Хятадын зарим нийтийн бие засах газарт ариун цэврийн өрөөнд өнгөрүүлсэн хугацааг минут, секундээр тоолдог дижитал дэлгэц байршуулжээ. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн өрөөнөөс гарах үед тухайн бүхээгт хэр удаан байсан нь бусдад харагдах боломжтой гэсэн үг. Энэхүү систем нь хүмүүсийг яаруулах, хугацаа хязгаарлах зорилготой биш бөгөөд ариун цэврийн өрөөнд удаан хугацаагаар саатсан хүний аюулгүй байдлыг хянахад чиглэж байгаа аж.
Хятадын Шаньси мужид байрлах Юньгань агуйн цогцолбор (Yungang Grottoes)-ын нийтийн бие засах газруудад уг системийг нэвтрүүлсэн байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг тус газрын ариун цэврийн өрөөний бүхээг бүрийн дээр дижитал дэлгэц суурилуулжээ. Тухайн бүхээг сул байх үед дэлгэц дээр ногоон өнгөөр “Empty” буюу “Сул” гэсэн бичиг асна. Харин хүн орж хаалгаа түгжмэгц тухайн бүхээгт өнгөрүүлсэн хугацааг минут, секундээр автоматаар тоолж эхэлдэг байна.
ХҮМҮҮСИЙГ ЯАРУУЛАХ БУС, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ
Тус системийг 2024 оны тавдугаар сарын 1-нээс ашиглаж эхэлсэн бөгөөд жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор ариун цэврийн өрөөний ашиглалтыг зохицуулах шаардлага үүссэн гэж мэдээлжээ.
Ажилтнуудын тайлбарласнаар, дэлгэц дээрх хугацаа нь тухайн бүхээгт хүн хэр удаан байгааг харуулах зориулалттай. Хэрэв хэн нэгэн ариун цэврийн өрөөнд ер бусын удаан хугацаагаар байвал ажилтнууд анхаарч, эрүүл мэндийн асуудал эсвэл гэнэтийн осол гарсан эсэхийг шалгах боломжтой аж. Мөн уг системээр дамжуулан тав, арван минут гэх мэт хугацааны хязгаар тогтоогоогүй гэдгээ удирдлагууд онцолсон байна. Хугацаа хэтэрлээ гээд хаалгыг нь онгойлгох, хүнийг дундаас нь гаргах ямар ч зохицуулалт байхгүй гэжээ.

ЦАХИМ ОРЧИНД ХҮМҮҮС ХОЁР ХУВААГДЖЭЭ
Энэхүү шинэ системийн талаар цахим орчинд янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна.
Зарим хүмүүсийн хувьд энэ нь нийтийн бие засах газрын ашиглалтыг илүү хялбар болгох ухаалаг шийдэл аж. Тухайлбал, аль бүхээг сул байгааг шууд харах боломжтой учраас хаалга тогшиж шалгах, эсвэл сул өрөө хайж дараалалд зогсох шаардлагагүй болно гэж үзжээ.
Харин нөгөө хэсэг нь хувийн орон зай, нууцлалтай холбоотой асуудал хөндсөн байна. Тухайлбал, ариун цэврийн өрөөнд хэр удаан байсныг бусдад харуулах нь өөрийгөө ажиглуулж байгаа мэт эвгүй мэдрэмж төрүүлнэ гэж шүүмжилжээ.
Мөн зарим хэрэглэгч утсаа оролдох, шаардлагагүй удаан саатах хүмүүсийг багасгахад тустай гэж дэмжсэн бол нөгөө хэсэг нь хүний хувийн орон зайг хүндэтгэх ёстой гэж үзсэн байна.
ЗӨВХӨН ЮНЬГАНЬ АГУЙД БАЙДАГ ШИЙДЭЛ БИШ
Сонирхолтой нь, ийм төрлийн дэлгэцийг Хятадын Шанхай хотын зарим нийтийн бие засах газарт ч ашиглаж байсан тухай мэдээлэл бий. Тухайлбал, тус хотын орчин үеийн нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд бүхээгийн сул, завгүй байдлыг харуулдаг системийг 20 орчим жилийн өмнөөс нэвтрүүлсэн гэх мэдээлэл гарч байжээ.
Юньгань агуйн цогцолбор нь Хятадын Датун хотод байрладаг бөгөөд МЭ V–VI зууны үед хаданд сийлсэн 252 агуй, 51 мянга гаруй Буддагийн баримлаараа алдартай. Тус газрыг 2001 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд жил бүр олон сая жуулчин зорин ирдэг.

Технологи хүний өдөр тутмын амьдралыг хялбарчлахын зэрэгцээ хувийн орон зайн талаарх шинэ асуултуудыг ч бий болгож байна. Нэг талаас энэ нь аюулгүй байдал, тав тухыг нэмэгдүүлэх шийдэл байж болох ч нөгөө талаас хүний хувийн орон зайг хэрхэн хүндэтгэх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.
Эх сурвалж:CNN Yungang Grottoes toilet timers



484











