигийн биш, Алисын түүх байх ёстой юм болов уу гэж бодож байлаа" хэмээн дурсжээ.
Эцэст нь тэд түүхийг Биллигийн өнцгөөс өгүүлэхээр шийдсэн байна. Үүний тулд үзэгчдэд Биллиг гүн гүнзгий ойлгуулахын тулд өөрсдийн өсвөр насны үеийн мэдрэмжүүдийг эргэн санах шаардлагатай байсан.

Гэсэн хэдий ч найруулагч Жэйсон Хэнд Биллигийн түүхийг өгүүлэхдээ уран бүтээлчид эцэг эх байхын талаарх өөрсдийн туршлагаас ч мөн хуваалцсан гэдгийг онцолсон байна. Тэрээр "Таныг өсөж томрох тусам амьдралаас олж авсан туршлага тань хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд нөлөөлдөг. Бүх зүйл өөрийн гэсэн шалтгаантай. Билли эдгээр шалтгааныг, тухайлбал Алис яагаад ийм сонголт хийснийг олж мэдэх үйл явц үнэхээр сэтгэл догдлом юм. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд ч тохиолддог, хүн бүрд ойрхон сэдэв. Жишээлбэл, бид аав, ээжийнхээ тухай өмнө нь мэддэггүй байсан зүйлсийг, магадгүй тэдний хийхийг хүссэн ч хэзээ ч зориглон хөөцөлдөж чадаагүй мөрөөдлийг нь олж мэдэж болно. Энэ нь киног уран зөгнөлт ертөнцөд өрнөдөг ч амьд, хүнлэг түүх болгож өгч байгаа юм" гэжээ.
Дуу оруулагчдын сонголт
Зохиолын үндсэн бүтэц бэлэн болсны дараа жүжигчин Хэйли Стайнфелд, Жонс нар гол дүрүүдэд дуу оруулсан. Продюсер Рой Конлигийн хэлснээр, Жонс хамгийн түрүүнд сонгогдсон жүжигчин бөгөөд тэрээр дүрдээ шууд л өвөрмөц өнгө төрх, онцлогийг нэмж чадсан байна.

Конли нэмж хэлэхдээ, "Түүнийг хараад л энэ үнэхээр гайхалтай ээж байна. Тэр дүрдээ яг тохирчээ гэж хэлж болохоор байсан" гэжээ.
Харин Стайнфелд багт арай хожуу нэгдсэн байна. Конли "Тэдний жүжиглэлт үнэхээр гайхалтай бөгөөд хоорондоо маш сайн зохицож байсан. Тэдэнтэй хамтран ажиллах нь үнэхээр хөгжилтэй байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн тэрээр "Өсвөр насныханд тулгардаг асуудлуудыг гүнзгий хөндсөн нь үзэгчдэд сонирхолтой, сэтгэлд нийцсэн бүтээл болох болно" гээд, үүний үр дүнд "Эцэг эх, хүүхдүүд энэ киног үнэхээр чин сэтгэлээсээ хайрлах болно" гэж нэмж тэмдэглэсэн байна.
Киноны талаарх бяцхан спойлер
Аяллынхаа явцад Билли, Алис хоёр олон шидэт дүртэй учирдаг. Жишээ нь, Уолтон Гоггинсийн дуу оруулсан Бийф Рожер Краммчак бол олны хөлөөс дайждаг, гурван нүдтэй муур юм. Тэрээр эх охин хоёрт туслахыг эхэндээ дурамжхан зөвшөөрдөг байна.

Найруулагч Жэйсон Хэнд Гоггинсийн дуу оруулах ур чадварын талаар ярихдаа, түүний бүтээсэн дүрийн дуу хоолой нь "энэ муур үнэхээр урт насалж, амьдралдаа ихийг үзэж туулсан" гэдгийг тодорхой илэрхийлдэг хэмээн онцолжээ.
Мөн Билли огт ярьдаггүй, шидэт тогоо болох Бакет хэмээх найзтай болдог. Үүнээс гадна шидэт ертөнцийн харанхуй талыг захирдаг Хатан хаан Селесте бий. Тэрээр Билли өөрийн эрх мэдлийг Хекс ертөнцөд хадгалж үлдэх гол түлхүүр байж магадгүйг маш хурдан олж хардаг байна.

Найруулагч Хэнд эрх мэдэл, байр сууриа нарийн тооцоотой хамгаалдаг Хатан хаан Селестегийн талаар цухас дурдахдаа "Тэр бол энэ ертөнцөд Биллигээс өөр нисэж чаддаг цорын ганц шулам. Энэ нь тэдний хооронд жинхэнэ өрсөлдөөнийг бий болгож, Биллиг Селестегийн гол бай болгож хувиргадаг» хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: The Walt Disney Company



459











