Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнд хайртай байгаадаа өөрийгөө үзэн ядаж байна
Сайн байна уу? Намайг А гэдэг. Одоо ахлах ангийн сурагч [эр]. Би нэг охинд маш их хайртай юм л даа. Маш их бодогддог бас нийлж чадахгүйгээгээсээ болоод гунигладаг. Би уурласан эсвэл маш их сэтгэлээр унасан үедээ маш их хүч шаардсан дасгалууд хийж сэтгэлээ тайтгаруулдаг. Би ээж бас найзууддаа хэлж чадахгүй юм. Ийм байдалтай 2 орчим жил явлаа. Тэнэг сонсогдож магадгүй ч зүрх лүү хутга шааж байгаа юм шиг бас түүнийгээ сугалж чадахгүй тийм мэдрэмж төрдөг.
Энэ одоо өсвөр насны онцлог гэх үү аль эсвэл хайр биш зүгээр л шохоорхол уу? Би түүнийг хөгшин болсноор нь царай муутайгаар нь төсөөлсөн ч хайрлаж чадах юм шиг итгэл төрдөг. Харамсалтай нь тэр өөр хэн нэгэнд хайртай болов уу даа. Тэр намайг боддоггүй. Өмнө нь түүнтэй ойрхон, хамгийн сайн найз нь байсан ч үерхэл нөхөрлөлийн асуудлаас болоод бид зайгаа барьсан. Гэхдээ бүр харьцахгүй гэсэн үг биш л дээ. Найзуудын харилцаанд л байгаа. Би хайртай гэдгээ хэлмээр байгаа ч хэлж чадахгүй. Хайрламаар байгаа ч хайрлаж чадахгүй юм. Би бусад хөвгүүд шиг олон охинтой чатлаж, уулзаж, хаяж үзээгүй. Би өөрийгөө бусдаас арай чадварлаг, мэдлэгтэй гэж боддог. Даанч тэр охиныг хайрлаж чадахгүй юм.
Би түүнд хайртай бас үүнийгээ үзэн ядаж байна. Би зүгээр бэлтгэлээ хийгээд энэ бүх зүйлээ дараад байх уу эсвэл өөр ямар нэгэн арга хайх ёстой юу? Даанч тэр охиныг хайрлаж чадахгүй юм. Би юу хийсэн нь дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Чи түүнд сайн гэдгээ хэлбэл яг юу буруугаар эргэх вэ, алдах зүйл байгаа юу? Бодоод үзээрэй
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Хоёр жил гэдэг багагүй хугацаа. Хоёр жилийн турш хэн нэгнийг нууцаар хайрласан ямар ч хүнд чамтай адилхан мэдрэмж төрөх байсан болов уу. Тэр хүн нь яг хажууд байгаа ч өөрийгөө ойлгуулж чадахгүй байна гэхээр маш хэцүү санагдах байх. Гэхдээ чиний захидалд хэд хэдэн зүйл ойлгомжгүй байна.
1. Тэр охин чамайг боддоггүй гэдгийг чи яаж мэдэж байна вэ? Өөрөөс нь асуусан уу? эсвэл чиний таамаг юм уу?
2. Үерхэлийн асуудлаас болж хөндийрсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? тэр охин өөр хүнтэй үерхсэн гэсэн үг үү? хэрэв тийм бол арай чи сэтгэлээ илчлээгүйгээс болсон юм биш биз? Чамд бага зэрэг эрсдэл гаргах зориг дутаад байгаа мэт ажиглагдлаа. Чи түүнд сайн гэдгээ хэлбэл яг юу буруугаар эргэх вэ? Алдах зүйл байгаа юу? Түүнд сэтгэлээ илчлэх үү, үгүй юу гэдэг нь чиний сонголт. Хайр дурлал, дотно харицааны асуудалд ямар нэгэн дүрэм байдаггүй учир нөхцөл байдал яаж ч эргэж, өөрчлөгдөж болно. Магадгүй найзын нүдээр харж байсан тэр охин чамайг арай өөр нүдээр харах ч юм билүү. Хамгийн гол нь чи зориг гарган зориг гарган сэтгэлээ илчлэхгүй тэвчиж байгаа чинь энэ асуудал хаагдахгүй чамд асуултын тэмдэг болон, сэтгэл зовниход хүргэжээ. Тиймээс түүнд сэтгэлээ илчлэн “хэсэг бодож байгаад хариугаа хэлээрэй” гэж ойлгуулахад нь хамгийн зөв алхам байх. Чамд маш олон таамаг, асуултын тэмдэг байгаа шүү дээ. Тэр бүхнийг ойлгомжтой болгохын тулд ярилцаж мэдээлэл солилцоход л хангалттай. Нэг талаас бодвол тэр охин чамайг өөрт нь сайн гэдгийг мэдэхгүй энэ олон жил явна гэдэг нь шударга бус шүү дээ. Гэхдээ л сэтгэлээ илчлэх үү гэдгээ чи өөрөө шийднэ. Ямар ч байсан чи нэг шийдвэр гаргах хэрэгтэй. Эргэлзээ хүнийг их стрессдүүлдэг юм шүү.
Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Ундрал
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх