АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд тус улсын Ардчилсан нам ялалт байгуулсан. Ингэснээр 2027 оны 01 дүгээр сараас эхлэн Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоох бөгөөд улмаар Ерөнхийлөгч Доналд Трампын гадаад бодлогод таван үндсэн чиглэлд шууд нөлөөлнө гэж Ройтерс агентлаг үзжээ.
1. Ирантай хийх дайныг хязгаарлах
Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг ажиллагаа эхлүүлэхээсээ өмнө Конгрессоос зохих ёсны дэмжлэг авч чадаагүй. Улмаар Ардчилсан нам Конгресст олонх болсноор батлан хамгаалахын зардлыг багасгах зэрэг арга хэмжээ авч болзошгүй гэж Ройтерс агентлагийн тоймчид үзжээ.
2. Украинд шинээр тусламж үзүүлэх
Доналд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш Украинд үзүүлэх санхүүгийн болон цэргийн тусламжийг эрс багасгасан. Түүнчлэн ОХУ-тай дизель түлшний хэлэлцээ хийснээр Конгрессын олон гишүүдийн шүүмжлэлтэй тулгарч байв. Харин одоо Ардчилсан намын гишүүд Конгресст олонх болсон тул Украинд шинээр тусламж үзүүлж магадгүй гэж тоймчид үзэж байна.
3. Израилд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоох
АНУ жил бүр 3,8 тэрбум долларын санхүүжилтийг Израилд өгдөг. Энэ тусламжийг Ардчилсан намынхан зогсоож магадгүй аж.
4. Цэргийн зардлыг багасгах
Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 онд батлан хамгаалахын зардлыг 67 хувиар нэмж 1,5 их наяд доллар болгохыг шаардаж байлаа. Харин тухайн үед Ардчилсан намын гишүүд энэ саналыг сенат дээр дэмжээгүй юм. Улмаар Конгресст олонх болсон Ардчилсан намынхан ирэх жилүүдэд цэргийн зардлыг танаж магадгүй гэж тоймчид үзжээ.
5. Латин Америк дахь бодлогод тавих хяналтыг чангалах
Ардчилсан намын зарим гишүүд Венесуэл улстай холбоотой Доналд Трампын үйлдлийг ихээхэн шүүмжилж, сонсгол, мөрдөн шалгалт явуулахыг уриалсан. Түүнчлэн Куба улсын энгийн иргэдийн эсрэг хориг арга хэмжээг шүүмжилж, бусад улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалж байлаа.
Эх сурвалж: Reuters, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Гэрэл зураг: Reuters


224











