Жуулчид, сонирхогчдын очиж үзэх дуртай, амьтан хамгааллын нийгэмлэгийн онцгой анхаарлын төвд байдаг, өдгөө Антарктидад амьдарч буй оцон шувууд (пингвин), яг үнэндээ оцон шувуу биш гэвэл та итгэх үү? Алдартай амьтан судлаач Анатоль Франс “Тэд бол маншотууд. Харин маншотуудыг оцон шувуу гэж нэрлэх юм бол жинхэнэ оцон шувууд ямар нэртэй байх хэрэг вэ?” Хэмээн халаглан өгүүлж байлаа.
300 орчим жилийн өмнөх харгис капитализм ид цэцэглэн хөгжиж байсан дэлхий дээр Европын хойд зүгийн уугуул нутгийнхны Гайерфугл хэмээн нэрийдэж асан хуруувчин хошуут (Great Auk) шувуунууд Арктикд амар жимэр амьдардаг байжээ. Тэд Атлантын далайн умард хэсгийн хоёр талын тэнгис, Исланд, Шотланд, Ирланд, Скандинаваас Франц, Испани хүртэлх гээд хаа сайгүй элбэг тархсан төдийгүй өвлийн цагаар тэнгис дамжин хөвж, арлаас арал руу нүүдэллэдэг, хавар зуны цагт Исландын эрэгт үй олноороо цуглардаг байв. Английн далайчид анх тэднийг олж үзээд далавч нь гүйцэт ургаж хөгжөөгүй, жад мэт хатуу байсныг тэмдэглэн үлдээсэн нь хатгуур жигүүр буюу Пинг-Винг (Ping-Wing) гэсэн нэрээр тэднийг дэлхий даяар нэрийдэхийн эхлэл байлаа. Мөн уугуул нутгийнхны он удаан нэрлэж заншсан Гайерфугл хэмээсэн нэр ч бас жад шувуу гэж орчуулагдах төдийгүй, ийнхүү Арктик, Антарктидын нисч чаддаггүй хоёр өөр шувууг ялган нэрлэхэд төвөггүй болж иржээ. Тийнхүү хожмоо яван явсаар тус нэр нь Пингвин (Penguin), монголчуудын хэлж заншсанаар оцон шувуу болж хувирсан түүхтэйг хүн бүр төдийлөн мэддэггүй ажээ.
Оцон шувуу нэр авсан хуруувчин хошуут нь гадна төрхөөрөө нөгөө тивд амьдардаг ижил төрлөө эрхгүй санагдуулам боловч, амьтан судлалын үүднээс ажиглахуйд яг ч тийм биш. Тэд хоёр хөлөөрөө хуурай газар ямар ч саадгүй шулуухан алхаж чаддаг, далавч нь хавьгүй муу хөгжилтэй учир усанд тунчиг маруухан сэлдэг, мөн хамгийн ноцтой нь арьсан доороо нэгдүгээр зэргийн өөх маш их хэмжээгээр агуулдаг байв. Гэвч энэ л түүнийг хөнөөж орхисон ажээ.
Далайчдын хөлөг онгоц ойртон ирэх үед хар буруу санахыг мэдэхгүй хуруувчин хошуутууд сониучирхан шохоорхож угтдаг байжээ. Харин түүний хариуд хүмүүс тийм ч зочломтгой байгаагүй бөгөөд саваа модоор зэвсэглэн дайрч, айдас хүйдэс, ичгүүр сонжуургүйгээр тэднийг хадан цохио руу шахан хөөж, хайр найргүй цохин алж эхлэв. Хүнд итгэх итгэлдээ хууртагдсан шувууд эв хавгүй мухар далавчаа хүлцэнгүйгээр дэвэн эргээр гүйлддэг байлаа. Лабрадорын шинжээч Жак Карьте болон түүний усан цэргүүд нэг өдрийн дотор мянга гаруй хуруувчин хошуутыг хэрхэн агнасан тухайгаа тэмдэглэн үлдээж, нөгөө эрэгт нь дөчин завийг дүүргэхүйц тооны шувууд бас амьд үлдсэнийг эргэж ирэн агнана хэмээсэн түүхтэй. Бас өөр нэгэн ахмад хуруувчин хошуутуудыг нүцгэн гараараа агнаж, хагас цагийн дотор хоёр завийг дүүргэж чадсанаараа сайрхсан удаатай. Ийнхүү хоруувчин хошуут хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй шуналыг хангагч болон хувирсан хэрэг.
Наполеоны дайны үед цэргүүдэд зориулсан мах олзворлох ажил эхэлж, арьсан дор нь байдаг нэгдүгээр зэргийн өөхөөр тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг компаниуд асар ихээр байгуулагдах болов. Улмаар 100 хүрэхгүй жилийн дотор дээр дурьдсан газар орчмын бүх хуруувчин хошуутыг хүн төрөлхтөн агнаж, устгасан билээ. Тэнгисийн шуурга эхлэж далайчид олзоо авахын тулд арал руу хүрэх боломжгүй болох үед эрэг дүүрэн үхсэн хуруувчин хошуутын овоо ялзран муудаж байсан баримтыг өдгөө харамсан халаглан дурсахаас өөр яалтай.
Хамгийн сүүлчийн хоёр хуруувчин хошуутын тухай үлдсэн нэгэн баримт бий. Тэдний амьдралын онцлог болсон цор ганц өндгөө дарахаар сүүлчийн хоёр хуруувчин хошуут тэнгисийн усаар хамтдаа хөвж, Элди-Рокагийн хадархаг эрэг дээр очоод байжээ. Харин зургадугаар сарын 3-ны өдөр цэвдэг сэтгэлтэй хэсэг далайчид энэ дэлхий дээрх хамгийн сүүлчийн жинхэнэ оцон шувууг агнаж орхисон байна. Тэр цагаас хойш дахиж нэг ч амьд хуруувчин хошуут хүний нүдэнд үзэгдээгүй бөгөөд, Америк тивд тэд бүр аль эрт буюу 1750-аад онд мөхөж дууссаныг олж мэдэв. Мөхөөж, устгасан хэдий ч хүн төрөлхтний шунал дууссангүй, хуруувчин хошуутын арьс, өд, мах зэрэг үлдэгдлийг хорин автомашины үнэд дүйцэхүйцээр үнэлж байлаа. Өнгөрсөн зууны сүүлчээр дэлхийн нийт музейнүүд болон сонирхогчдын хувийн цуглуулгад 79 арьс, 24 бүрэн араг яс, спиртлэсэн хоёр гулууз, 75 өндөг л хадгалагдаж байгааг бүртгэсэн байдаг. Гэвч тэдний хэд нь хуурамч, дуураймал гэдгийг хэн ч мэдэхгүй.
Хүн төрөлхтний өөрийн гараар устгаж, мөхөөсөн амьтдын төрөл зүйл айхавтар олон нь гунигтай. Гэвч өнөө цагийн оюун ухаант бүх хүн төрөлхтөн, байгаль дэлхийгээ аминчлан хайрлах, тэр дундаа өөрсдийн л нэгэн адил амьд амьсгаатай амьтан нэг бүрийн ирээдүйн төлөө санаа зовних, тэдний тухай мэдлэг мэдээллээ сайжруулах нь чухал үүрэг болж хувирсныг санууштай. Амьтад хэзээд ч хүний шунал, зорилго дор устаж байх учиргүй билээ.
Эх сурвалж: И.Акимушкин – Трагедия Диких Животных, Wikipedia.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх