ЗАХИДАЛ: Хүсэл эрмэлзэл огт байхгүй, ирцээ бөглөж л өдөр хоногийг өнгөрүүлсээр...


ССҮТөв | YOLO.MN
2024-09-27

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

Захидал 1:

Юуны өмнө захидлыг минь хүлээн авч, уншиж буй танд маш их баярлалаа. Би 19 настай, эмэгтэй, Солонгост хэлний бэлтгэлд сурдаг. Ахлах сургуулиа төгсөөд гадаадад сурахаар бараг л 1-р ангиасаа бодож ирсэн. Өнгөрсөн жил сургуулиа төгссөнийхөө дараа л хаана сурах вэ гэдэг талаараа бодож эхэлсэн маань маш том алдаа болсон. Гэхдээ мэдээж gap year гэдэг зүйлийн давуу талыг судалсан байсан болохоор завларлага авангаа мэргэжил сонголт болон улс орны талаар судалж эхэлсэн юм.

Би хэд хэдэн оронд сурах хүсэлтэй байсан ч гэр бүлийн маань гишүүн Солонгос улсад амьдардаг байсан тул, мөн дээрээс нь маш олон хүүхдүүд сайн сурч ажиллаж сайхан амьдарч болж байгааг харсан учраас энэ жил энд ирсэн. (Хамгийн гол нь хурдан шиг л гадаад гарах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд). Мэдээж хэрэг хэлийг нь мэдэхгүй найз нөхөд байхгүй ч ядаж л гэрийнхэнтэйгээ амьдрана, алзахгүй байх гэсэн итгэлтэй ирсэн.

Харамсалтай нь санаснаар болсонгүй. Өдөр ирэх тусам итгэл найдвар бага багаар намайг орхин одов. Солонгосоор хэнтэй ч ярьж чадахгүй, хэлний хичээлээ мэрийж хийх хүсэл ч мөн байхгүй. Үргэлж л би буруу газраа байна, би одоо яах вэ? Би эндээс явлаа гээд өнгөрүүлсэн хугацаа, эцэг эхийн маань мөнгийг салхинд хийсгэсэн хэрэг болно гэж л бодогдож байна. Хүсэл эрмэлзэл огт байхгүй болсон. Гэрийнхний санааг зовоохгүйн тулд хийх ёстойгоо хийж, ирцээ бөглөж л өдөр хоногийг өнгөрүүлсээр. Хэн нэгэнтэй ярилцах талаар бодож үзсэн ч намайг ойлгох хүн байхгүй. Болохгүй байгаа юм чинь гээд бүхнийг орхиод буцлаа гэхэд би юу хийх билээ? Гэсэн бодол эргэлдсээр. За яахав, одоо эндээс өөр газар өөр сургуульд сурахаар төлөвлөе гэвч дахиад л нэг хоног, нэг сарыг яаж давж гарах вэ гэж бодсоор. Надад арай өөр сонголт гарч ирэх болов уу? Эсвэл би энд амьдрах хүсэл эрмэлзэлээ олох болов уу?

ЗӨВЛӨГӨӨ:

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгохыг хүсэж байна гэж ойлголоо. Солонгост очоод гэрийнхэнтэйгээ байх юм чинь алзахгүй байх гэж бодсон гэсэн байна. Алзахгүй гэдэг нь юуг илэрхийлж байгаа вэ? Очоод ямар байна гэж төсөөлсөн бэ? Захидлаас уншихад хүлээлт ерөнхийдөө эерэг байсан болов уу гэж санагдлаа. Хүлээлт өндөр байх нь эсвэл алзахгүй байх гэсэн хүлээлт нь бодит байдал дээр асуудал тулгарах үед даван туулахад бэрхшээлтэй санагдаж байж магадгүй юм. Шинэ орчин, шинэ хэл, шинэ хэв маяг гээд амьдралын өөрчлөлтийн үед хүн дасан зохицох гэж тодорхой хэмжээнд хямарч стрессдэг юм шүү. Солонгос очоод удаагүй байгаа гэж ойлголоо. Аливаа шинэ зүйлсэд дасахад хугацаа ордог ба хүн бүрийн хувьд дасан зохицох хугацаа нь өөр өөр байдаг. Зарим хүн хэдэн өдөр, сарыг зарцуулж байхад зарим хүн 1,2 жил ч болох тохиолдол бий. Гэхдээ юу ч хийлгүй хүлээнэ гэсэн үг биш юм шүү. Үйлдэл хийх буюу бусдаас тусламж авах хэрэгтэй. Гэрийнхэндээ огт хэлээгүй гэсэн байна. Заавал болих тухай биш өөрийнхөө сонирхол буурч байгаа талаар, хэцүү байгаа мөн энэ үед ямар арга хэмжээ авч болох талаар асууж ярилцах боломжтой юм шүү. Ингэх нь тайвшрахаас гадна өөр бусад арга, сэдэлтэй болох боломжтой юм шүү. Найзтай болсон уу? Аль болох найз нөхөдтэй болохыг хичээгээрэй. Мөн монголд байгаа найз нөхөдтэйгөө эсвэл өөр итгэж болох дотно хүнтэй онлайнаар ярилцаж байгаа юу?. Харилцаанаас битгий зайлсхийгээрэй. Харилцаанаас зайлсхийх тусам бид бодит байдал болон бодол төсөөллөө ялгахад хүндрэлтэй болж хэтрүүлэн боддог юм шүү. Шинэ хэл сурах нь ч гэсэн хүн бүрийн хувьд өөр цаг хугацааг зарцуулдаг. Зарим хүн хурдан сурдаг. Зарим хүнд хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс өөрийгөө битгий буруутгаарай.

