#ЭЕШ800: Биологийн шалгалтын 800 оноот Б. Цацралын туршлага


О.Дорж | YOLO.MN
2020-06-29

Yolo.mn сайтаас бэлтгэн хүргэдэг #ЭЕШ800 цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгч Б. Цацрал оролцлоо. Тэрээр Биологийн хичээлийн ЭЕШ-д хэрхэн хамгийн дээд буюу 800 оноо авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. /Жич: Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдгийн адилаар хүн хүний сурах арга барил ч мөн ялгаатай байдгийг анхаараарай!/


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та ямар ямар хичээлээр ЭЕШ өгч, аль сургуульд орсон бэ?

- Би биологи, хими, математик, англи хэл гэсэн 4 хичээлээр ЭЕШ өгч, Монгол Улсын Их Сургуулийн Байгалийн ухааны салбарт элсэн орсон.

YOLOӨдөрт нийт хэдэн цагийг шалгалтдаа бэлдэхэд зарцуулж байсан бэ? Цагаа хэрхэн зөв хуваарилсан бэ? 

- Сургууль дээр байх үедээ багш нараасаа мэдэхгүй зүйлсээ асуух, давтлага авах зэргээр бэлддэг байсан. Харин гэртээ ирээд аль болох бүх цагаа шалгалтдаа бэлдэхэд зарцуулна. Гэртээ бэлдэхдээ хичээлтэй өдрүүдэд нэг өдөрт нэг хичээлийг долоо долоо хоногоор бэлддэг байсан. Харин амралтын өдрүүдэд 15 цагаас өмнө нэг хичээлээ, 15 цагаас хойш нөгөө хичээлээ бэлдсэн. Ингээд амралтын 2 өдөртөө шалгалт өгөх 4 хичээлээ бататгаж бэлтгэнэ. Гэхдээ хэдэн цаг зарцуулах бус хэр үр бүтээлтэй байх нь чухал шүү дээ. Ширээний ард үр бүтээлгүй суусан 3 цагаас төвлөрөөд мэдлэг олж авсан 30 минут хавьгүй дээр. 


YOLOТа Биологийн хичээлийн ЭЕШ-д 800 оноо авсан туршлагатай нэгэн шүү дээ. Тэгвэл энэ жил тус хичээлээр шалгалт өгөх гэж буй төгсөх ангийн сурагчид маань таны туршлагаас сонсохыг хүсэж байгаа байх. Бидэнтэй энэхүү шалгалтад хэрхэн бэлдсэн талаараа хуваалцаач. 

- 1. Байнгын бэлтгэл. Биологийн хичээл дээр нэг уншсан, сурсан зүйлээ дахин дахин уншиж сэргээж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Олимпиадын хувьд ч, шалгалтан дээр ч яг мэддэг юм шиг хэрнээ хариултыг нь санахгүй асуултууд элбэг тохиолддог. Иймд ямар ч мэдлэгийг өөртөө бүрэн, эргэлзээгүй суулгах хэрэгтэй.

2. Системтэйгээр судлах. Тухайн хичээлээ сэдэв сэдвээр нь ангилаад, хөнгөнөөс хүнд рүү судлах нь үр дүнтэй. Өдөр бүр өөр өөр сэдэв хольж уншаад байвал огт хамааралгүй зүйлсийг хамаатай болгож (ялангуяа нэр томьёог сольж цээжлэх), зарим сэдвүүдийн уялдаа холбоог буруу тогтоочих гээд байдаг эрсдэлтэй.

3. Бичлэг үзэх. Зарим сэдвүүдийг номноос дахин дахин уншаад нэг л ойлгохгүй, эсвэл амархан мартаад байвал бичлэгийг нь үзээрэй. Миний хувьд ДНX репликац, уургийн бионийлэгжил, эсийн хуваагдал зэрэг сэдвүүдийг анх сурч байхдаа л бичлэгийг нь үзчихсэн учраас номноос ерөнхий схем уншсанаас илүү хялбар, ойлгомжтой байсан.

