Шинэ үеийн уран бүтээлчдийн өнгө аясыг цогцлоолсон “Doomsday” тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтын онцлог нь сүүлийн үедуран бүтээлээрээ олны анхаарлыг татаж буй залуу артистууд нэг тайзнаа цугласан явдал байв.
Тус тоглолтын headliner артистуудаар Enkhe x Erkhem, Sash, Noubold, Fruitybaachka & Bektor Petrovic нар оролцсон юм. Харин Foux, Tuul, Blu, Uranus, DJ Shak, Punk and Rap, Arman, Panchi, Choidog, Turu зэрэг уран бүтээлчид line-up-д багтжээ. Өөр өөр өнгө аястай залуу уран бүтээлчид тайзнаа гарч хип хоп, R&B болон орчин үеийн хөгжмийн уур амьсгалыг өгч чадлаа.
“DOOMSDAY” ТОГЛОЛТЫН БҮРДҮҮЛСЭН ӨНГӨ АЯС
Тайзны засал чимэглэлээс эхлээд тоглолтын ерөнхий өнгө төрхийг улаан, хар өнгө давамгайлсан нэлээд сонирхолтой хэв маягаар шийдсэн байлаа. Тайзны арын дэлгэцэд тоглолтын логог томоор дүрслэн харуулж, аянганы дүрсийг гэрэлтүүлэгтэй хослуулсан нь “Doomsday” гэх нэртэйгээ нийцсэн дүр төрхийг бий болгож байв.
Мөн тайзны хоёр талд гал гардаг хэсгийн шийдэл болгон аянганы логог харуулах стиль имиж залуу, шинэлэх өнгө төрхийг бүрдүүлсэн сонирхолтой дизайн байлаа.
Ялангуяа артистуудын дуу дуулж байх үеийн гол хэсгүүдэд гал гарах хэсгүүд үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм.






FRUITYBAACHKA & BEKTOR PETROVIC

Тоглолтын онцлох хамтралуудын нэг нь Fruitybaachka & Bektor Petrovic нарын хэсэг байлаа. Сүүлийн жилүүдэд хамтран уран бүтээл туурвиж буй тэд “Terbum”, “Day in ur life”, “Fo sho” зэрэг олны танил дуунуудаа үзэгчдийг цоглог хэмнэлээрээ сэргээж чадсан юм.
Тэднийг тайзнаа гарахад үзэгчдийн уур амьсгал илүү сэргэж, дуу бүрийн үеэр хүмүүс хамтдаа дуулж, хэмнэлд нь нэгдэж байв. Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд гаргасан уран бүтээлүүд нь өндөр хандалт авч байгаа нь тоглолтын үеэр үзэгчдийн реакцаас ч анзаарагдаж байсан.
Мөн тэд хийлч нартай хамтран дуулсан нь хэсэг үзэгчдийн анхаарлыг татсан хэсэг байв.
ENKHE X ERKHEM

Enkhe x Erkhem-ийн хувьд хоёр артист хамтран уран бүтээл хийж эхэлснээсээ хойш өөрсдийн гэсэн намуухан хэрнээ хип хоп өнгө аястай дуунуудаар олонд танигдсан билээ. Энэ удаагийн тоглолтоор тэд нийт 16 дуу дуулав. Үүнээс “Чиний тухай”, “Хүснэ”, “Сар чам руу” зэрэг хэдийнээ олонд танил болсон дуунуудаас гадна шинээр цацсан цомгийнхоо уран бүтээлүүдээс мөн хүргэсэн нь фэн сонсогчдын хувьд таатай мөч байв.
Тэднийг дуулах үеэр үзэгчид өмнө нь сонсож дассан дуунуудаа хамтдаа даган дуулж байсан нь тус тоглолтын нэгэн халуун дулаан мөчийг бий болгож байсан юм.
NOUBOLD

Noubold-ийн тоглолтын хэсгийг дан ганц дуугаар нь бус бүжгээр нь онцолж болохоор байлаа. Түүний бараг дуу бүрийн ард 10-20 бүжигчнээс бүрдсэн баг тайзнаа гарч, хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн бүжиглэсэн нь тоглолтын үзүүлбэрийг илүү том цар хүрээтэй харагдуулж байв.
Ялангуяа бүжигчдийн хөдөлгөөн, тайзны байрлал, бүрдүүлсэн стиль зэрэг нь мэргэжлийн түвшний үзүүлбэр мэт мэдрэмж төрүүлж байлаа.
SASH

Тоглолтын хаалтыг Sash нийт хийж, нийт 18 дуу дуулжээ. Сүүлийн үед уран бүтээлийн хувьд харьцангуй нам жим байсан Sash энэ удаа “Doomsday”-ийн тайзнаа эргэн гарсан нь үзэгчдийн хувьд нэлээд сэтгэл хөдлөл өндөр их байв.
Түүний тус өдөр бүрдүүлсэн хувцаслалтын имиж, дүр төрх нь яах аргагүй онцлууштай, олны анхаарлыг татсан байсан юм. Шинэлэг загварын шийдэл, залуу хэв маяг, үсний засалт зэрэг нь тоглолтын хар, улаан өнгө давамгайлсан өнгө аястай нийцэж, Sash-ийн тайзны дүр төрхийг тодотгож байв.
Ерөнхийдөө “Doomsday” тоглолт шинэ үеийн уран бүтээлчдийн хөгжмийн өнгө төрхийг тодотгосон, шинэлэг шийдэл, өнгө аястай тоглолт болж өндөрлөлөө.













3603






