BLACKPINK хамтлагийн Женни болон Tame Impala хамтлагийн Кевин Паркер нар Rolling Stone сэтгүүлийн "Musicians on Musicians" тусгай дугаарт оролцож, “Dracula” дуу, Рианнад дуртай тухайгаа болон хувь тавилангийн талаар ярилцжээ.
"‘Dracula" дууны эх хувилбар Tame Impala-гийн Deadbeat цомогт багтан гарснаас хэдэн сарын дараа буюу 2026 оны хоёрдугаар сард Женнигийн оролцсон ремикс хувилбар нь цацагджээ. Уг ремикс маш хурдан дэлхий даяарх хамгийн алдартай дуунуудын нэг болж, захиалгат стриминг үйлчилгээнүүдээр бараг нэг тэрбум удаа сонсогджээ.
Үүнд TikTok дээр тархсан тренд ч нөлөөлсөн бөгөөд тус дууг ашиглан 1.3 сая видео бүтээсэн байна.
Мөн хоёр уран бүтээлчид хоёуланд нь "Billboard Hot 100" жагсаалтын шилдэг аравт багтсан анхны хит дуу нь болсон байна.
Австралийн нэрт продюсер өмнө нь дэлхийн одуудтай хамтран ажиллаж байсан. Тухайлбал, тэрээр Рианнагийн 2016 онд дуулсан “Same Ol’ Mistakes” дууг бичсэн бөгөөд Дуа Липагийн 2024 оны Radical Optimism цомгийн олон дууг хамтран бичиж, продюсерлэжээ.
Гэвч энэ удаагийн бүтээл өмнөх ажлуудаас нь өөр түвшинд хүрсэн байна.

Кевин Паркер: Бид анх яаж танилцсаныг санаж байна уу? Сөүл хотын нэгэн ресторан, бааранд уулзсан шүү дээ. Ямар нэртэй газар байсныг нь санахгүй байна. Шөнө нэлээд орой болсон байсан.
Женни: Түр хүлээгээрэй, тэр орой яаж өнгөрснийг санаадхая. Миний ой үнэхээр муу л даа.
Кевин Паркер: Тэр үед би бидний найз, тухайн үед CELINE брэндэд ажиллаж байсан олон нийттэй харилцах мэргэжилтэн Питер Утцтай хамт байсан.
Женни: Тийм ээ. Бидний дундын найз. Одоо саналаа.
Кевин Паркер: Үнэнийг хэлэхэд, тэр үед би аль хэдийн согтчихсон байсан байх аа...
Женни: Бид хоёр хоёулаа согтсон байсан.
Кевин Паркер: Сөүл бол хөгжилтэй хот шүү дээ. Ийм зүйлс л болдог юм.
Женни: Тэр үнэхээр хөгжилтэй орой байсан. Та тэр үед аялан тоглолт хийгээгүй, Солонгост ч ажиллаагүй, зүгээр л ирсэн байсан шүү дээ.
Кевин Паркер: Тийм ээ, үнэхээр сайхан байсан. Одоо “Dracula” дууны ремикс хэрхэн бүтсэн түүхийг чиний талаас сонсох гэж байгаадаа их баяртай байна. Миний хувьд гэвэл, би Питертэй ярилцаж байхдаа “Женнигийн хоолой надад үнэхээр таалагддаг. Түүнийг энэ дуунд оролцуулбал сайхан байна” гэж хэлсэн юм. Тэгтэл Питер “Би түүнийг танина. Хүсвэл яг одоо мессеж бичиж болно” гэсэн. Би бүр “Ёстой нээрээ юу, энэ чинь үнэхээр бүтэх нь ээ” гэж бодсон.
Женни: Таныг Питертэй ярилцсаны дараахан би мессеж авсан. Уншаад л шууд “Би энэ дуунд оролцъё” гэж хэлсэн. Та намайг энэ дуунд оруулахаар бодсонд би үнэхээр их баярлаж, талархсан.