4. Төвлөрөх. Бэлдэх хугацаандаа бүх анхаарал сарниулагчдыг /гар утас, зурагт г.м/ өөрөөсөө хол байлгаж, хийж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуулаарай. Миний хувьд дуу сонсонгоо, утсаа хажуудаа тавиад бэлдэх зэрэг үр бүтээмжгүй хичээллэсэн үе бий. Үүнээс болж бэлдээд л байгаа хэрнээ 30 минутад ажиллах тестийг 2 цагт хийх зэргээр цаг алдах тохиолдол их байдаг. 


YOLOЯмар ямар сурах бичиг, материалуудыг ашиглаж байсан бэ? 

- Биологийн хичээл дээр БСШУСЯ-наас гаргасан 7-11-р ангийн сурах бичиг бий. Гэхдээ 12-р ангийн сурах бичиг гараагүй, мөн ЭЕШ-ын тестүүдэд 12-р ангийн цөм хөтөлбөрөөс орсон байдаг тул бага зэрэг хүндрэлтэй байсан. Иймд өмнөх ангийн сурах бичгүүдээ сайн уншаад, 12-р ангийн цөм хөтөлбөрийнхөө дагуу өөрөө давхар судлаад явбал ЭЕШ тийм ч хүнд биш.

YOLOШалгалтаа бие даан бэлдэж байхад мэдэхгүй зүйл гарч ирвэл цааш явахгүй гацах үе тулгардаг. Энэ үеэ хэрхэн давдаг вэ?

- Мэдэхгүй зүйл гарахад хамгийн түрүүнд номноос хайж үздэг байсан. Бүр ойлгохгүй бол багш нараасаа асууна, эсвэл интернэтээс хайж үзнэ. Хөл хорио тогтоосон үед ойлгохгүй сэдвээ ажлын өдрүүдэд, ажлын цагаар багшдаа хандаад асуухад дуртайяа тайлбарлаж өгнө гэж бодож байна.


YOLOЭнгийн 1 өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? Өглөө сэрэхээс орой орондоо орох хүртэл? 

- Тухайн үед гэр бүлийнхэн маань надад шалгалтандаа бэлдэх хугацаа гаргаж өгсөн нь их дэмтэй байсан. Хамгийн гол нь нойр, хоолоо л зөв зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Өмнө нь шөнө сууж бэлддэг байсан ч миний хувьд өглөө эрт босоод бэлдсэн нь илүү үр дүнтэй юм билээ. Мөн хэрэгцээгүй зүйлд цагаа үрэлгүй, бүх цаг заваа аль болох шалгалтын бэлтгэлдээ л зориулахыг хичээсэн.

Цагийн хуваарийн хувьд өглөө хичээлдээ явахаас өмнө 30 минутаас 1 цагийн хооронд өмнөх өдрөө уншсан зүйлсээ бататгах цаг гаргадаг байсан. Гэртээ хариад хоол идэх, амрахдаа 30 минут гаргаж, үргэлжлүүлээд гэрийн даалгавраа хийж, шалгалтдаа бэлддэг. Харин орой 21 цагаас хойш цагаа зөвхөн гэр бүлдээ зарцуулдаг байсан. 

YOLOӨдөр тутам ямар хэвшлийг өөртөө бий болгосон бэ?

- Интернетийг хэрэгцээгүй зүйлд ашиглаж цаг үрэхээ багасгаж, бэлдэж байх үедээ зөвхөн хийж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуулж, аль болох цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээж эхэлсэн. Үүний үр дүнд өмнөхөөсөө илүү олон зүйл амжуулж, сэргэг, бүтээлч болж байгаагаа ажигласнаас хойш энэ хэвшлээ байнга хэрэгжүүлэхийг хичээж байна.


YOLOШалгалтдаа сэтгэл санаагаа хэрхэн бэлдсэн бэ? Шалгалтын өмнөх өдрөө хэрхэн өнгөрөөж байсан бэ? 

- Анхнаасаа ЭЕШ-д 800 оноо авна гэсэн зорилго тавьсан. Хэдэн мянган хүүхдүүд өгөөд, даваад л гардаг шалгалт учир өөрийгөө чадна гэж итгээд өөдрөгөөр бэлдэх хэрэгтэй. Шалгалтандаа хангалттай бэлдсэн гэж бодож байвал айх зүйлгүй шүү дээ. Шалгалт тухайн хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэгийг чинь л үнэлж байгаа учраас их сандарлаа гээд авах оноо чинь нэмэгдэнэ гэсэн үг биш. Мэддэгээ хийгээд, мэддэггүй асуултуудаа сайн бодож байгаад хариулахад л хангалттай учраас өөрийгөө аль болох тайван байлгасан. Өмнөх өдөр нь бүх сэдвүүдээ гүйлгэж уншаад, эргэлзээтэй, сайн санахгүй байгаа хэсгүүдээ бататгаж харсан. 

YOLOШалгалтын үеэр ямар арга барилаар ажилласан бэ? Мэдэхгүй асуулт гарч ирэхэд хэрхэн хариулж байсан гэх мэт. 

- Асуултын цаасаа нэг гүйлгэж хараад, эхнээс нь ажиллаж эхэлсэн. Нэг тест дээр 30 секундээс их хугацаа зарцуулахгүй байхаар төлөвлөөд, удаан бодож хариулах асуултуудыг тэмдэглээд, шууд хариулж чадах тестүүдээ бөглөсний дараа үлдсэн цагтаа тухтай бодож хариулсан. 


YOLOЮун дээр хамгийн их алдах боломжтой вэ?

- Биологийн хичээлийн шалгалт өгөх хүүхдүүд яг үүн дээр алдах магадлал өндөр гээд шууд хэлчих сэдэв сайн мэдэхгүй байна. Энэ бол тухайн хүүхэд шалгалтандаа хэр сайн бэлдсэнтэй шууд холбоотой. Харин тест бөглөх явцад хүүхдүүд мөр алгасаад, эсвэл давхар бөглөх эрсдэлтэй санагдсан. Иймд хэддүгээр асуултанд аль хариултыг нь сонгож байгаагаа сайн хянаж, анхааралтай байх хэрэгтэй.

YOLOТанд 800 авахад юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ?

- Олимпиадад оролцдог байсан маань миний давуу тал болсон. Гэхдээ ЭЕШ нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн мэдлэгийг л шалгадаг учраас цөм хөтөлбөрийн дагуу зөвхөн шалгалтандаа зориулж бэлдсэн маань их нөлөөлсөн. Үүнээс гадна багш нар, гэр бүл, найз нөхдийн маань дэмжлэг их тус болсон.


YOLOХөл хорио тогтоосон энэ үед ЭЕШ өгөх гэж буй сурагчдад хандан зөвлөгөө өгөөч.

- 1. Дээр дурдсанчлан зарим сэдвүүдийг бичлэгээр үзсэн нь илүү үр дүнтэй байдаг. 30 минут уншиж ойлгох зүйлийг 5-10 минутын бичлэгээр үзчихвэл цагаа хэмнэхийн зэрэгцээ сайн ойлгож тогтооно. Миний хувьд ихэнх ойлгомжгүй сэдвүүдээ Youtube-ээс анимэйшн хэлбэрээр үзчихдэг байсан.

2. Өмнөх оны ЭЕШ-ийн жишиг даалгаврууд дээр ажиллах. Яг шалгалтаа өгч байгаа мэтээр, хугацаатайгаар, хариултын цаасан дээр ажилласнаар шалгалтандаа дасаад, ЭЕШ-ын өдрөө сандрах нь харьцангуй бага байдаг. Мөн өмнөх оны жишиг даалгавр уудыг ажилласнаар өөрийгөө хэр түвшний мэдлэгтэй байгаа, аль сэдэв дээр илүү анхаарах хэрэгтэйгээ анзаарна. Өөрөөр хэлбэл алдаанаасаа суралцана гэсэн үг юм.

Ингээд ЭЕШ өгөх гэж буй бүх сурагчдадаа амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа.

#ЭЕШ800 #Ярилцлага