Телевизийн цуврал бүтээлийн оргил үе өнгөрсөн байж болох ч телевизийн салбарын оддын цалин буураагүй хэвээр байна.
Телевизийн цувралд тоглосныхоо төлөө одод авсан цалингийн талаар өмнө нь олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, Женнифер Энистон, Риз Уизерспун нар Apple TV-ийн “The Morning Show” цувралд тоглохоор нэг анги тутамд ойролцоогоор хоёр сая ам.долларын хөлс авах гэрээ байгуулсан юм.
Сильвестр Сталлоне Paramount+ платформын “Tulsa King” драмын цувралд тоглохдоо нэг анги тутамд хоёр сая орчим ам.долларын орлого олдог байна.
Мөн “Only Murders in the Building” цувралын гол дүрийн жүжигчид болох Селена Гомес, Стив Мартин, Мартин Шорт нар нэг анги тутамд нэг сая ам.доллараас дээш хөлс авч байгаа юм. Женнифер Гарнер Peacock платформын “The Five-Star Weekend” цувралд тоглохдоо нэг анги тутамд нэг сая ам.доллар авчээ.
Кино урлагт гол дүр бүтээх нас нь өнгөрч байгаа гэж тооцогддог жүжигчид шинэ зах зээлийн нөхцөл байдлаас онцгой ашиг хүртэж байна. Тэд стрийминг платформуудаас өндөр орлого олж байгаа бөгөөд үзэгчдийг татах чадвар нь үнэ цэнээ алдсангүй.
Түүнчлэн телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнүүдийн үед нэг улиралд 22 ангитай цувралд тоглох шаардлагатай байсан бол одоо ердөө 6, 8 эсвэл 10 ангитай цувралд тоглох нь жүжигчдэд харьцангуй бага ачаалалтай болжээ.
Холливудын салбар хямралтай, ажлын байрны нөхцөл байдал хүнд хэвээр байгаа гэх нийтлэг ойлголт байсаар байгаа ч телевизийн салбарын жүжигчдийн төлөөлөгчид өнөөдөр энтертайнмент салбарын хамгийн өөдрөг хүмүүсийн тоонд багтаж байна.
“Телевизийн жүжигчин байхдаа их хэмжээний мөнгө олох боломж байсаар байна. Ялангуяа алдартай жүжигчдийн хувьд телевизийн түүхэнд урьд өмнө авч байгаагүй өндөр цалин авч байна.” хэмээн нэгэн жүжигчний төлөөлөгч хэлжээ.
Мэдээж эдгээр өндөр цалин гол дүрийн жагсаалтад багтдаг хамгийн алдартай жүжигчдэд хамааралтай. Өмнө нь нэг цувралын туршилтын ангиас нөгөөд, эсвэл нэг шоунаас нөгөөд шилжин ажиллаж, боломжийн орлого олдог байсан жүжигчдийн дундаж давхаргын хувьд өнөөдөр ажил олох нь өмнөхөөсөө илүү хэцүү болжээ. Тэр үед хит болсон цувралд тоглож чадаагүй байсан ч жүжигчид боломжийн амьдралтай байх нөхцөл бүрддэг байв.
Харин тэр цаг үе нэгэнт өнгөрчээ. Гэхдээ үүний зэрэгцээ жүжигчдийг нэгэн зэрэг нэгээс олон телевизийн цувралд тоглохыг хориглодог байсан хатуу онцгой эрхийн заалтууд ч үгүй болсон байна. Цувралуудын ангийн тоо цөөрч, жүжигчдийн нийт орлого буурах болсон тул телевизийн сүлжээ болон студиуд алдартай жүжигчдийг өөр бусад төсөлд давхар ажиллахыг зөвшөөрөх болжээ. Ялангуяа гол дүрийн жүжигчдэд энэ нь илүү хамаатай. Үүний тод жишээ нь бараг бүх цувралд харагдах болсон Николь Кидман юм.
Томоохон стрийминг болон телевизийн платформуудаас Apple хамгийн өндөр цалин санал болгодогт тооцогдож байгаа бөгөөд HBO, Amazon ч энэ чиглэлээр өрсөлдөж байна. Peacock платформ ч Женнифер Гарнер зэрэг жүжигчдэд нэг анги тутамд нэг сая ам.доллараас дээш хөлс төлөхөд бэлэн гэдгээ харуулжээ. Харин Paramount+ платформ Тейлор Шеридан болон 101 Studios-ийн бүтээлүүдэд тоглох гол дүрийн зарим жүжигчинд нэг анги тутамд нэг сая ам.доллараас дээш цалин санал болгосноор өндөр зэрэглэлийн жүжигчдийг татаж чадсан байна. Disney харин цалин хөлсөнд харьцангуй бага мөнгө зарцуулдаг. Ялангуяа FX суваг “Shōgun” зэрэг цувралаар дамжуулан өндөр цалинтай оддыг хөөцөлдөхөөс илүүтэй зохиол, бүтээлийн чанарт илүү анхаарч байна.
Эх сурвалж: Variety


522