Кевин Паркер: Тэгээд бид бичлэг хийх цагаа товлосон. Би хэд хоног Хятадад байсан юм. Өмнө нь Хятадад очиж үзээгүй байсан болохоор зочид буудлын өрөөндөө яаран буцаж ирээд, чамтай холбогдохын тулд компьютерээ нээсэн. Харин чи студидээ бэлэн сууж байсан.
Женни: Тийм ээ, санаж байна. Бид өөр өөр хотод байсан болохоор Zoom-ээр бичлэг хийсэн ч бүх зүйл маш амархан бүтсэн. Гэхдээ нэг хотод хамт байж чадаагүйдээ би их харамссан. Та намайг хэдэн цагаар бичлэг хийж байхад бүх хугацаанд хамт байж, хүлээж байсан. Энэ нь надад маш их үнэ цэнтэй санагдсан.
Кевин Паркер: Чи дууны хэсэг бүрийг ямар сайн дуулж байгааг хараад би үнэхээр гайхсан. “Dracula” олон давхар хоолойн бичлэгтэй учраас бид нэлээд олон хэсэг бичих хэрэгтэй байсан шүү дээ. Дахилтын хэсэгт нэгэн зэрэг найман хоолой давхар сонсогддог. Харин чи ямар ч асуудалгүй дуулж байсан.
Женни: Миний өмнө нь гаргаж байсан бусад уран бүтээлээс тэс өөр дуу байсан болохоор надад шинэ мэдрэмж, урам зориг өгсөн.
Кевин Паркер: Энэ үнэхээр хөгжилтэй дуу л даа. Дуулахад хэцүү байсан уу? Миний хувьд “Dracula” бол дуулахад хамгийн хэцүү дуунуудын нэг. Би тайзан дээр дуулахын өмнө хоолойгоо сайн халаасан байх шаардлагатай байдаг.
Женни: Мэдээж хэцүү. Гэхдээ хамгийн хэцүү нь таны дуулдаг хэсгийг өөрийнхөө хоолойн дээр давхарлан дуулах байсан байх. Би бүх хэсгийг ганцаараа дуулах хэрэгтэй болсон шүү дээ. Гэхдээ энэ дуунд маш их дуртай байсан болохоор хэцүү байгааг нь ч анзаараагүй.
Кевин Паркер: Нэг жаахан сонин асуулт асууя. Магадгүй хариулахгүй ч байж болно. Би өөрөө ч хариултыг нь олох гэж оролдож байгаа ч чадахгүй байна. Бидний дууг эс тооцвол, чиний хамгийн дуртай хослон дуулсан дуу юу вэ?
Женни: Би “Dracula” гэж хэлэх байсан юм, гэхдээ...
Кевин Паркер: Тэгж болно шүү дээ. Би ч бас тэгж хэлнэ.
Женни: Яагаад ч юм Мадонна, Жастин Тимберлейк хоёрын “4 Minutes” дуу санаанд орж ирлээ. Ер нь олон сайхан дуу бий.
Кевин Паркер: Тийм ээ, олон бий. Fleetwood Mac хамтлагийг хослон дуулдаг уран бүтээлчид гэж тооцож болох болов уу? Тэд ихэнхдээ хамт дуулдаг байсан шүү дээ. Би Fleetwood Mac-д дуртай нь илт байгаа биз?

Кевин Паркер: Олон нийтийн газар “Dracula” дуугаа хэр олон сонсож байна?
Женни: Миний хамгийн дотнын найзууд хүртэл “Энэ дуу үнэхээр гайхалтай” гэж мессеж бичиж байсан. Уран бүтээлчийн хувьд амжилт хэрхэн эхэлснийг би өөрөө хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Гэхдээ энэ таны дуу учраас амжилтад хүрнэ гэдгийг нь мэдэж байсан.
Кевин Паркер: Энэ санааг анх гаргасандаа би өөрийгөө магтмаар байна. “Dracula” аль хэдийн сайн явж, хүмүүсийн сонирхлыг татаж байсан. Чамайг дуунд оруулбал бүх зүйл дараагийн түвшинд хүрнэ гэсэн мэдрэмж надад төрсөн юм.
Женни: Үнэнийг хэлэхэд, Солонгост анх уулзсан цагаасаа л бидний хамтын бүтээл амжилттай болно гэдгийг мэдэрсэн. Тэр өдөр би танд “Би таны хөгжмийг маш удаан хугацаанд сонсож, шүтэн биширч ирсэн. Тантай студид хамт орж, дуу бүтээх боломж олдвол миний хувьд үнэхээр гайхалтай байх болно” гэж хэлж байснаа санаж байна.
Кевин Паркер: Би санаж байна.
Женни: Би таны хөгжмийг үргэлж сонсож, судалж ирсэн. Яг юу нь намайг татдагийг тайлбарлаж чадахгүй. Миний хувьд энэ нь ямар нэгэн энерги, мэдрэмжтэй холбоотой юм шиг санагддаг. Ойлгож байна уу?
Кевин Паркер: Миний хөгжимд дасаж, дуртай болохын тулд хэсэг хугацаа шаарддаг гэж боддог.
Женни: Таны хөгжим намайг өөр уур амьсгал, өөр мэдрэмж рүү аваачдаг нь надад таалагддаг. Би тийм мэдрэмжүүдэд татагддаг. Тиймээс би таны уран бүтээлийн шүтэн бишрэгч болсон нь ч, өнөөдөр таны тоглолтод ирж үзэх гэж байгаа нь ч зүй ёсны хэрэг байсан байх. Би үнэхээр догдолж байна.
Кевин Паркер: Тоглолтыг маань үзэх гэж байгаад чинь би ч бас баяртай байна. Чи өмнө нь манай тоглолтыг үзэж байгаагүй юм уу?
Женни: Үгүй ээ, анх удаа л үзэх гэж байна.
Кевин Паркер: Чамд таалагдана гэж бодож байна. Би үзэгчдийн сэтгэл хөдлөл хамгийн оргилдоо хүрэх ёстой мөчүүдийг зөв гаргахыг хичээдэг. Бидэнд үзүүлбэрийн бүх л арга бий. Энэ удаагийн аялан тоглолтын үзэгчид үнэхээр гайхалтай байна.
Женни: Үнэхээр гайхалтай юм аа.
Кевин Паркер: Чи бүх зүйлийг хийдэг хүн юм шиг санагддаг. Жүжиглэнэ. Анхнаасаа жүжигчин байгаагүй хэр нь жүжиглэж чаддаг хүмүүсийг би үнэхээр биширдэг. Чи дуучин, уран бүтээлч байхын зэрэгцээ жүжиглээд л явчихдаг. Энэ шударга биш шүү дээ. Хүн бүхнийг зэрэг хийж чаддаг байх ёсгүй биз дээ гэж бодогддог.
Женни: Энэ бол одоо ч миний өөрийгөө сорьж, хөгжүүлэхийг хүсдэг чиглэлүүдийн нэг. Гэхдээ тайзан дээрх уран бүтээлч байх, үүний зэрэгцээ өөр тал дээр ажиллах нь надад таалагддаг. Одоо бие даасан уран бүтээлчийн хувьд илүү их цагтай болсон учраас нэг удаад нэг төсөлд төвлөрөхийг хичээж байна. Гэхдээ би одоо ч өөрийгөө таньж, юунд дуртайгаа ойлгох явцдаа л явна.
Кевин Паркер: Мэдээж. Бид бүгд л тийм шүү дээ. Клип найруулах гэх мэт ажлуудыг өөрөө хийх дуртай юу? Эсвэл бүх зүйлийг хянах хүсэлтэй холбоотой юу?
Женни: Аль аль нь бага зэрэг бий. Гэхдээ өнгөрсөн жил миний анхны бие даасан цомог болох Ruby гарснаас хойш би хөгжмийн талаар маш их зүйл сурсан. Би бүх насаараа хөгжимтэй холбоотой байлаа. Тиймээс өөрийн хийхийг хүсэж байгаа бүх зүйлээ зоригтой туршиж үзэх нь зүйтэй гэж өөртөө хэлсэн. Ингэснээр би юунд үнэхээр дуртай, юуг зүгээр л хийх ёстой учраас хийж байгаагаа ялгаж ойлгож чадна.

Кевин Паркер: Тийм ээ, гарцаагүй. Миний мэдэхээр Дуа Липа ч бас нэг газар тогтож чаддаггүй, үргэлж ямар нэгэн зүйл хийж байдаг хүн. Түүнтэй хамтран ажиллах ямар байсан бэ?
Женни: Дуа Липатай ажиллах нь ажил хийж байгаа мэт санагдаагүй. Нью-Йоркт түүнтэй уулзаж, клипний зураг авалт хийсэн нэг өдөр шиг л байсан. Бид зүгээр л уулзах өдрөө тохирох гэж байгаа хүмүүс шиг мессеж бичилцэж байлаа. Харамсалтай нь бид дуунуудаа хамт студид бичиж чадаагүй. Гэхдээ тэр өөрийн гайхалтай хоолойгоор бичлэгээ явуулсан. Харин таны хувьд ямар байсан бэ?
Кевин Паркер: Гайхалтай. Тэр үнэхээр мундаг. Би саяхан түүний хуримд хүртэл очсон шүү.
Женни: Зургийг нь харсан. Үнэхээр сайхан харагдаж байсан.
Кевин Паркер: Үнэхээр онцгой үйл явдал байсан. Тэр чамтай их төстэй. Үргэлж ямар нэгэн зүйл хийж байдаг. Номын тухай подкасттай, хөгжмийн карьертай. Чам шиг бүхнийг ямар ч хүч гаргахгүй мэт амархан хийдэг. Би түүний нэг өдөр хийдэг ажлын талыг нь хийсэн бол дөрвөн өдөр унтах хэрэгтэй болно. Харин тэр нэг бичлэгийн ажлаасаа түр гараад подкастдаа Моника Левинскитэй ярилцлага хийчихээд буцаад ирж, бичлэгээ үргэлжлүүлж чаддаг.
Женни: Тэр эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй. Энэ нь үнэхээр урам зориг өгдөг. Та Доминик Файктай ч хамтран ажиллаж байсан. Та бид хоёрын дуртай зүйлс олон талаараа ижил юм шиг байна.
Кевин Паркер: Тийм шүү. Би түүний хөгжимд дуртай. Түүнийг аялан тоглолтод маань оролцуулах боломж гарсанд бид маш их баярласан. Харин чи түүнтэй хамтран ажиллахад ямар байсан бэ? Бас л зайнаас ажилласан уу?
Женни: Тийм ээ, зайнаас ажилласан. Гэхдээ тэр надад олон өөр санаа явуулж байсныг санаж байна. Тэгээд бид хоёр шууд ярилцаж, хоёуланд маань таалагдсан хувилбарыг сонгож чадсан. Тэр их хөгжилтэй, өвөрмөц хүн.
Кевин Паркер: Тийм ээ, үргэлж хөгжим бичиж байдаг хүн шиг санагддаг. Чи ч бас тийм үү? Олон санаа, бичлэг цуглуулж байгаад хамгийн сайныг нь сонгодог уу, эсвэл сайхан санаа төрөхийг хүлээдэг үү?
Женни: Студид ажиллаж эхэлмэгцээ л санаануудаа хөгжүүлж эхэлдэг. Хэн нэгэн надад зогсохыг хэлэх хэрэгтэй болдог шүү. Харин та яадаг вэ?
Кевин Паркер: Би өөрийн гэсэн жижиг ертөнцөд амьдардаг хүн. Tame Impala-гийн хөгжмийг бүтээх нь үргэлж ганцаараа хийдэг ажил байсаар ирсэн. Би студидээ ороод л гарахгүй суудаг...
Женни: Өөрийгөө дотроос нь түгжчихдэг юм уу?
Кевин Паркер: Цомог дээр ажиллаж байгаа эсвэл ажилдаа эрчимтэй орох гэж байгаа үедээ би бусдаас бүрэн тусгаарлагддаг. Ганцаараа жижиг аяллууд хийнэ. Далайн эрэг дээр хаа нэгтээ Airbnb түрээслээд...
Женни: Энэ чинь миний мөрөөдөл.
Кевин Паркер: Тэгээд тэнд долоо хоног орчим байна. Хэдэн өдөр хэнтэй ч ярихгүй байж чадна.
