Apple компани анхны хиймэл оюун ухаантай iPhone-оо танилцуулна


Т.Онон | YOLO.MN
2024-08-27

Apple компани дараагийн томоохон арга хэмжээнийхээ товыг зарлаж, iPhone 16-г танилцуулах гэж байна.

Есдүгээр сарын 9-ний даваа гарагт тус технологийн аварга компани "It's Glowtime" гэсэн нэртэй тусгай арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ Apple Park дахь Стив Жобс театрт өглөөний 10 цагт болох бөгөөд онлайнаар цацагдана. Хэдийгээр "glowtime" гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй байгаа ч хиймэл оюун ухаан нь хамгийн сүүлийн үеийн iPhone -ны гол онцлог байх төлөвтэй байна.

6-р сард Apple компани жил бүр зохион байгуулдаг Дэлхий даяарх хөгжүүлэгчдийн бага хурлаар iPhone-д зориулсан хиймэл оюун ухааны хэд хэдэн боломжуудыг зарласан. Тус компани "Apple Intelligence"-ээр ажилладаг анхны багц хэрэгслүүдийг толилуулсан бөгөөд үүнд эзэмшигч хүндээ тохируулсан Genmoji буюу Apple-ийн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эможи багтаж байгаа. Таны цагийн хуваарь, таны имэйлд юу байгаа болон таны хайртай хүний ​​нислэгийн талаарх асуултуудад хариулж чадах илүү ухаалаг Siri –г ч бас олон нийтэд танилцуулна.

Хэдийгээр iPhone 15 Pro Max хэрэглэгчид хиймэл оюун ухааны зарим функцэд хандах боломжтой ч удахгүй гарах iPhone 16 нь хиймэл оюун ухаанд бүрэн зориулагдсан анхны төхөөрөмж байх төлөвтэй байна.

Тус бага хурал дээр Apple мөн ChatGPT бүтээгч OpenAI-тай хамтран ажиллахаа зарлав.

Apple-ийн хиймэл оюун ухаан руу орох зам нь компанийн виртуал туслах Siri-гээр дамжих магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Siri-г OpenAI-ийн хамгийн сүүлийн үеийн ChatGPT-4 загвартай хослуулснаар туслах ажилтан хэдэн жилийн өмнө авсан зургаа эргэн санах, илүү тодорхой мэдээлэл өгөх, цаашлаад хэрэглэгчийн сонголт, зан чанарыг мэдэх боломжийг олгоно.

Эх сурвалж: CNN

#iPhone 16 #It's Glowtime