Мэргэжил сонгоё: СЭТГҮҮЛЧ Б.Эрдэнэчимэг


Т.Онон | YOLO.MN
2024-09-23

Yolo.mn сайт нь мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуусдаа дэмжлэг болох үүднээс мэргэжил болгоны төлөөллүүдтэй ярилцаж тухайн мэргэжлийн онцлог, давуу болон сул тал мэдээлэл өгөх цувралыг эхлүүлж байна.

Энэ удаа СЭТГҮҮЛЧ мэргэжлийг онцолж байна.

Салбартаа манлайлагч GoGo.mn сайтын редактор, сэтгүүлч Б.Эрдэнэчимэгтэй сэтгүүлч мэргэжлийн талаар ярилцлаа.  

-Сэтгүүлч хүн яг ямар ажил хийдэг вэ? 
Бид олон нийтэд болж буй үйл явдлын мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх үүргийн дагуу ажилладаг. Сэтгүүлч хүн нийгэмд болж буй үйл явдлыг олон нийтэд дамжуулах үүрэгтэй. Сэтгүүлчид дотроо олон төрөл байна. Мэдээ бичдэг, сурвалжилга, нийтлэл, асуудал хөндсөн эрэн сурвалжилсан материал бичдэгээрээ ялгарна.  

Сайт, сэтгүүл сонинууд текст хэлбэрээр мэдээлэл хүргэж байгаа бол телевиз видео хэлбэрээр хүргэж байна. Хэлбэр дүрс нь ондоо боловч бүгд олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх гэсэн нэг л зорилготой. Нэмээд хэлэхэд сэтгүүлч хүнд соён гэгээрүүлэх, нийгмээ түүчээлэх, зугаацуулах цэнгүүлэх үүргүүд байдаг. 

-Сэтгүүлч ямар ур чадварыг заавал эзэмшсэн байх хэрэгтэй вэ?
Ур чадвар ярихаас өмнө байгалиасаа сониуч, бүх юманд эргэлздэг, тэрслүү зантай байх ёстой гэж хэлмээр байна. Тэрслүү гэдэг нь нийгмийн тогтсон дүрэм журмыг шууд хүлээн авч, дагаж мөрдөхөөс илүүтэй асуудлыг өөр өнцгөөс хардаг байхыг хэлдэг. Чөлөөтэйгээр, зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлэх зан чанар их чухал гэж боддог.  

Бид олон нийтэд болж буй үйл явдлын мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх үүргийн дагуу ажилладаг. Сэтгүүлч хүн нийгэмд болж буй үйл явдлыг олон нийтэд дамжуулах үүрэгтэй. Нэмээд хэлэхэд сэтгүүлч хүнд соён гэгээрүүлэх, нийгмээ түүчээлэх, зугаацуулах цэнгүүлэх үүргүүд байдаг. 

Үүнээс гадна арван хуруугаар шивэх, компьютерын хэрэглээний программууд ашиглах гэх мэт энгийн чадварууд хэрэгтэй. Мэдээний сэтгүүлчид үйл явдлыг түргэн шуурхай дамжуулдаг бол сардаа нэг удаа хэвлэдэг сэтгүүлийн хувьд тойм, дүн шинжилгээ түлхүү бичих хэрэгтэй байдаг. Хэвлэл мэдээллийн ямар хэрэгсэлд ажиллаж байгаагаас хамаараад сэтгүүлчийн ур чадварууд  ялгаатай байдаг. 

Мөн хурдтай, мэдрэмжтэй, ажигч байх ёстой. 

- Сэтгүүлч мэргэжилтэй болоход ямар хичээлдээ одооноос анхаарах вэ? 
Намайг сэтгүүлч болж байхад монгол хэл, уран зохиол, нийгмийн хичээлд сайн хүүхэд сэтгүүлч болдог байлаа. Одоо монгол хэл, нийгэм, англи хэлний шалгалт өгдөг болсон. Хоёр жилийн дараа ЭЕШ өөрчлөгдөөд хамгийн багадаа таван хичээлээр шалгалт өгөх болчихлоо. Чи сэтгүүлч болох гэж байгаа бол яг эдгээр хичээлдээ сайн болох хэрэгтэй гэж хайрцагламааргүй байна. Яагаад гэвэл ажлын талбарт  гарахаар нэг өдөр улс төрчидтэй уулзана, маргааш нь эдийн засагчтай, нөгөөдөр антропологичтай уулзаж ярилцах шаардлага гардаг. Тиймээс бүх юмны суурьтай байхыг шаарддаг. Гэхдээ бүх талын мэдлэг шаарддаг гээд битгий шантраарай, ажил дээр гараад аяндаа сурдаг.

Дунд сургуульд чи  ямар мэргэжил сонгохоос үл хамаараад чиний заавал олж эзэмшсэн байх мэдлэгийг өгдөг. ЕБС-даа бүх хичээлийг өөрийн боломжоор судалж эзэмших хэрэгтэй. Яг сэтгүүлч болохыг сонгоод оюутан болбол логик, философи, антропологи гэх мэт хичээлийг сонгоорой. Өмнө нь хичээл сонгох, багш нараа сонгох боломж байгаагүй, одоо ийм боломжийг нээлттэй болгосон учраас улс төр, эдийн засаг гэх мэт олон мэргэжлийн хичээл үзээрэй, тэр дундаас би яг энэ чиглэлээр явах юм байна гээд өөрийгөө олоод авчихвал ажил дээр гараад цагаа хэмнэнэ.  

- Та энэхүү мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ?
Биднийг жаахан байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одооных шиг олон байсангүй. МҮОНРТ, ОХУ-ын ОРТ, сүүлд ахлах сургуульд байхад MTV нэвтэрч, мэдээлэл авдаг сувгууд бага байсан. Би багадаа МҮОНРТ-ын сэтгүүлч Гомбын Золжаргалын нэвтрүүлгүүдийг үзэх дуртай, тэр хүнийг шүтэн биширдэг байв. Хориод жилийн өмнөх зарим нэвтрүүлгүүдийг нь би одоо ч санадаг. Жишээ нь говьд очоод дотуур байрны нэг өрөөний гурван охинтой уулзаж, өрөөг нь харуулаад “Та гурав хаана хоол иддэг вэ, аль дэлгүүр ордог, юу худалдан авдаг вэ” гэх мэт ярилцсан гурван охины энгийн л түүх. Тэр гурван охины яриа, тэр дотуур байрны өрөөг би одоо хүртэл санадаг. Г.Золжаргал ах ард түмэн яаж амьдарч байна, тэр хүмүүс юунд санаа зовж, хүүхдүүд юу мөрөөдөж байна, архины хамааралтай гэр бүлийн хүүхдүүд яаж хохирч байна гэх мэт бүх зүйлийг газар дээр нь бодитоор л харуулдаг. Энэ хүн шиг л болъё, сэтгүүлч болъё гээд мэргэжлээ сонгосон.  

Технологи болон AI-с айж болгоомжилж, эсэргүүцэж, шүүмжлэхгүйгээр эерэг талаас нь харж туршиж, бүтээмжээ нэмэгдүүлж, цагийг хэмнэх зорилгоор хэрэглэж, турших нь зөв юм. 

- Орчин үед дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр зарим мэргэжлүүд ирээдүйд устана гэсэн таамаглал гараад байгаа. Энэ мэргэжил ирээдүйд устах болов уу? 
Сэтгүүлзүйн салбар инновац хамгийн бага хийгдсэн салбар гэж нэрлэгддэг. Бидний хэрэглэж байгаа камер гэх мэт техник тоног төхөөрөмж улам л авсаархан, овор хэмжээ нь жижиг болж, дуу дүрсний чанар сайжирч байна. 2019 онд Хятадын Синхуа телевиз хөтлөгчөө хиймэл оюун ухаанаар яриулж туршсан. Тухайн үед дэлхий нийт шуугьж, ингээд хөтлөгч мэргэжил байхгүй болох нь, хиймэл оюун ухаанаар орлуулчих юм байна гэцгээсэн. Үүнээс хойш 5 жил өнгөрөхөд хөтлөгч байхгүй болсон уу? 