Женни: Надад үнэхээр таалагдаж байна. Гэхдээ микрофонтойгоо ярьж болно шүү дээ.
Кевин Паркер: Тийм ээ, микрофонтойгоо л ярьдаг. Миний дуу хоолой гаргах цорын ганц зүйл тэр.
Женни: Та өөртөө цаг хугацааны хязгаар тавьдаг уу?
Кевин Паркер: Би үргэлж ойролцоо хугацаа тогтоодог. Тэгэхгүй бол эцэс төгсгөлгүй үргэлжилчихнэ. Гэхдээ мэдээж сэтгэл санаа ямар байгаагаас их шалтгаална.
Женни: Тийм ээ. Цомгууд...
Кевин Паркер: Уран бүтээлчид дуугаа гаргах үедээ ямар мэдрэмж авдаг нь надад үргэлж сонирхолтой санагддаг. Хүн бүр өөр өөр байдаг. Дуу гарах өдөр чиний хувьд баяртай өдөр үү, эсвэл там шиг хэцүү өдөр үү? Эсвэл энэ хоёрын дунд байдаг уу?
Женни: Ганц дууны тухай ярьж байна уу?
Кевин Паркер: Тийм ээ, хүмүүсийн хүсэн хүлээсэн сингл гэж бодъё. Чи сурталчилгаа хийсэн, хүмүүс дууны хэсгүүдийг сонссон, тэгээд өнөөдөр бүх дуугаа нийтэд хүргэх өдөр ирлээ...

Кевин Паркер: Уучлаарай. Хэрэв энэ асуултаараа чамд сэтгэлзүйн хүнд дурсамж төрүүлж байгаа бол хариулт чинь ойлгомжтой боллоо гэсэн үг.
Женни: За, энэ талаар юу ч хэлэхгүй ээ.
Кевин Паркер: Дуа руу буцаж оръё. Radical Optimism цомог нь гарахад тэр үнэхээр их баярлаж байсан. Харин би дэлхий нийтээрээ сонсох гэж байгаад баярладаг ч, ерөнхийдөө бол энэ үйл явц надад маш их дарамттай санагддаг.
Женни: Би таны талд илүү ойр байдаг юм байна. Өглөө сэрээд “Өө, өнөөдөр миний цомог гарах өдөр. Энэ бол амьдралын минь хамгийн аз жаргалтай өдөр” гэж боддог болох тэр өдрийг л хүлээж байна. Би баярлахгүй байгаа юм биш. Зүгээр л үүнтэй хамт ирдэг олон зүйл сэтгэлд хэт их ачаалал өгдөг.
Кевин Паркер: Би яг адилхан бодолтой байна. Хүмүүс миний хөгжмийг сонсож байгаад зүгээр л баярлаж чаддаг болох тэр өдрийг хүлээдэг. Чамд ч бас ийм мэдрэмж төрдөг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ чи олон жил бусдаас хол, нууцхан хөгжүүлж ирсэн зүйлээ гэнэт дэлхий нийтэд гаргах үед сэтгэл санааны хувьд маш хүчтэй өөрчлөлт болдог. Өөрийгөө бүхэлд нь ил гаргаж байгаа мэт, маш эмзэг болчихдог. Бидний хийдэг ажил үнэхээр хачирхалтай юм.
Женни: Үнэхээр тийм шүү. Тэгэхээр... Рианнатай хэрхэн хамтарч ажилласан бэ?
Кевин Паркер: Рианнатай холбоотой явдал үнэхээр гайхалтай байсан. Түүний продюсер, эсвэл уран бүтээлийн багийн хүн, эсвэл менежерээс нь утасдаж, имэйл бичсэн юм. Тэд цомгоо дуусгаж байсан бөгөөд дахиад нэг дуу нэмэхийг хүсэж байгаагаа, тэр дундаа миний дууг сонгосноо хэлсэн. Би тэднийг дууг маань дахин боловсруулж, ремикс эсвэл шинэ хувилбар хийнэ гэж бодсон.
Тэр үед би Пертэд байсан болохоор шөнө дунд болж байлаа. Тэд “Цомгийг маргааш дуусгах ёстой. Дууны бүх тусдаа замуудыг одоо явуулж чадах уу?” гэж асуусан. Шөнийн нэг цаг байсан. Би орноосоо босож, студидээ очоод бүх гэрлээ асаан, дууны тусдаа бичлэгийн замуудыг бэлдэж явуулсан. Тэгээд дуу гарах хүртэл тэднээс дахин юу ч сонсоогүй. Ингээд л дууссан даа.
Женни: Хөөх.
Кевин Паркер: Би Рианнад дуртай болохоор дууг минь дуулж байгааг сонсох үнэхээр итгэмээргүй байсан. Одоо бодоход үүнийг ремикс гэж нэрлэж болох юм. Чиний “Dracula” ремикстэй төстэй. Би өөрийн хоолойндоо дуртай ч дэлхийн хамгийн шилдэг хоолойтой хүн биш гэдгээ мэднэ. Тиймээс миний бичсэн дууг гайхалтай хоолойтой хүн дуулж байгааг сонсоход маш их догдолдог.
Женни: Тэр өдөр Рианна тантай холбогдож, дууг тань сонгосонд би баяртай байна. Та Австралид төрж өссөн үү?
Кевин Паркер: Би Сиднейд төрсөн ч амьдралынхаа ихэнх хугацааг Пертэд өнгөрүүлсэн. Би жинхэнэ австрали хүн. Харин чи Шинэ Зеландад өссөн үү? Үүнийг би саяхан л мэдсэн.
Женни: Тийм ээ. Харамсалтай нь Шинэ Зеландын аялга маань алга болчихсон.
Кевин Паркер: Би ер нь Австрали, Шинэ Зеландын аялгыг ялгахдаа гайгүй шүү. Тэгээд чи Шинэ Зеландаас Солонгос руу явсан юм уу?
Женни: Тийм ээ. Би 10-аас 15 нас хүртлээ тэнд байсан. Тэндээс Солонгост ирээд шууд дадлагажигчийн амьдралд орсон.
Кевин Паркер: Оклендоос Сөүл рүү ирэх нь үнэхээр том өөрчлөлт байсан байх даа. Дэлхийн хамгийн жижиг хотуудын нэгээс хамгийн том хотуудын нэг рүү очсон гэсэн үг шүү дээ.
Женни: Тийм ээ, миний амьдралыг өөрчилсөн том үйл явдал байсан.
Кевин Паркер: Хөөх. Та нар маш хурдан дэлхий даяар алдартай болсон. Би BLACKPINK-ийн хөгжмийг сонсохоосоо ч өмнө хамтлагийнх нь нөлөөг мэддэг байсан. Дараа нь хөгжмийг нь сонсоод үнэхээр хүчтэй, гайхалтай юм гэж бодсон. Харин чиний бие даасан хөгжмийг ч бас сонссон. Нэг удаа онгоцонд сууж явахдаа Ruby цомгийг эхнээс нь дуустал сонсож байсан.
Женни: Ruby дээр ажиллаж байх үедээ би тантай холбогдохыг оролдож байснаа тод санаж байна. Гэхдээ тэр оролдлого маань танд хүрээгүй байх.
Кевин Паркер: Өө, тийм үү? Тэгвэл замдаа хаа нэгтээ алга болсон байх нь.
Женни: “Dracula” дуунд оролцох үедээ би таны дуунд багтсандаа баярлаж, нэр төрийн хэрэг гэж бодсон төдийгүй тантай илүү дотно танилцаж, таны туулж ирсэн зүйлсийг ойлгож, найз болохыг хүсэж байсан. “Dracula” биднийг холбосон. Тиймээс энэ бол бид хоёрын дуу.
Кевин Паркер: Энэ бүхэн хувь тавилангаар шийдэгдсэн юм шиг санагдахгүй байна уу?
Женни: Тэгэлгүй яах вэ. Би хувь тавиланд итгэдэг.
Кевин Паркер: Тэгвэл энэ дуу ч бас ингэж бүтэх хувь тавилантай байж дээ.


474











