ЗАХИДАЛ: Би энэ нийгмийн нэг хэсэг биш үл үзэгдэгч шиг л санагддаг


ССҮТөв | YOLO.MN
2024-09-17

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

Захидал 1:

Сайн байна уу. Би хүнтэй ярилцмаар байгаа ч хэнтэй ярилцахаа мэдэхгүй байгаа учир энэ захидлыг бичлээ. Би 16 настай 11 р анги.  Би цаанаасаа л нэг уйтгартай, хүнтэй юу ярихаа ч мэдэх нь битгий хэл өөрийгөө ч мэдэхээ байчихдаг юм. Жишээ нь:
Би сургууль дээрээ хүнтэй юм ярьж чаддаггүй. Яагаад гэдгээ мэдэхгүй л юм хүнтэй ярих болохоор л үг гарч өгөхгүй, юу ярихаа мэдэхгүй зүгээр л тэнэг юм шиг гацаж түгдэрч үгүй бол өөрөө ч мэдэлгүй утсаа оролдоод байж байдаг.

Манай ангийхан нэгнийгээ илт дээрэлхэж бөөрөлхөөд байдаг хүүхдүүд бол биш л дээ. Найз нөхдийн хувьд багаасаа найзалсан ганцхан найзтай. Анги дээр тэр найз маань байхгүй л бол хэн ч биш мэт, бусадтай яриа ч өдөж чадахгүй, бусад ч надтай ярьдаггүй.  Хэн ярилаа гэхэд  эвгүй бас богинохоон яриа болоод л өндөрлөдөг гэх үү дээ.

Би хааяа энэ нийгмийн нэг хэсэг биш үл үзэгдэгч шиг л санагддаг. Өөр нэгэн асуудал гэвэл одоо байгаа ангийнхаа хүүхдүүдийг ихэнхийг нь багаасаа л мэднэ  /би багаасаа л хүүхдүүд намайг шоглож дээрэлхэхээр юу ч хэлж чаддаггүй өөртөө итгэл муутай, өөртөө их л арчаагүй, маанагдуу хүүхэд байсан учраас л өөртөө дургүй хүрдэг/.

Тиймээс найзалж нөхөрлөе, сургууль дээрээ анги дотроо олон найзтай болох гэхээр бүтэхгүй ч юм шиг, хичээл эхлэхээр ангийхантай яаж харьцах аргаа ч олохгүй байна. Гэхдээ сургуулаас бусад газар бол тийм биш, гэхдээ л хүнтэй хоёулхнаа удаан байх үед юу ярихаа мэддэггүй нэг л эвгүй, яг л амандаа даавуу үмхсэн мэт л бувтнадаг.

Энэ имэйл-г  уншаад миний асуудалд тохирох, шийдвэрлэхэд тус болох хариу илгээнэ гэж найдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ:

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж ярилцаж сурмаар байна гэж ойлголоо. Мэдээж хүн болгон адилхан нээлттэй, нийтэч, яриасаг биш шүү дээ. Зарим хүмүүс дотогшоо чиглэсэн, ярихаасаа илүү боддог онцлогтой байж болно. Энэ бол тухайн хүний онцлог болохоос сул тал гэсэн үг биш юм шүү.

Харин харилцаа бол ур чадвар юм. Ур чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг. Харилцааны тухай богино зөвлөмж хүргэж байна. Харилцааг үгэн болон үгэн бус харилцаа гэж хуваадаг. Үгэн харилцаанд мэдээж ямар үгийг сонгон ашиглаж байна вэ? хэр баялаг үгийн сантай вэ? гэдэг чухал. Тиймээс ном унших, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх нь ярианы сэдвийг нэмдэг юм шүү. Өөрийнхөө сонирхдог зүйлийн талаар ч илүү гүнзгий судлах боломжтой.

Харин үгэн бус харилцаанд бидний харц, дуу хоолойны өнгө, бие болон нүүрний хэлэмж ордог. Үгэн бус харилцааны хамгийн чухал хэсэг нь харц. Харц хаана байна тэнд анхаарал байдаг. Тиймээс хүнтэй юм ярьж байгаа үедээ өөр зүйлс рүү биш зөвхөн тэр хүн рүү харж ярих нь чухал юм. Бид харахгүй байсан ч сонсож байна гэж боддог ч харц өөр чигт байгаа үед бид тухайн ярианы 50 хувь орчмыг л ойлгох магадлалтай. Дуу хоолойны өнгө мөн л харилцаанд чухал үүрэгтэй. “За” гэдэг үгийг ямар хоолойны өнгөөр хэлэхээс шалтгаалаад бүгд өөр утга агуулдаг гэдгийг мэднэ шүү дээ. Тиймээс тодорхой, ойлгомжтой, бүтэн өгүүлбэрээр, тод хоолойны өнгөөр ярихыг хичээгээрэй. Ярьж байхдаа ярианы төгсөлд дуу хоолойны өнгө сул болох нь өөртөө итгэлгүй харагдуулдаг шүү.

Мөн харилцаа чанартай, сонирхолтой байхад асуулт асуух маш чухал. Асуулт бидний яриаг илүү баялаг болгодог бөгөөд нэгнээ таньж мэдэхэд тусалдаг. Хамгийн зөв асуултын хэлбэр бол нээлттэй асуулт юм. Нээлттэй асуулт нь дэлгэрэнгүй хариулах, яриаг үргэлжлүүлэхэд хамгийн тохиромжтой. Жишээ нь: Сэтгэл санаа нь ямар байна вэ? Юунаас болж гуниглаж байна вэ? Юу хийхийг хүсэж байна вэ? Аливаа зүйлсийн талаар юу гэж боддог вэ? гэх мэт. Нээлттэй асуулт нь бусдыг таньж мэдэх, бусдыг ажиглах, бусадтай харилцаагаа сайжруулахад тусалдаг. Харилцаа бол туршлага дээр үндэслэн сайжирдаг ур чадвар юм. Харилцаж байж харилцаж сурна. Ярьж байж ярьж сурна. Алдаа гаргаж болно. Эвгүй санагдаж магадгүй, буруу юм ярьж магадгүй. Гэхдээ тэгж ярьж байж юу нь болж байна вэ? юуг сайжруулах хэрэгтэй байна вэ? гэдгийг мэдэх боломжтой юм шүү. Туршаад үзээрэй. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал 

Захидал 2:

Сайн байна уу. Би энэ жил IT-н мэргэжлээр сурах гэж байгаа юм. Тэгээд одоо солонгос одуудын баримт хөтлөх сонирхолтой. Түүгээрээ website нээж нийтлэл бичвэл цагийн ажил хийхгүйгээр гайгүй явчихаж чадах болов уу? Хэр сайн бичихээсээ шалтгаалах ч зүг чиг байдаггүй ээ. Хариулаад өгөөрэй. 

ЗӨВЛӨГӨӨ:

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд сонирхлоороо өөрийн сонгосон  мэргэжилтэйгээ холбоотой юм хийх гэж байгаа нь сайн байна. Цагийн ажил хийхгүйгээр веб сайт ажиллуулж орлого олох бодолтой байгаа юм байна гэж ойлголоо. Хэрвээ тийм бол өөрийн нөөц боломж, цаг хугацааг маш сайн төлөвлөж, тооцоолоорой. Харин яг юу бичих, яаж бичихтэй холбоотой эргэлзээ байгаа бол өөрийн хийх гэж байгаа зүйлстэй холбоотой мэдээлэл цуглуулж ижил төрлийн зүйл хийдэг хүмүүсээс туршлага судлаарай. Дээрх захидалд сэтгэл судлаач гэхээс илүү энэ талын туршлагатай хүнээс асуух, өөрөө сайн судлах нь чухал юм шүү. Жишээ нь веб сайт ажиллуулаад хэдэн төгрөгийн орлого олох боломжтой вэ? Хүмүүсийн сонирхлыг хэрхэн татах вэ? Веб сайтын ерөнхий загвар ямар байвал хүмүүсийн анхаарлыг татах вэ? гэх мэт асуултуудын хариултыг энэ чиглэлээр туршлагатай хүнээс олж аваарай. Мөн өөрөө туршиж үзэж байж яаж бичих, ямар чиглэлээр бичих нь тохиромжтой байна вэ? мөн юуг сайжруулах хэрэгтэй вэ? юунд анхаарах вэ? гэдгээ харах боломжтой болох болов уу. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

#захидал #захидлын хариу