NASA Бархасбадь гарагийн дагуул “Europa” дээр амьдрал оршин тогтнох нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоох зорилготой 5.2 тэрбум ам.долларын өртөг бүхий сансрын хөтөлбөрөө эхлүүллээ.
Бэлтгэл ажил нь 10 гаруй жил үргэлжилсэн энэхүү сансрын аялал даваа гарагт эхэлж, “Europa Clipper” нэртэй хөлгийг Флорида муж дахь сансрын төвөөс “SpaceX”-ийн “Falcon Heavy” пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна.
Хөөргөлтөөс цаг гаруйн дараа “Clipper” хөлөг пуужингаас салж, 2030 он гэхэд “Europa”-д хүрэх зорилготой сансрын гүний аялалдаа гарчээ.
Нислэгийн явцдаа тус хөлөг “Europa”-ийн гадаргууд хамгийн багадаа 25.7 км орчим ойртож очих юм.
Хэдий тийм боловч дагуул дээр газардахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд 50 удаа тойрон нисэх аж.
Хэдийгээр эрдэмтэд дэлхийтэй илүү төстэй Ангараг гараг дээр амьдрал орших нөхцөл бий эсэх талаар судалгаанд төвлөрч ирсэн боловч NASA мөсөн гадаргуу доор нь асар том далай бий гэж үздэг “Europa”-ийг илүү боломжтой хэмээн тооцоолж, ийнхүү судлахаар болж байна.
"Дэлхийд байдгаас илүү их хэмжээний ус “Europa”-д бий. Ихэнх амьд биетийг тэтгэхэд ус шаардлагатай байдаг" хэмээн NASA-ийн “Europa Clipper” хөтөлбөрийн эрдэмтэн Аманда Нам өгүүлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх