Парисын гудамжинд гал дүрэлзэж, үймээн самуун дэгдэж байхад кафе гадаа тайван сууж, тамхи татан, ундаагаа ууж буй хосын бичлэг цахим орчинд олны анхаарлыг татжээ.
Францын нийслэл Парис хотод аравдугаар сарын 17-ны орой болсон эсэргүүцлийн жагсаал, үймээний үеэр авсан уг бичлэгт нэгэн хос ойролцоох кафены гадаах ширээнд сууж, тайван ярилцан, тамхи татаж, цай ууж байгаа нь харагдана. Тэдний ард гудамжинд хогийн сав шатаж, эргэн тойронд эмх замбараагүй байдал өрнөж байжээ.
Гэвч хосын хувьд ойр хавьд болж буй үйл явдал тэдний "чилл" агшныг төдийлөн саад болоогүй бололтой. Тэд ширээнээсээ босож сандралгүй, ердийн нэгэн оройг өнгөрөөж буй мэт суусаар байв.
Энэ дүр зураг цахим орчинд тарсны дараа хүмүүсийн инээдийг хүргэж, олон янзын сэтгэгдэл төрүүлжээ. Зарим нь тэднийг “Парисын жинхэнэ уур амьсгалыг хадгалж үлдсэн хүмүүс” хэмээн хошигнож, нөгөө хэсэг нь ийм нөхцөлд ч тайван байж чаддагт нь гайхсан байна.
Францчуудын кафе гадаа сууж, кофе ууж, тамхи татан ярилцах соёл дэлхийд танил. Харин энэ удаад тэрхүү тайван дүр зураг ердийнхөөс арай өөр, гал дүрэлзсэн гудамж арын фон болж буужээ. Мөн өөр нэг бичлэгт спорт хувцастай нэгэн гүйгч үймээн дундуур, замд таарсан саадыг тойрон гүйж байх нь харагдана. Эдгээр үйл явдал нь үүсээд буй аливаа нөхцөл байдалд хүн хэт сандралгүй өөрийн тав тухыг чухалчлах нь нэг талаараа "стресс менежмент" гэдгийг сануулжээ.
Гэхдээ уг бичлэг хөгжилтэй санагдаж болох ч бодит байдал дээр тухайн үед Парис болон Францын бусад хотод дэлгүүрүүдийг дээрэмдэх, гал тавих, цагдаа нартай мөргөлдөх зэрэг ноцтой хэрэг гарч байв.
Эх сурвалж: The Guardian, New York Post


572











