BLACKPINK хамтлагийн гишүүн, дуучин Jennie Netflix-ийн удахгүй нээлтээ хийх “Steps” хүүхэлдэйн киноны албан ёсны дуу болох “Someone to Hold” бүтээлийг дуулжээ. Энэ нь түүний хүүхэлдэйн киноны soundtrack-д оролцож буй анхны тохиолдол бөгөөд уг дуу кино нээлтээ хийхээс өмнө олон улсын хөгжмийн шагналд нэр дэвшээд амжсан байна.
“Someone to Hold” дуу 11 дүгээр сарын 6-нд хөгжмийн стриминг платформуудаар цацагдсан бол “Steps” хүүхэлдэйн кино 11 дүгээр сарын 20-нд Netflix-ээр дамжин үзэгчдийн хүртээл болно.
ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭРИЙГ ӨӨР ӨНЦГӨӨС ӨГҮҮЛЭХ НЬ

“Steps” нь бидний сайн мэдэх Cinderella буюу Үнсгэлжингийн үлгэрийг түүний хойд эгч нарын өнцгөөс харуулах адал явдалт, инээдмийн хүүхэлдэйн кино юм.
Үлгэрт үргэлж муу санаат дүрээр дүрслэгддэг хойд эгч нарын нэг Lilith эгч Margot-ийн хамт Үлгэрийн дагинын шидэт савааг хулгайлснаар бүх зүйл орвонгоороо эргэнэ. Үүний улмаас хаант улс аюулд орж, Lilith өөрийнх нь эсрэг дүр байсан Cinderella-тай хүчээ нэгтгэн хаант улсаа аврахаар адал явдалд гардаг.
Киноны гол дүрүүдэд Ali Wong, Amanda Seyfried, Stephanie Hsu нар дуу оруулсан бол Bette Midler, Daniel Radcliffe, Peter Dinklage зэрэг алдартнууд мөн оролцжээ.
JENNIE-ИЙН ДУУ КИНОНЫ ХАМГИЙН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ХЭСЭГТ ЭГШИГЛЭНЭ
“Someone to Hold” нь эгч дүүсийн холбоо, бие биедээ түшиг болохын үнэ цэнийг илэрхийлсэн уянгын дуу юм. Тус бүтээл киноны үйл явдлын сэтгэл хөдөлгөм оргил хэсэгт эгшиглэхээр төлөвлөгджээ.
Jennie энэхүү хамтын ажиллагааныхаа талаар хүүхэлдэйн кинонд зориулж анх удаа дуу бүтээх үйл явц үнэхээр таатай байсан бөгөөд дүрүүдийн дулаан уур амьсгал, өвөрмөц зан чанарт нь дурласан тухайгаа хуваалцсан байна.
Түүнчлэн уг дуу албан ёсоор цацагдахаасаа өмнө Hollywood Music in Media Awards-ын “Song – Animated Film” буюу хүүхэлдэйн киноны шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн байна.
Ийнхүү Jennie зөвхөн тайз, хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүйгээр олон улсын кино урлагийн төсөлд өөрийн дуу хоолойгоор хувь нэмрээ оруулж байна.



433