1940-өөд онд телевиз анх үүсээд бусад орнуудаар тархахад тухайн үед кинотеатрууд хаагдах юм байна гэж яригдаж эхэлсэн. Кинотеатрууд байж л байна. Зарим тохиолдолд хүмүүсийн хүлээлт биелдэггүй шүү дээ. 

Технологи болон AI-с айж болгоомжилж, эсэргүүцэж, шүүмжлэхгүйгээр эерэг талаас нь харж туршиж, бүтээмжээ нэмэгдүүлж, цагийг хэмнэх зорилгоор болж  хэрэглэж, турших нь зөв юм. 

- Сэтгүүлч хүний жаргал болон зовлон юу вэ?
- Сайхан баяр жаргалтай үйл явдлууд эсрэгээрээ гэмт хэрэг хүн амины хэрэг ч юм уу ямар ч үйл явдал болсон цагдаа сэтгүүлч хоёр л хамгийн түрүүнд газар дээр нь очдог. Тухайн үйл явдлыг биеэрээ мэдэрдэг, анхны гэрч нь болдог.  

Хүний хамгийн баяр хөөртэй эсвэл зовж шаналсан бүхий л мөчүүдийг бид хуваалцаж, олон нийт рүү дамжуулдаг. Үйл явдлыг олон нийт рүү дамжуулахдаа сэтгэл хөдлөлөө хаяад зүгээр л болсон үйл явдлыг бичих ёстой. Заримдаасэтгэл хөдлөлдөө автах нь бий. Энэ нь эргээд харахаар алдаа байдаг.  

Мэдээллийг түрүүлж олж авах давуу тал байдаг. Үйл явдлыг газар дээрээс нь нүдээрээ харах боломж олдож байна. Би хамгийн сүүлд, өнгөрсөн зургаадугаар сард Эрдэнэс тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийг сурважилсан юм. Ажлыг гардаж хийсэн хүмүүс, үйлдвэр эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, зохион бүтээгчидтэй уулзаж ярилцахад урам зориг авдаг. 

- Мэргэжлийн онцлог
Саяхан би уул уурхайн салбарын нэг захиралтай уулзахад “Сэтгүүлч та нарын байгаа байдлын тусгал нь энэ нийгэм. Та нар нийгмийнхээ урд нь гарч алхахуйц хэмжээний боловсролтой байж чадаж байгаа юу” гэсэн юм. Сэтгүүлчид  нийгэмд нөлөөлөх хүчтэй зэвсэг гэдгээ дутуу ойлгох тохиолдол байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш хүчтэй. Бид хөгжих, өөрсдийгөө боловсруулах, урд нь гарч манлайлах, түүчээлэх үүргээ мартаж болохгүй. Чи зөвхөн дамжуулагч биш манлайлагч түүчээлэгч юм. 

-Энэ чиглэлээр аль улсад сурвал сайн боловсон хүчин болох вэ?
Хятад бол хаалттай, чөлөөт сэтгүүлзүйг дэмждэггүй. Цинхуа, Бээжингийн их сургууль бол өөр л дөө. Орос тийм ч тохиромжтой биш. Хамгийн олон сэтгүүлчийг хорьдог улсуудын жагсаалтад Хойд Солонгос, Хятад, Афганистан, Пакистан гэх мэт Исламын шашинтай улс орнууд ордог. Улс нь цаанаасаа сэтгүүлзүйн салбараа дардаг, хаадаг, улсууд байдаг. Европын орнууд, Америкт сурвал тохиромжтой болов уу.  

- Сэтгүүлч нар дунджаар ямар цалин авдаг вэ? 
1.5 саяас эхлэх болов уу. Манай салбарын цалингийн судалгааг сүүлийн үед хийгээгүй. Ковидын өмнө, 2019 онд Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгааагаар сэтгүүлчийн эхлэл цалин 750 мянган төгрөг байсан. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөлжөөд олон сайт шинээр байгулагдаж байгаа нь салбарт эерэг нөлөө үзүүлж байна.  

#мэргэжлээ сонгох #сэтгүүлч #сэтгүүлч мэргэжил