Бид өмнөх нийтлэлээрээ Франц болон Япон өсвөрийн сурагчдын талаарх мэдээллийг хүргэсэн билээ.
Энэ удаад та бүхэнд Европын холбооны улс болох ХБНГУ-ын Өсвөр үеийн хүүхдүүдийн талаар мэдээлэл хүргэе. Мэдээж аль ч улсын хүүхдүүдийн хувьд сургууль дээрээ жилийн ихэнх өдрийг өнгөрүүлдэг учраас Германы боловсролын тогтолцооны талаарх ойлголтыг товч хүргэе.
Хичээлийн шинэ жил Монголын адил 9-р сард эхэлж 6-р сард дуусах ба сургуульд мөн л адил зургаан настайгаасаа эхлэн орно. Бага ангийн боловсрол Германы ихэнх мужуудад дөрвөн жил үргэлжилдэг ба 5-р ангид орохоос нь өмнө эцэг эх, асран хамгаалагч нар нь багшийн хамт хүүхдээ цаашид ямар дунд сургуульд өгөхөө шийддэг.
ДУНД СУРГУУЛИЙН ШАЛГАЛТДАА ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД ДИПЛОМТОЙ ТӨГСДӨГ
Дунд сургуульд голчлон 5-р ангиасаа орох ба ямар төрлийн дунд сургуулиас хамааран хүүхэд 10-р анги эсвэл 12-р анги төгсөнө. Манай улсаас ялгаатай нь Германы дунд сургууль үндсэн гурван төрөлд хуваагддаг. Хүүхдийн цаашдын ирээдүйг шийдэж байгаа учраас эцэг эхчүүд нь багштай нь сайтар ярилцаж хүүхдээ ямар дунд сургуульд өгөхөө шийднэ.
“Хауптшуле” буюу Үндсэн дунд сургууль нь 5-9 дүгээр эсвэл 5-10 дугаар анги хүртэл үргэлжилнэ. Сургуулийн хөтөлбөрт хөдөлмөрийн хичээл голчилдог ба энд цаашид худалдаа наймаа болон үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй хүүхдүүд сурдаг. Мэргэжил олгох хичээлээс гадна сурагчид хагас цагаар цехэд дагалдангаар ажиллах нь бий. Сургуулиа төгссөний дараа сурагчид хоёр жилийн мэргэжил олгох сургалтад хамрагдах боломжтой юм. Хауптшулэг гэхдээ нийт сурагчдын цөөн хувь нь л сонгодог аж.
“Рэалшулэ” буюу жинхэнэ дунд сургуульд ерөнхий боловсролын болон мэргэжлийн хичээлүүд аль аль нь орох ба сургалт нь 5-аас 10-р анги хүртэл үргэлжилнэ. Германы нийт сурагчдын 40 орчим хувь нь жинхэнэ дунд сургуульд суралцдаг байна. Жинхэнэ дунд сургуулийг төгсөгчид дипломтой төгсөх ба цаашлаад гимназид сурч төгсөх эсвэл мэргэжлийн дээд сургуульд сурах боломжтой аж.
Их сургуульд сурч дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүүхдүүд "Гимназ"-ийг сонгоно. Гимназид суралцаж буй мужаасаа хамааран 5-12 эсвэл зарим тохиолдолд 13-р анги хүртлээ суралцах ба энд илүү онолын, академик талын хичээлүүд зонхилдог. Гимназид суралцагчид заавал хоёр гадаад хэл үзэх ба тоо, шинжлэх ухааны хичээлүүдийг илүү гүнзгийрүүлэн үздэг.
12-р ангиа төгсөхдөө сурагчид аман болон бичгийн шалгалт өгдөг ба шалгалтандаа тэнцсэн тохиолдолд Abitur буюу бүрэн дунд боловсролын дипломтой төгсөх юм.
Хичээл өглөө 8 цагаас эхэлнэ. Хүүхдүүд сургууль руугаа ихэнхдээ алхаж, дугуй унаж эсвэл нийтийн тээврээр очдог. Нэг хичээл 45 минут үргэлжлэх ба дундаа 5-20 минутын завсарлагатай байдаг. 10-11-р ангид Тоо, Герман хэл, Англи хэл, Франц эсвэл Испани хэл, Биологи, Хими, Түүх, Газар зүй, Нийгмийн ухаан зэрэг хичээлүүд ордог. 12-р ангидаа сурагч Гадаад хэл Уран зохиол/Соёл урлаг, Нийгмийн ухаан, Тоо/Шинжлэх ухаан гэсэн гурван чиглэлийн аль нэгийг сонгон суралцдаг байна.
Бага дунд сургуулийн хичээл ихэнхдээ өдөр 13-14 цагийн хооронд дуусдаг учраас Германы сургуулиудад өдрийн цайны цаг гэж байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Германы зарим сургуулиуд цайны газартай болж, сурагчдад халуун хоолоор үйлчилж эхэлсэн байна.
Дүн тавихдаа 1-6 хүртэл тоогоор дүгнэнэ. Хамгийн сайн нь 1 оноо, муу нь 6 оноо. Багш ихэнхдээ бол 1 оноо тавих нь маш ховор байдаг байна. Түүнчлэн хичээлүүд дээрээ хангалтгүй оноо авсан сурагч улиран суралцах тохиолдол ч бий.
Германд сургуулиуд хоёр семестр хичээллэдэг ба хоёр семестрийн хооронд хоёр долоо хоног амрах ба зуны амралт нь зургаан долоо хоног үргэлжилдэг.
Германы ихэнх сургуулиудад дүрэмт хувцас өмсдөггүй. Хичээл тарсны дараа сурагчид гэртээ очин өдрийн цайгаа уудаг байна. Өдрийн цайны дараа хүүхдүүд хөл бөмбөг, бейсбол, хоккей, сагсан бөмбөгийн зэрэг спортын эсвэл хөгжмийн, гэрэл зургийн зэрэг урлагийн дугуйлангуудад хичээллэдэг. Дугуйланд явдаггүй нэг нь гэртээ гэрийн даалгавраа хийнэ.
Дугуйлангаа тараад ихэнх нь завтай болох учир ангийнхан эсвэл найзуудтайгаа цагийг өнгөрүүлнэ. Хүүхдүүд хамтдаа дэлгүүр хэсэж, зайрмаг идэж, найзынхаа гэрт зочилж, мөсөн гулгуурын талбайд гулгаж, кино үзэж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Германы өсвөр насныхан Америкийн хүүхдүүдийн адил хувцасладаг ба сонсдог, шүтдэг хамтлаг дуучдынх нь ихэнхийг өөрийн улсын гэхээс илүүтэй Америкийн уран бүтээлчид эзэлдэг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх