Эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй. Машины зогсоолд хэдэн өнгийн машин байна? Гэрийн тань буйдан ямар өнгөтэй вэ? Сүүлийн үед худалдаж авсан хувцаснууд тань ямар өнгөтэй байсан бэ?
Хэрэв таны хариулт цагаан, хар, саарал, beige гэсэн дөрвөн өнгөний аль нэгэнд багтаж байвал та ганцаараа биш. Сүүлийн жилүүдэд бидний өдөр тутмын орчин аажмаар өнгөө алдаж байгаа мэт харагдах болсон. Машин, интерьер, хувцас, технологийн бүтээгдэхүүн, брэндинг гээд хаа сайгүй тод өнгөний оронд төвийг сахисан өнгө давамгайлах болжээ.
Хамгийн сонирхолтой нь бид үүнийг “уйтгартай” гэж биш, харин “цэвэрхэн”, “орчин үеийн”, “тансаг” гэж нэрлэх болсон.
Машинууд хүртэл “саарал” болжээ

Энэ өөрчлөлтийг автомашины өнгөний статистикаас харж болно. BASF Coatings-ийн 2025 оны дэлхийн автомашины өнгөний тайланд шинэ автомашины 33 хувь нь цагаан, 23 хувь нь хар, 19 хувь нь саарал, 8 хувь нь мөнгөлөг өнгөтэй байжээ. Өөрөөр хэлбэл, шинээр үйлдвэрлэгдэж буй автомашинуудын дийлэнх нь улаан, цэнхэр, ногоон зэрэг тод өнгө бус, харин өнгөний хувьд төвийг сахисан сонголттой байна.
Гэхдээ өнгөт машинууд бүрмөсөн алга болоогүй. Харин 2025 онд ногоон өнгө дэлхий даяар хамгийн их өссөн тод өнгө болсон нь өнгөний сонголт дахин өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Хэзээнээс beige “гоё” болсон бэ?

Өнгөний өөрчлөлт зөвхөн машинд хамаарахгүй. Интерьерийн зураг харахад цагаан ханатай, модон шалтай, beige буйдантай, цөөн хэдэн гоёлын зүйлтэй орон зай “modern” гэж үнэлэгдэх нь түгээмэл. Харин тод ягаан буйдан, шар хана, олон өнгийн хээтэй хивсийг “хэтэрхий тод” гэж харах нь бий.
Үүнд сүүлийн жилүүдийн minimalism болон quiet luxury зэрэг чиг хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энгийн байх нь эмх цэгцтэй. Эмх цэгцтэй байх нь чанартай. Харин чанартай харагдах нь тансаг.
Ийм ойлголт олон салбарт түгээмэл болсон байна. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий. Интерьерийн чиг хандлагад сүүлийн үед vintage тавилга, тод өнгө, artwork болон эзнийхээ зан чанарыг илэрхийлэх эд зүйлсийг илүү их ашиглах болж, “бүх зүйл төгс зохицсон” орчноос бага зэрэг залхах хандлага ажиглагдаж байна.
Бидний сэтгэл өнгийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Өнгө бол зөвхөн нүдэнд харагдах зүйл биш. 2025 онд нийтлэгдсэн системчилсэн тойм судалгаанд 1895–2022 оны хооронд хийгдсэн 132 судалгаа, 64 орны 42,266 оролцогчийн мэдээллийг авч үзжээ.
Судалгаагаар өнгө болон сэтгэл хөдлөлийн хооронд тодорхой холбоо байгааг харуулсан байна. Тухайлбал, шар болон улбар шар өнгө нь илүү эерэг, эрч хүчтэй сэтгэл хөдлөлтэй холбоотой байсан бол саарал өнгө нь харьцангуй бага эрчтэй, сөрөг сэтгэл хөдлөлтэй илүү их холбогджээ.
Гэхдээ энэ нь “шар өнгө хүн бүрийг баярлуулна” гэсэн үг биш. Өнгөний талаарх бидний мэдрэмжид соёл, хувийн туршлага, орчин зэрэг олон зүйл нөлөөлдөг.
Тэгвэл бид үнэхээр өнгөнөөс залхсан уу?
Магадгүй үгүй. Харин бид онцгой харагдахаас болгоомжилдог болсон байж болох юм. Тод өнгийн хувцас өмсөхөөр “хэтэрхий содон” санагдана. Шар машин авахад “хэт анхаарал татах” мэт. Өнгөлөг гэр тохижуулахад зохицолгүй харагдах вий” гэж бодно. Харин цагаан, саарал, beige байвал аюулгүй. Бусадтай зохицно. Моодноос хурдан гарахгүй. Тиймээс магадгүй бидний амьдрал өнгөө алдсан биш бид зүгээр л “зөв харагдах”-ыг “өөрийнхөөрөө байх”-аас илүү чухалчилдаг болсон байж болох юм.
Өнгө бол эцсийн эцэст зөвхөн дизайн биш. Тэр дурсамж, мэдрэмж, зан чанар, өөрийгөө илэрхийлэх нэг хэл. Бүх зүйл хоорондоо төгс зохицдог болсон энэ үед магадгүй хамгийн сонирхолтой зүйл нь бусадтай адилхан харагдах биш, өөрийн гэсэн өнгөтэй байх юм.




18313






