Тупак Шакурын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Дуэйн “Кефф Ди” Дэвист 40 жилээс бүх насаар хорих ял оноолоо. Тэр өмнө нь цагдан хоригдсон хугацаандаа 731 хоногийг эдлэх ялаасаа хасуулах юм.
Southside Compton Crips гэмт бүлэглэлийн удирдагч асан Дэвисийг 1996 онд Лас-Вегасын Стрип орчмын бүсэд рэп хөгжмийн од Тупак Шакурын амийг хөнөөх хэргийг зохион байгуулсан хэмээн үзэж, наймдугаар сарын 31-нд нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутай гэж шүүхээс тогтоосон юм. Тэрээр тухайн үедээ 25 настай, уран бүтээлийнхээ оргил үед явсан Шакурын амь насыг хөнөөсөн хэрэгт албан ёсоор яллагдагчаар татагдсан цорын ганц хүн хэвээр байна.

Бараг 30 жилийн турш уг хэрэг илрээгүй хэвээр байв. Хүн амины хэрэгт ашигласан зэвсэг олдоогүй бөгөөд гэмт бүлэглэлийн “гудамжны хууль” буюу бусдыг илчлэхгүй байх бичигдээгүй дүрмийг дагадаг гэрчүүд мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Он жилүүд өнгөрөхийн хэрээр тухайн үед байсан байж болзошгүй биет нотлох баримтууд ч аажмаар устаж, ул мөрөө алджээ.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам прокуроруудын хэргийг үндэслэх гол нотлох баримт болох өөр нэг зүйл бий болсон нь Дэвисийн өөрийнх нь хэлсэн үг байв. Тэрээр ярилцлага, баримтат кино, подкастуудад оролцохдоо Шакурын амь насыг хөнөөсөн хэрэгт оролцсон тухайгаа нээлттэй ярьж байсан юм. Мөн 2019 онд болсон үйл явдлын талаарх өөрийн хувилбарыг өгүүлсэн дурсамж номоо хэвлүүлжээ.
Эх сурвалж: CNN


341