Мөн гадаад явах зорилго нь юу байсан бэ? Ирээдүйн зорилго нь юу вэ? Хүн зорилго нь тодорхойгүй үед, хийж байгаа зүйл нь юунд хүргэх вэ? гэдэг тодорхойгүй учраас утгагүй санагдаж тууштай байхад хэцүү байх, сонирхолгүй байх тал бий. Тиймээс эхний ээлжид солонгост хамт байгаа гэрийнхээ хүнтэй ярилцах мөн би юунд хүрэхийн тулд энд байгаа вэ? буюу зорилгоо дахин нэг бодож эргэцүүлээрэй. Санааг нь зовоохгүй гэж ярихгүй байгааг нь ойлгож байгаа ч ярихгүй хэлэхгүй байх нь чамд улам л хэцүү байж магадгүй ба хэн нэгнээс тусламж аваад шийдэж болох байсан бол хэлээгүйгээс болоод тэр боломжит цаг хугацаа өнгөрчих магадлалтай. Ямар ч шийдвэр гаргаж болно. Гэхдээ тэр шийдвэр нь сэтгэл хөдлөлөөрөө биш, төлөвлөгөө, зорилгын дагуу гарч байвал тэр шийдэл болох боломжтой байдаг юм шүү. Дээрх асуултад хариулаад бодож үзсэн ч итгэж болох хэн нэгэнтэй ярилцаж үзсэн ч нэг л шийдэл олохгүй байна гэвэл сэтгэл зүйчтэй уулзаж ярилцаарай. Сүүлийн жилүүдэд онлайн зөвлөгөө авах боломж их болсон шүү.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг

Захидал 2:

Сайн байна уу.  Би 14 настай 9-р анги. Бусад хүүхдүүд шиг өөрийнхөөрөө нээлттэй байж чаддаггүй. Сурлага дундаж. Яаж өөрийгөө таньж мэдэж хөгжүүлэх вэ?  Мөн сурлагадаа яаж сайжрах вэ?

ЗӨВЛӨГӨӨ:

Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг өөрийгөө таньж мэдэх мөн хичээлээ сайжруулах хүсэлтэй байгааг ойлголоо. Өөрийгөө таньж мэдэх нь өсвөр насныхны хувьд адал явдал болон эргэлзээ дүүрэн аялал байдаг. Энэхүү аяллын туршид  чамаас багагүй хичээл зүтгэл шаардагдах бөгөөд бусдаас тусламж дэмжлэг авч байх нь чухал юм. Юуны өмнө  өөрийгөө таньж мэдэх нь өөрийн  хийх дуртай зүйлийг олохоос эхэлдэг. Үүний тулд дараах асуултуудад хариулаарай:

  • Чи юу хийхдээ хамгийн их баяртай байдаг вэ?
  • Ямар чадвараа хөгжүүлж одоо байгаагаас нь илүү сайжруулах боломжтой вэ?
  • Гэр бүл,найз нөхөд, ойр дотнын хүмүүс чиний ямар чадварыг /сайн харилцагч, дуулдаг, гарын эв  дүйтэй г.м / илүү магтаж урамшуулдаг вэ?

Ийнхүү  өөрийнхөө давуу тал болон өөрийн хийх дуртай сонирхолтой зүйлийг олох нь өөрийгөө хөгжүүлэх эхлэл болдог. Өөрийн сонирхол, хобби болоод цаашид сайжруулахыг хүссэн ур чадвараа илүү хөгжүүлэхийн тулд тухайн чиглэлийн /урлаг, спортын дугуйлан, илтгэл мэтгэлцээн, номын клуб г.м / дугуйлан, бүлэг хамт олонд нэгдэж болох юм. Энэ нь өөрийн ур чадварыг хөгжүүлэхээс гадна найз нөхдийн хүрээллээ тэлэх буюу хүсэл сонирхол нэгтэй шинэ найз нөхөдтэй болоход тусална.

Харин хичээлдээ сайжрахын тулд юун түрүүнд яг аль хэсгийг нь чадахгүй байгаагаа олох хэрэгтэй. Үүний дараагаар багшаасаа / эсвэл найзуудаасаа / тусламж авахыг зөвлөж байна. Ингэснээр ойлгохгүй, чадахгүй  байгаа зүйлээ илүү хурдан ойлгож нөхөж авч чадна. Үүний тулд чамаас тууштай хичээл зүтгэл шаардагдах бөгөөд эхний оролдлогоор чадахгүй байна гээд битгий шантраарай.  Хүн бүр өөрийгөө хөгжүүлж, суралцах боломжтой. Тиймээс өөрийн чадахгүй байгаа зүйлээ санаа зоволгүй хэлж бусдаас тусламж аваарай. Мөн аливаа зүйлийг сурахад бусдаас тусламж авахаас гадна олон удаагийн давтамжтай оролдлого болон хичээлээ давтах чухал юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан

 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу