Монголын сурагчид олон улсын боловсролын тавцанд өрсөлдөх чадвараа дахин нотолж, Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээгээр 55 сурагч нэр хүндтэй Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртлээ.
Энэ удаагийн шалгаруулалтад Монгол Улсын төрийн болон хувийн өмчийн 11 сургуулийн сурагчид Кембрижийн IGCSE, International AS Level, International A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улсын болон дэлхийн хэмжээний шилдэг амжилт үзүүлсэн нь монгол сурагчдын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг харуулсан чухал үзүүлэлт боллоо.
Онцлон тэмдэглэхэд, төрийн өмчийн New Era International School-ийн сурагч С.Хангай IGCSE Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртсэн байна.
Мөн The English School of Mongolia сургуулийн сурагч Х.Тэцэнбаатар “Best Across Eight Cambridge IGCSEs”, төрийн өмчийн Шинэ эхлэл сургуулийн сурагч Р.Арунзаяа “Best Across Four Cambridge International AS Levels”, Orchlon International School сургуулийн сурагч Г.Мөнххишиг “Best Across Three Cambridge International A Levels” төрөлд Монгол Улсын хэмжээнд тэргүүлжээ.
Түүнчлэн математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон хичээлээр монгол сурагчид “Top in Mongolia” шагнал хүртэж, олон улсын жишиг үнэлгээгээр үе тэнгийн суралцагчдаа манлайлан амжилт гаргасан байна.
Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн суралцагчдыг тодруулдаг бөгөөд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хүлээн зөвшөөрдөг нэр хүндтэй үнэлгээний нэг юм. Тиймээс эдгээр шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, шүүмжлэлт сэтгэлгээ, судалгааны ур чадвар, олон улсын түвшний академик бэлтгэлийг илэрхийлдэг онцгой үнэлэмжтэй.
55 сурагчийн энэхүү амжилтын ард сурагчдын уйгагүй хөдөлмөр, багш нарын ур чадвар, эцэг эхийн дэмжлэг, сургуулиудын чанартай сургалтын орчин бий. Энэ нь Монголын сурагчид дэлхийн боловсролын орон зайд мэдлэгээрээ өрсөлдөж, амжилтаараа үнэлэгдэж байгаагийн бодит илэрхийлэл болж байна.
Өнөөдөр Монгол Улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд жил бүр 120 орчим сурагч элсэх боломжтой боловч элсэлтийн сонгон шалгаруулалтад 4000 гаруй хүүхэд өрсөлдөж байгаа нь олон улсын түвшний боловсролын эрэлт өндөр байгааг харуулж байна.
Нөгөө талаас Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг хувийн хэвшлийн 70-80 орчим сургууль үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын чанарыг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахаар ажиллаж байна.
Энэ нь орон нутгийн сурагчдад чанартай боловсрол эзэмших, өөрийн сонирхол, авьяас чадварт нийцсэн хичээлээ сонгон судлах, цаашид хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэлийн томоохон сургуулиудад сонгон судлах бүлэг байгуулах боломж харьцангуй өндөр байдаг бол сурагч цөөнтэй зарим орон нутгийн сургуулиудад ийм боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулснаар хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших, өөрийн ирээдүйн зорилго, мэргэжлийн чиглэлдээ нийцсэн сургалтад хамрагдах нөхцөл бүрдэх юм.
Монголын сурагчдын гаргасан энэ амжилт нь зөвхөн 55 хүүхдийн амжилт бус, Монголын боловсролын чанар дэлхийн түвшинд хүрч байгаагийн илэрхийлэл юм. Цаашид олон улсын түвшний боловсролын боломжийг нийслэл, орон нутгийн ялгаагүйгээр нэмэгдүүлж, Монгол хүүхэд бүрд дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь боловсролын салбарын тэргүүлэх зорилт хэвээр байх болно.








244











