“Гэхдээ би зүүдэллээ гээд чам шиг цөлөөр туучих тэнэг биш!”
Эрээд байсан эрдэнэсээ тэр ингэж л олсон түүхтэй…
12 нас хүрдэг тэр нэгэн жил өдөр алгасалгүй мөрөөдөн байж өөрийн гэсэн киндлтэй болж билээ. Хувь хүнээс худалдаж авч байсан болохоор бас нэмээд дагалдах үйлчилгээ ч гэх үү киндл маань дотроо 800 гаруй номтой ирж байсан юм (одоо бодоход хулгайн номнууд). Ингээд нэг хэсэг киндлээ өөрөөсөө ч салгахаа болилоо. Ер нь л шөнө болгон тэвэрч унтаастай.
Тэгж янз бүрийн номнууд дунд тэнүүчилж яваад Алхимич-ийг олж, бүтэн 15 цагийн галт тэргийн аялалын турш уншиж байж дуусгаж байснаа санадаг юм.
Зүүд, эрдэнэс, элсэн цөл, цац суварга, хувь тавилан, хүсэл мөрөөдлөө дагах…
Бараг л өгүүлбэр бүрийг нь дахин давтан уншиж дуусгачхаад төгсгөлд нь зөндөө олон асуулт асуумаар ч юм шиг, гэхдээ яг асуух гэхээр юу асуухаа мэдэхгүй ч юм шиг гацаад дуусч билээ.
Харин 5 жилийн дараа эргэн нэг уншлаа. Энэ удаа яг худалдаж аваад уншив.
Хүн бүр өөр өөрсдийн амьдрал дахь хоньчин.
Хүн бүр алт эрдэнэс зүүдэлдэг.
Гагцхүү хүн бүр зүүдэллээ гээд ижил дасал болсон хонинуудаа орхиод цөлөөр туучих “ТЭНЭГ” биш ажээ. Иймийн учир ихэнх хүмүүсийн алт эрдэнэс зөвхөн зүүдэнд нь оршдог. Нандин эрдэнэсийн төлөө явах дуудлага сонсогддог ч түүний төлөө явах аялалд саад болох дуу авиаг бид өөрсдөө бүтээдэг. Тэрхүү дуу авиа хүнийг тухтай бүс хэмээх газраас алхам ч холдуулахгүйг хичээнэ.
Тухтай бүс нь нэр шигээ тийм ч тав тухтай газар биш. Энэ газраас гарахын хэцүү нь тухтай бүхэн хүнд аз жаргал бэлэглэж, сайхан мэдрэмжүүдийг төрүүлдэгтээ бус, ердөө танил дасал учраас л тухтай байдагт оршино. Тухтай бүс бүрт сайн сайхан зонхилдоггүй ч тухтай бүс бүр аюулгүй гэдгээрээ нэг цэг дээр огтолдог аж. Бүх зүйл тодорхой, ямар нэг шинэ зүйл рүү өнгийх, турших шаардлагагүй нэг тийм аюулгүй орон зай.
Гэхдээ тэр танил дотно орон зайд зүрх сэтгэл эзгүйрч, арай утга учиртай гэх зүйл рүү тэмүүлэх нь олонтаа.
Юлий Цезарь нэгэн цагт “Хэрэв чи арлыг эзлэхийг хүсэж байвал арал руу унаж ирсэн завиа шатаа” хэмээн хэлсэн гэгддэг. Үүний адилаар өнгөрсөн бүхэн рүүгээ буцаад явах амархан гэгч сонголтыг өөртөө үлдээлгүйгээр Сантъяго зүрх шулуудан эрдэнэсийн эрэлд гарсан.
Сантъягогийн завь, тав тух нь түүний хонинууд байсан билээ.
“Энэ дэлхийн хүн бүрд өөрт оногдсон эрдэнэс гэж бий. Хүмүүс түүнээ олж авах хүсэлгүй байдаг болохоор зүрх чимээгүй байдаг.
…зүрх сэтгэлийн дуу улам намжина. Зүрх сэтгэлийн шивнээ тасрахгүй ч хүний чихэнд хүрэхээ болино.”
- “Алхимич” номоос
Заримдаа бид гадны ямар нэг хоолой, заавар зөвлөгөө, урамшуулал огт шаардлагагүйгээр хаашаа явмаар байгаагаа “зүгээр л” мэддэг юм шиг. Үнэхээр тэр дуудлага нэгэнт сонсогдож эхэлсэн цагт түүнд итгэх зоригтой байх хэрэгтэй юм шиг.
Эгч минь надад хэлдэг байсан юм. “Зоригтой байна гэдэг нь юунаас ч айхгүй байх тухай биш, айсан ч хийхийг хүссэн зүйлээ ямар ч байсан хийх явдал” гэж. Зүрх сэтгэлийн луужин хаа нэг зүг рүү заагаад эхэлвэл тэр зүг рүүгээ зориглох аян зам нь хүртэл чиний төлөө дурайдаг гэдгийг энэ ном дээрх дэндүү олон жишээнээс ойлголоо.
“Хүсэл мөрөөдлөөсөө алхам ч атугай холдвол зүрх минь чи базлан сануулж байгаарай.” -Сантъяго
Эрээд байсан эрдэнэс нь хажууд нь байсныг мэдэлгүй Сантъяго юутай ч цөлийг туучиж, болорын лангууг босголцож, харийн хэлд ч суралцаад авсан.
Харин эцэст нь “Би зүүдэллээ гээд чам шиг цөлөөр туучих тэнэг биш!” гэж зэмлэсэн нэгэн ухаантны ачаар тэр цөлөөр туучсаныхаа шагналыг авна гэж хэн санах билээ.
М.Анужин
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх