Marvel-ийн шүтэн бишрэгчдийн дунд Scarlet Witch буюу Ванда Максимоффын эргэн ирэх эсэх тухай таамаг удаан хугацаанд үргэлжилж байсан билээ. Харин Disney+ платформын “VisionQuest” цувралын төгсгөлийн анги уг хүлээлтэд хариулт өгч, Вандаг ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх “Avengers: Doomsday” кинонд эргэн ирэхийг баталлаа.
Цувралын төгсгөлийн ангид Vision өөрийн болон Вандагийн насанд хүрсэн хөвгүүд болох Tommy Maximoff, Billy Maximoffнартай дахин уулзаж, гэр бүлийн уулзалт болдог. Гэвч үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан хэсэг нь киноны төгсгөлийн дараах нэмэлт дүрс байв.
Уг дүрсэд гарснаар 2022 оны “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны төгсгөлийг дахин харуулдаг. Тус кинонд Ванда Darkhold хэмээх хар хүч агуулсан шидэт номыг олон ертөнцөөс бүрмөсөн устгасныхаа дараа Wundagore уулын нурангид дарагдсан байдаг. Харин энэ удаад үйл явдал цааш үргэлжилж, Robert Downey Jr.-ийн бүтээж буй Doctor Doom гарч ирнэ. Тэрээр нурангийг зайлуулан Вандад хандан “Сэр, Scarlet Witch. Чиний хүч минийх болох болно” хэмээн хэлэхэд Ванда нүдээ нээдэг.

Энэ хэсэг нь Вандагийн дүр MCU-д эргэн ирэхийг илтгэхээс гадна Doctor Doom-ийн дараагийн зорилго юу болох тухай шинэ асуултыг ч бий болгож байна. Түүнчлэн Doom-ийн анхааралд өртсөн өөр нэг хүчирхэг дүр бол Hulk юм. “Avengers Endgame: Encore” киноны шинээр нэмэгдсэн төгсгөлийн хэсэгт Doom Hulk-ийг барьцаалж буйг харуулжээ. “Avengers: Doomsday” кино арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр товлогдсон байна.
Сонирхолтой нь, “VisionQuest” цувралын төгсгөлийн анги цацагдахаас өмнө Marvel студи X платформд хоёртын кодоор бичсэн нууцлаг нийтлэл байршуулжээ. Шүтэн бишрэгчид уг кодыг тайлахад “Бид хэчнээн хичээсэн ч бие биеэсээ бүрмөсөн холдож чадахгүй” гэсэн утгатай өгүүлбэр гарч ирсэн байна. Энэ нь 2021 оны “WandaVision” цувралын төгсгөлийн ангид хэлэгддэг үгс бөгөөд Ванда, Vision хоёрын харилцааг сануулсан нь ийнхүү тэдний түүх дахин үргэлжлэх дохио байжээ.

Elizabeth Olsen анх 2014 оны “Captain America: The Winter Soldier” киноны төгсгөлийн хэсэгт Wanda дүрээр үзэгдсэн бол дараа жил нь “Avengers: Age of Ultron” кинонд бүрэн хэмжээний дүрээр дебютээ хийсэн юм. Түүнээс хойш Ванда MCU-ийн гол дүрүүдийн нэг болж, телекинез болон хүний оюун санаанд нөлөөлөх зэрэг хүчирхэг чадвараараа танигдсан билээ.
Гэсэн хэдий ч түүний MCU дахь замнал баяр баясгалангаас илүүтэй хагацал, гарз хохирлоор дүүрэн байв. Тэрээр ихэр дүү Pietro-гоо алдаж, төрөлх Соковиа улсынхаа сүйрлийг үзсэнээс гадна 2018 оны “Avengers: Infinity War” кинонд хайртай Vision-оо алдсан юм.
Эдгээр үйл явдлаас үүдсэн уй гашуу, сэтгэл хөдлөлийн зөрчил нь 2021 оны “WandaVision” цувралын гол өрнөл болсон. Marvel Studios-ийн Disney+ платформд зориулан бүтээсэн анхны цуврал болох уг бүтээлд Ванда Нью-Жерси мужийн нэгэн хотыг өөрийн хүчээр бүхэлд нь хяналтдаа авч, Америкийн телевизийн ситком нэвтрүүлгүүдийн хэв маягтай ертөнц болгон хувиргадаг. Тэрээр энэ ертөнцөд дахин амилсан Vision болон ихэр хөвгүүд Billy, Tommy нарын хамт амьдарч байв.

Үүний дараа Ванда 2022 оны “Doctor Strange in the Multiverse of Madness” кинонд гол эсрэг дүрээр гарч ирсэн. Хүүхдүүдээ алдсан уй гашуу нь түүнийг Darkhold номын хар хүчний нөлөөнд автахад хүргэж, олон ертөнцөөр аялж хөвгүүдээ олохын тулд замд нь саад болсон хүмүүсийн эсрэг тэмцдэг. Харин киноны төгсгөлд өөрийн үйлдлүүдийн хор уршгийг ойлгосон тэрээр Darkhold-ыг бүх ертөнцөөс устгасныхаа дараа Wundagore уулын нурангид дарагдсан билээ.
Тухайн үед Вандагийн дүрийн цаашдын хувь заяа тодорхойгүй байсан ч Elizabeth Olsen эргэн ирэх хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байжээ. Тэрээр 2022 онд Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би эргэн ирнэ гэж бодоод байгаа нь сонин юм. Гэхдээ одоогоор хэн ч надад ямар нэгэн төсөлд оролцох тухай хэлээгүй байна. Гэсэн ч тэд намайг дахин урина гэж дотроо таамагладаг. Ямар хэмжээний дүр байхыг мэдэхгүй ч эргэн ирнэ гэж найдаж байна. Бас өмнөхөөсөө өөр, сонирхолтой зүйлсийг туршиж үзэх боломж гарна гэж хүсэж байна” хэмээн ярьж байсан юм.
Эх сурвалж: Variety



572











