
K-pop ертөнцийн томоохон оддын нэг, BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү 2027 онд зохион байгуулагдах дэлхийн алдарт хөгжмийн фестиваль Coachella-ийн албан ёсны уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ. Тэрээр энэ удаад хамтлагийнхаа бус, бие даасан уран бүтээлчийн хувиар тайзнаа гарах гэж байгаа нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж байна.
Coachella 2027 фестиваль АНУ-ын Калифорни мужийн Индио хотод байрлах Empire Polo Club-д дөрөвдүгээр сарын 9–11 болон 16–18-ны өдрүүдэд хоёр амралтын өдрөөр зохион байгуулагдана. Жисү дөрөвдүгээр сарын 9 болон 16-ны баасан гарагийн уран бүтээлчдийн жагсаалтад багтсан байна.

Энэ жилийн фестивалийн гол тайзны уран бүтээлчдээр Dua Lipa, SZA болон Tame Impala нар тодорчээ. Мөн Madonna, The Strokes, BLACKPINK-ийн дүү хамтлаг BABYMONSTER, NCT зэрэг олон уран бүтээлч оролцохоор болсон байна.
Сонирхолтой нь, Жисү өмнө нь 2019 болон 2023 онд BLACKPINK хамтлагийн бүрэлдэхүүнд Coachella-ийн тайзнаа гарч байсан бол 2027 онд анх удаа соло уран бүтээлчийн хувиар оролцох гэж байна.
ЖИСҮГИЙН СОЛО КАРЬЕР ШИНЭ ШАТАНД ГАРЧ БАЙНА

Сүүлийн үед Жисү зөвхөн BLACKPINK-ийн гишүүний хувиар бус, бие даасан уран бүтээлчийн хувьд ч идэвхтэй ажиллаж байна.
Тэрээр энэ оны есдүгээр сарын 4-нд “CLICK” нэртэй шинэ синглээ гаргасан бол аравдугаар сарын 30-нд удахгүй гарах анхны бүрэн хэмжээний соло цомгийнхоо хоёр дахь урьдчилсан сингл болох “ADDICTED” дуугаа танилцуулсан юм.
Түүний “ADDICTED” дуу гарсан даруйдаа 28 бүс нутгийн iTunes Top Songs жагсаалтыг тэргүүлсэн талаар уран бүтээлчийн агентлаг мэдээлжээ. Харин анхны бүрэн хэмжээний соло цомгийн нэр болон нээлтийн тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна.
ХОЛЛИВУДЫН ТОМООХОН АГЕНТЛАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Жисүгийн сүүлийн үеийн бас нэгэн онцлох мэдээ бол Холливудын томоохон авьяаслаг уран бүтээлчдийг төлөөлдөг WME (William Morris Endeavor) агентлагтай дэлхий даяарх төлөөллийн гэрээ байгуулсан явдал юм.
Арваннэгдүгээр сарын 9-нд мэдээлэгдсэн энэхүү гэрээ нь түүний олон улсын хөгжмийн болон жүжигчний карьерыг өргөжүүлэхэд чиглэж байна.
WME-тэй гэрээ байгуулсан нь түүний одоогийн менежмент болон хөгжмийн гэрээнүүдийг өөрчлөхгүй бөгөөд соло уран бүтээлээ Blissoo, Warner Records-той хамтран үргэлжлүүлэх юм.
Ингэснээр Жисү WME агентлагтай гэрээ байгуулсан BLACKPINK-ийн гурав дахь гишүүн болжээ. Өмнө нь Лиса болон Рөүз тус агентлагтай хамтран ажиллах болсон билээ.
ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛ БОЛОН ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД Ч ИДЭВХТЭЙ БАЙНА
Жисү энэ онд жүжигчний карьераа ч амжилттай үргэлжлүүлсэн. Тэрээр Netflix-ийн романтик инээдмийн цуврал “Boyfriend on Demand”-д гол дүр бүтээсэн бөгөөд уг бүтээл гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон юм.

Үүнээс гадна Dior, Cartier, Tommy Hilfiger зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, загварын ертөнцөд ч өөрийн байр суурийг бататгаж байна. Тэрээр мөн Salomon брэндийн 2026 оны намар, өвлийн кампанит ажилд оролцжээ.

Ийнхүү хөгжим, кино, загварын салбарт зэрэг амжилт гаргаж буй Жисүгийн хувьд 2027 оны Coachella нь соло карьерынх нь бас нэгэн чухал үйл явдал болох нь гарцаагүй. Харин түүний удахгүй гарах анхны бүрэн хэмжээний цомог болон Coachella-д зориулсан тайзны үзүүлбэр ямар байх бол гэдэг нь шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.


308











